Монголд дулаарал дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдаж байна

НУТГИЙН 85 ХУВЬД УУР АМЬСГАЛЫН ДУНДЖААС ХАРЬЦАНГУЙ БАГА ХУР ТУНАДАС ОРСОН
Сүүлийн 40 жилийн судалгаанаас харахад Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр нэмэгджээ. Гэтэл сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 хэмээр нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд илүү хурдтай явагдаж, аюул руу дөхөж буйн нотолгоо. “Энэ бол бодит аюул. Дээрээс нь хур тунадасны тархалт харилцан адилгүй болсон. 
Зарим газар олон жилийн дундаж хэмжээнд, өөр хэсэгт нь үүнээс бага хур тунадас орсон. Энэ нь дэлхийн дулаарлаас болж уур амьсгалын хэмнэл алдагдаж байна гэсэн үг” хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа ярилаа.
Тэгвэл сүүлийн жилүүдэд зун бага орсон бороо намар их хэмжээгээр цутгасан нь дэлхийн дулааралтай холбоотой аж. Өвлийн улиралд ч цас орохоо байлаа. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нутгийн 85 хувьд уур амьсгалын дунджаас харьцангуй бага хур тунадас орсон байна. Тиймээс Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Хөвсгөлийн томоохон гол мөрнүүд гүйцэд хөлдөөгүй, зайрмагтаж байна.
30-40 жилийн өмнө Монголд жилдээ 30 орчим байсан байгалийн гамшигт үзэгдэл буюу ган, зуд, шороо болон цасан шуурга, аадар борооны давтамж сүүлийн жилүүдэд хоёр дахин өсчээ.
Тэр тусмаа ган болох нь ихэссэн.
Дэлхийн дулаарлаас сэргийлэх хоёр л арга байдаг гэнэ. Нэгдүгээрт, нүүрс түлэхээ болих. Хоёрдугаарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм байна. Тиймээс ойжуулалтын нөхөн сэргээлтийн технологио эргэж харах, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 1.7 сая га ой түймэрт нэрвэгдсэн байна. Ойжуулалтын асуудлыг бүс нутгаар нь авч хэрэгжүүлж байгаа боловч хортон шавж, хууль бус мод бэлтгэхтэй холбоотойгоор ойн нөөц багассаар байгаа аж.
Үүнийг нөхөн сэргээхийн тулд ажилласаар байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байлаа. Нөгөөтэйгүүр цаг агаар дулаарч, халах тусам ойн хортон шавж үржих, түймэрт автах нөхцөл бүрддэгийг судлаачид хэлдэг.
Цаашид хөдөө болон ойн аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох ёстой. Ингэхийн тулд мод тарихаас гадна газар тариалангийн асуудалд ч бас анхаарах хэрэгтэй. Хур тунадас орох хоногуудын тоо цөөрч байгаа учир ганд тэсвэртэй сортын ургамал тарих хэрэгтэй гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж буй.
“Өмнө байгаагүй шинэ төрлийн өвчин, ханиад томуу нэмэгдэж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой арга хэмжээ авахгүй бол жинхэнэ галав юүлэх аюул ойрхон байна. Тодруулбал, хэрэв дэлхийн дундаж температур хоёр хэмээр нэмж халахад л сөнөх хэмжээнд хүрнэ гэсэн аюултай тоог тэд хэлэв. 
МОНГОЛ ОРНЫ АГААРЫН ЖИЛИЙН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР 2.1 ХЭМЭЭР НЭМЭГДЖЭЭ
“Хойд, урд мөсөн далай хайлаад, хуурай газрын хэмжээ багасах тусам нүүрлэх аюул улам нэмэгдэнэ. Энэ нь ойрын 100-200 жилд тохиолдож болох гамшиг. Гэхдээ юу ч хийхгүй байвал шүү дээ” хэмээн ойн салбарын ахмад ажилтан Ц.Банзрагч ярилаа.
Ийнхүү дэлхийн дулаарал нэмэгдэх тусам Монгол улсад аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь аж үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийг маш ихээр ялгаруулдаг. Манай урд болон хойд хөрш маш их үйлдвэржсэн атлаа хоцрогдсон технологитой, хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг орнууд.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас сэргийлэх хамгийн бодит алхам бол ой моджуулах.
Харин Монгол улсын хувьд хоёр хөрштэйгээ харьцуулахад бараг үйлдвэржээгүй. Тиймээс манай улсад уур амьсгалын өөрчлөлт байгаль орчноос гадна эдийн засгийн хохирол ч их тусна гэж салбарынхан тооцож байна.
Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрсхүчлийн хийг 80 хүртэл хувиар өөртөө шингээдэг.
Нэг мод жилд 34 кг тоос шингээдэг байна. Гэтэл манай ойд арчилгаа бага, тэр хэрээр сүйдэх эрсдэл өндөртэй. Ойн нөөц, чанараа сайжруулах бодит хэрэгцээ бий. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарч “Ойн генетик нөөцийг сайжруулах төсөл” дөнгөж эхлүүлээд байна.
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан