М.Энхболдыг чөлөөлж, оронд нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсноос бусдаар төр дээд төвшиндөө тогтуун жил байлаа. Засгийн газрыг огцруулах операци өрнөсөнгүй, сайд нарыг “шүд сугалах” гэж тэвдүүлсэнгүй. УИХ-ыг тараах санаачилгыг улсын Ерөнхийлөгч, эсвэл өөр субьектээс идэвхтэй дэвшүүлсэнгүй. Төрийн гурван өндөрлөг үзэл бодол нийлж, үйл хэргээ нэгтгэсэн жил байсан гэхэд болно. Гэхдээ энэ нь улс төр аядуу тайван байсан гэсэн үг биш. Гадаадад дипломатууд сахилга бат алдаж, дотоодод гишүүд толгой дараалан гэмт хэрэгтэн болох шахлаа. Улс төрийн зүтгэлтэн Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан бол өдгөөгөөс 21 жилийн өмнө өөд болсон өөр нэгэн төрийн зүтгэлтний аминд халдсан хэрэг хамгийн их анхаарлын төвд орсон жил байв. С.Зоригийн хэргийн эргэн тойронд ял авсан хүн гэрч болж, яллагдагч нь гэмт хэрэгтэн болсон хачин үзэгдэл Монгол оронд өрнөв. Гэхдээ Монголын улс төрийн амьдрал дандаа бараан байсангүй. Дөрвөн ч парламентын зорилго болоод байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын ард энэ удаагийн УИХ гарч чадсан нь энэ жилийн онцлох үйл явдал яах аргагүй мөн. Ийнхүү төр тогтуун ч түшээд тонгочсон улирч буй 2019 оны үйл явдлуудыг онцоллоо.
Улс төрийн тогоонд бөмбөг тэслэх шахсан уул уурхайн лицензүүд
Уул уурхайн компаниуд хүндхэн жилийн ард гарч байна. Байгалийн баялгийг олигархуудаас хураан ард түмэнд өгнө гэсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн араас Салхитын мөнгөний орд, “Сауд Гоби Коал Транс”-ын нүүрсний ордын тусгай зөвшөөрлүүд, Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн алтны шороон ордуудын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгов. Урьдчилсан байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй 2900 орчим тусгай зөвшөөрлийг шалгаж, “но” илрүүлэх үүрэгтэй Ажлын хэсгийнхний хийсэн судалгаагаар бараг 20-30 хувь нь бүдэрсэн гэдэг. Харин уул уурхайн салбар дахь энэ ажиллагаа улс төрийн тогоонд “бөмбөг” болон тэсрэх магадлалтай тул “но”-той бүхэн рүү ноцож чадсангүй. 2019 онд ашигт малтмалын 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтын лиценз байсан юм. Гэхдээ үр дүнд нь цуцлагдсан лиценз бүхий талбайнууд руу нутгийн иргэд, нинжа нар дайрч эхэлсэн. Тэднийг хувин, хүрз барьсан хүмүүс гэж эндүүрэв. Тэд уулыг нурааж, усыг ч эргүүлж чадах хүнд машин техникээр өвч бүрэн тоноглосон “мэргэшсэн” нинжа нар билээ.
Гишүүд парламентийн нэр хүндийг түүхэнд байгаагүйгээр унагав
УИХ-ын гишүүд парламентын нэр хүндийг Монголын түүхэнд байгаагүйгээр гутаасан бараан он шувтарч байна. УИХ-ын хоёр ч гишүүн садар самууны хэрэгт холбогдож, Д.Гантулга ял авч шоронд орсон нь оны онцлох хар толбо. Үүн дээр парламент ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг шалгах Ерөнхий прокурорын хүсэлтийг үл ойшоож, улайран хамгаалсан нь УИХ-ын нэр хүндийг харлуулсан онцгой хар үйл явдал байв. Тэдний араас 40 гаруй гишүүн тус сангаас “хамаатан”-даа болон өөртөө зээл авсан шуугиан дэгдэж, зарим нь хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан нь иргэдийн итгэл рүү “ус цацсан” бүр ч увайгүй явдал болов. Энэ хэрэгт сайд асан Б.Батзориг буруутай гэдгээ хүлээж, бусдынхаа өмнөөс бүрэн эрхээ түдгэлзүүлэх санал болон ялын тогтоолоо хүлээж сууна. Нэг санг цөлмөсөн дуулиан намжаагүй байхад УИХ-ын гишүүдэд хамаатай олон хуулийн этгээд ХЭДС-гаас зээл авсан шуугиан дэгдэж, сайдаар ажиллаж асан бас нэгэн гишүүн яллагдагчаар татагдсан нь УИХ-ын нэр хүндийг бүр ч шороотой хутгав.
Төрийн оронд амиа алдсан Г.Батхүүгийн хэрэг замхрав
АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордны нэгдүгээр давхарт учир битүүлгээр амиа алдсан нь олон нийтийг цочирдуулав. Тэрбээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгчийн хувиар олон улсын авто уралдаан зохиох хуралд оролцож яваад ийн амиа алдсан юм. Түүнийг хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёрдугаар давхарт МАН-ын гишүүдтэй таарч заримынх нь өрөөнд саатсан гэх мэдээлэл бий. Тухайн үед болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би. Тэр үед манай өрөөнд орж авто спортын холбооны талаар ярилцсан” хэмээн хэлснээрээ хардлагын гол бай болоод байна. ЦЕГ хэргийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй ч “тархинд цус харвасан, нүүрэнд гавлын ясны цууралтын улмаас хөхрөлт үүссэн” гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Түүний амиа алдсан шалтгааныг үнэн зөв тодорхойлох хүсэлтийг АН-ын удирдлага, ар гэрийнхэн нь хүсэж ОУПХ-ны хүний эрхийн хороонд хандаад буй билээ.
Монголын дипломатчид улсынхаа нэрийг Европт хараар тамгалав
“Цагаан тахал” хэмээн дэлхий нийтээрээ нэрлэж, тэмцлээ улам эрчимжүүлж байгаа энэ цаг үед мансууруулах бодис тээвэрлэн борлуулах ажилд манай дипломатчид толгой дараалан холбогдсон нь 2019 онд Монгол Улсыг Европ тивд хараар будлаа. Туркийн Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг герион албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хил, гаалийнханд баригдан, шүүх хурал нь өдийд үргэлжилж байна. Дээрх хоёр хүнээс гадна ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын эрх бүхий ажилтан М гэгч хэдэн сарын өмнө ХБНГУ-ын хууль сахиулах байгууллагынханд мөн саатуулагдан шалгуулж буй мэдээлэл батлагдаад буй. Тэрбээр бас л багагүй хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан.Улсаа төлөөлөн гадаадын улс оронд сууж буй албан тушаалтнууд мансууруулах бодисын хууль бус наймаанд донтож, дипломат эрх ямба, эд зүйлээ ашиглан хүчин зүтгэж буй нь харамсалтай.
Яллагч, яллагдагч талуудын байр солигдсон нь
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содном-даржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийт гэсэн билээ. Гэвч 2019 он гарахаас хэдхэн хоногийн өмнө Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, энэ талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид захидал хүртэл бичсэнээр уг хэргийн учиг зангилаа нь олдохгүй үйл явдлууд энэ жилийн турш өрнөлөө. Улмаар Ц.Амгаланбаатар гэрч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогч болон харин Тагнуулын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, тэр дунд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн яллагдагч болон хувирсан нь шүүхийн түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл болов. Тэднийг бусдыг эрүүдэн шүүсэн, уг ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэрэг тулгаж, шүүх ажиллагаа эхэлсэн. Одоогоор нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа энэ асуудалд Олон улсын парламентын холбоо ч анхаарлаа хандуулж буйгаа анхааруулаад байна.
В.Путин манайд айлчилж, Халх голын 80 жилийн ойг тэмдэглэлээ
Халх голын дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож, Монгол Орос хоёр улс хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Оросын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Халхын голын дайны тактик стратегид шинжлэх ухааны дүгнэлт өгөв. Мөн Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын “Оросын баатрууд” буюу сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоос бүрдсэн уран нислэгийн баг Хүй 7-н худагт агаарын шоуг анх удаа монголчуудад сонирхуулав. Мөн цэргийн парад, хоёр орны хамтарсан урлаг, уран сайхны арга хэмжээнүүд... Энэ бүхний дараа буюу есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилсан нь 2019 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Түүний айлчлалын өдрийг Засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр болгож, замын хөдөлгөөний болон бусад аюулгүй байдлыг өндөр дээд хэмжээнд хангасан билээ.
60 тэрбумын хэргийнхэн ял авав
2016 оны сонгуулиар эхэлсэн 60 тэрбумын хэргийн дуулиан, Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөр авсан ч энэ онд шийдэгдэж хоёр хүнд шүүхээс ял оноов. Оны эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэргийг мэдэж байсан гэх үндэслэлээр буруутгаж албан тушаалаа өгөхийг шаардан албан тушаалаас нь чөлөөлснийг сануулъя. Мөн энэ хэргийн талаар МАН-ын одоогийн удирдлагууд ч мэдэж байсан, схемтэй танилцсан тухай зураг, баримт ил болсон. Гэвч арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Тэд шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй боловч МАН-ын зарим гишүүн шүүх нотлогдоогүй хэргийн төлөө тэдэнд хилс хэрэг тохож хэлмэгдүүлсэн гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Мөн схемийг зохиосон гэх Г.Доржзодов ч хариуцлага хүлээх ёстой гэсэн үндэслэлийг зарим хуульч гаргаад байгаа билээ.
Оюутолгойд монголын эрх ашгийг хангуулах тогтоолыг батлав
Өнгөрсөн хавар Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг парламентаар хэлэл цэхээс өмнөхөн гишүүн Д.Дамба-Очир Рио Тинто болон Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч талд шалгалтын дүнг задалсан нь Монголын талд хүндээр тусав. Улмаар парламент ажлын хэсгээс гаргасан 86 заалттай зөвлөмжийг яаралтай хэрэгжүүлэх үүднээс “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг батал сан юм. Тус тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг сайжруулах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны үнэлгээг шинэчлэх, Монголын талын төлөөлөгчийн чадавхыг сайжруулах зэргийг багтаасан. Мөн Монголын талд оногдох ашиг 2041 он хүртэл хойшилсонтой холбоотойгоор 34 хувиа АМНАТ болон бүтээгдэхүүн хуваах гэрээний аль нэгээр солих бололцоог тогтоолд тусгаж өгсөн юм. Харин саяхан “Рио Тинто” компани УИХ-ын тогтоолыг дэмжин, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь ордын хувьцааны ханш олон улсын хөрөнгийн биржид өсөх гол нөхцөл боллоо.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
Гурван парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтийг хийж чадсан нь энэ оны төдийгүй одоогийн УИХ-ын түүхэнд тэмдэглэх онцлох үйл явдал боллоо. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан төсөл тийм ч амар “зам”-ыг туулаагүйг зун, намрын үйл явдлууд харуулна. Төслийг УИХ дөрвөн сарын турш, 36 удаагийн хуралдаанаар ярилцан, гурван удаагийн хэлэлцүүлгээр баталсан юм. Ингэхдээ эрх баригчид процедурын алдаа гаргаж Ерөнхийлөгчийн хоригоор залруулсан гэдгийг энд дурдах нь зүй. Мөн сөрөг хүчин АН хэлэлцүүлгээс хоёр удаа гарч, эцсийн хэлэлцүүлэг болон хууль батлах үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг онцлох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндсөн бөгөөд онцлох заалтаас дурдвал 50 нас хүрсэн иргэнийг нэг удаа, зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгох, Үндсэн хууль зөрчсөн гишүүнийг эгүүлэн татах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, байгалийн баялгийн сангаас иргэд хувь хүртэх, шүүхийн сахилгын хороог ажиллуулах, Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгох зэрэг хөгжилд хөтлөх олон заалтыг баталсан.
ЗГМ