Хэнтий аймгийн Р.Чойномын номын сангаар ороход арван жилийн хүүхдүүд С.Эрдэнийн 90 насны ойд зориулж түүний “Өвгөн шувуу” өгүүлэгийг ярилцаж байхтай таарав. Ингээд Дэлхийн зөн Монголд ОУБ-ын дэргэдэх “Freedom junior journalist” клубын ахлагч 11б ангийн сурагч Б.Гоомаралтай уулзаж ярилцлаа.
-Орон нутгийн “Өсвөрийн сэтгүүлчдийн клуб” гэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ клубынхээ талаар танилцуулахгүй юу?
– “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгуулагын Бор-Өндөр II орон нутгийг дэмжих хөтөлбөрөөр өсвөрийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт явагдсан. Энэ сургалтын дараа өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан. Дараа нь гурав дөрвөн удаагийн сургалтад хамрагдсан. Тухайлбал камертай хэрхэн харьцах, эвлүүлэх хэрхэн хийх вэ зэрэг сургалт болсон. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулаад жил болох гэж байна. Манай клубын хүүхдүүд нь 9-11 дүгээр ангийн сурагчид байдаг. Мөн манайхаас гадна өсвөрийн сэтгүүлчдийн клуб дөрвөн суманд үйл ажиллагаа явуулж байна. Энэ дөрвөн сумдын сэтгүүлчид сумандаа болсон үйл явдал, мэдээ мэдээллийг бидэн рүү явуулдаг. Түүнийг нь бид долоо хоногтоо нийлүүлж байгаад нэг багц мэдээлэл болгоод хүргэдэг. Дэлхийн Зөн байгууллагаас биднийг маш сайн дэмждэг үүнд маш их талархдаг.
-Танай клуб үеийнхэндээ мэдээ мэдээлэл өгөхөөс гадна өөр ямар шинэлэг зүйлийг хийж байна вэ?
-Аль болох өсвөр насны хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсийг хийх юмсан гэж боддог. Түүний нэг нь амралтын өдрүүдэд аймгийнхаа төв номын сантай хамтран“ Үнэт сайхан цагаасаа цахим орчинд үлэмж сайхан тансаг номыг зөв түгээхэд зориулъя” уриатай “Ном ярьж өгье” гэсэн хэлэлцүүлэг хийдэг. Хүүхдүүд сошиал орчинд хамаг үнэтэй цагаа өнгөрөөж байна уу гэсэн бодол төрдөг. Тийм учраас номонд дурлуулж нэг нэгнээ зөв зүйлд бас уриалъя гэж боддог. Ном уншсанаар хүний оюун ухаан улам тэлж байдаг. Номын утга далайгаас ч гүн гэсэн ч үг байдаг шүү дээ. Хагас сайн өдөр бүр ном ярьж өгөхийн зэрэгцээ өмнө уншсан номныхоо талаар хоорондоо ярилцдаг. Одоо С.Эрдэнэ гуайн зохиолуудыг ярилцаж түүнийгээ бичлэг хийж сошиал ертөнцөнд тавьж илүү их хүмүүст хүргэхийг зорьж байна. Би С.Эрдэнэ гуайн зохиолуудыг унших дуртай. Хамгийн анх уншсан “Хэрлэнгийн охин”, “Өвгөн шувуу”, “Хойд насандаа учирна” гэсэн зохиолуудад нь маш их хайртай. Мөн Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” Г.Аюурзанын зохиолуудыг унших дуртай.
-Хүүхдүүд та нарын энэ санаачилгыг хэрхэн хүлээж авч идэвхтэй хэр оролцдог вэ?
-Идэвхтэй оролцдог.Анх үүнийг санаачилж фэйсбүүкээр зарлахад их сонирхож хүлээж авч байсан. Сүүлдээ идэвхтэй ирдэг болсон.Сургуулийн маань багш нар ч гэсэн илүүтэй дэмждэг нь бидэнд маш урамтай байдаг. Нэг нэгнээ зөв зүйлд уриалж байгаа нь сайн байна гэж хэлдэг. Багш нар хүүхдүүдийг ном уншихыг уриалдаг боловч хүүхдүүд тэр болгон хүлээж авч унших нь ховор байгаа анзаарагддаг. Тиймээс бид арай өөр хэлбэрээр үеийхэндээ хүргэж байна.
-Өөрийн тань харж байгаагаар нийгэмд та нарын оролцоо хэр их байна?
-Миний ажигласнаар хүүхдийн оролцоо маш бага байна гэж анзаарагддаг. Миний бодлоор бол хүүхдүүд бид нийгмийн толь харин томчууд биднийг төдийлөн ойлгож хүлээж авахгүй байна. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл дунд өсөж байгаа түүнээсээ болоод хичээлдээ ирдэггүй аль эсвэл дотроо маш их гоё хүсэл тээгээд байдаг хэрнээ түүнийгээ ил гаргаж чаддаггүй гээд янз бүрийн шалтгаан байдаг. Тэр болгон дээр хүүхдүүдэд туслах юмсан гэж боддог. Тийм учраас манай ангийн багш монгол хэл уран зохиолын багш Ууганчимэг учир бид шинэлэг зүйлийг аль болох санаачилж хийдэг. Жишээ нь “Үгийн жирэм” илтгэлийн уралдааныг ангидаа анх санаачилж, энэ уралдаанаа улам өргөжүүлж ДЗМОУБ-ын санхүүжилтыг авч, Хэнтий аймгийн ИТХ-ын дэмжлэгийг авч чадсан. Ингэснээр аймгийнхаа хэмжээнд аравдугаар ангийн 213 хүүхдийн хэмжээнд илтгэлийн уралдаанаа зохион байгуулсан. Мөн “Оюунлаг хэнтийчүүдийг олноор төрүүлье” уриаг талархалтай хүлээн авч уншлагын аяны хүрээнд 100 гаруй ном уншсан бөгөөд “ Нацагдоржийн тэмдэгтэн” гурвыг төрүүлсэн.
-Цаашид ямар үйл ажиллагаа явуулах зорилготой байна вэ. Үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Цаашдаа бид олон зүйл хийх төлөвлөгөөтэй байгаа. Манайх богино хэмжээний теле зохиомж хийхээр ярилцаж байна. Нэг асуудлыг хөндөөд түүнийгээ хэрхэн шийдвэрлэж буй тухай гарах юм. Хөнгөн мэдээлэлээс илүү хүүхдүүдийн оюун санаанд үлдэх зүйл хийхийг хүсэж байна. Мөн хорт зуршлуудаас хэрхэн хол байх вэ зэрэг гэдэг ч юмуу. Харин үеийнхэндээ хандаж мөрөөдөхөөс хэзээ ч битгий айгаарай. Мөрөөдөж байна гэдэг бол тэр зорилгодоо хүрэхийн тулд нэг алхамыг нээж байна гэсэн үг. Хамгийн гол нь хүсэл мөрөөдөлдөө болон өөртөө үнэнч байгаарай. Чамайг маш гоё ирээдүй угтах болно гэж хэлмээр байна.
А.ДоржхандЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин