Д.Гантулга Хэнтийн хорихыг сонгожээ


Гэмт хэрэг дундаа хамгийн бузар, муухай хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал олон удаа хойшилсны эцэст болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноолоо.
Тэрээр хоёр жил гаруйн өмнө бусадтай наргиж цэнгэж явахдаа 25 настай Ч.Наранзаяа гэгч бүсгүйг гэрт нь хонох үедээ хүчирхийлсэн хэрэгт холбогдсон. Энэ талаар хохирогчийн эгч Ч.Саранзаяа анх олон нийтэд мэдээлсэн бөгөөд Д.Гантулга харин өнгөрсөн хугацаанд өөрийгөө өмгөөлж, үгүйсгэсээр ирсэн билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хүртэл яригдсан ч МАН-ын гишүүд олонхийн хүчээрээ авч үлдсэн. Гэвч намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд, хэргээ шал¬гуулахыг намын ахмадууд нь зөвлөсний дагуу тэрээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн сонгогчид нь төрд төлөөлөх гишүүнгүй болсон юм.
Жил гаруйн өмнө албан тушаалаа өгсөн тэрээр энэ хугацаанд хууль шүүхийн байгууллагаас салаагүй. Хохирогч бүсгүйг хүчиндсэн, хүчиндээгүй гэх мэт маргаан үргэлжилж, хэрэг нь шалгагдаж явж байхад бас нэгэн хэрэг нэмэгдсэн нь тэрээр 2018 оны 11 дүгээр сард дахин нэг бүсгүйг хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдсон юм. Хэдийгээр тухайн үедээ тэрээр “Энэ бол гүтгэлэг” хэмээн үгүйсгэж байсан ч шүүх хурлын явцад энэ хэрэг нь нотлогдож, хоёр удаагийн хүчингийн хэрэгтээ хоёр жилийн ял авлаа. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан гурван удаа хойшилсны эцэст ийнхүү хуралдсан юм.
Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жил хоёр сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноолоо. Энэ төрлийн гэмт хэрэгт оноож буй хамгийн доод ялыг авсан ч өндөр албан тушаал хашиж явсан хүний хувьд авсан хамгийн анхны ялтан боллоо.
Манай улсад жилд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн 100 гаруй хүн шүүхээс ял авдаг ч УИХ-ын гишүүн байхдаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон анхны хүн болсон нь үнэхээр гутамшигтай. Найз нөхөдтэйгээ наргиж цэнгээд согтуу хөлчүү ухаанаа алдсан байх үедээ бусдын өвөрт орсон нь залуу насны алдаа нь юм байж гэж бодоход яг энэ гэмт үйлдлийг давтан үйлдэж байна гэдэг өөрөө асуудалтай хүний шинж. Нэг бол түүний сэтгэц өөрчлөгдсөн, эсвэл энэ төрлийн донтогч.
Аль нь ч байлаа гэсэн тэрээр хэрэг хариуцах бүрэн чадвартай, тэр байтугай түмэн олноо төлөөлөөд парламентад сууж байсан хүн тул ялаа эдлэх нь гарцаагүй. Харин тэрээр хоёр жилийн ял сонссондоо нэг их харамссан шинжгүй шүүх танхимд сууж байсан нь хачирхалтай. Д.Гантулгад шүүхээс ял оноосны дараа хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Хоёр жилийн турш ямар их хүнд хэцүү цаг хугацааг туулсныг үгээр хэлэх аргагүй. Үнэн байсныг шүүх нотоллоо” хэмээн нүүр хуудсандаа бичжээ. Гэхдээ хэрэг явдал үүгээр дуусахгүй гэнэ. Д.Гантулгын талд ажиллаж, буруу шийдвэр гаргасан гурван шүүхийн шинжилгээний ажилтнуудн шүүх хурал удахгүй болох аж. Ийнхүү экс гишүүн Д.Гантулгын халамцуудаа үйлдсэн ганцхан шөнийн зугаа нь араасаа олон хүнийг дагуулах шинжтэй болоод байна.
Шүүх хурлынхаа дараа шууд цагдан хоригдсон Д.Гантулгын өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдэж байх зуур хэргийн эзэн Д.Гантулга Хэнтийн шоронг судалж эхэлжээ. Хэрвээ байдал бишдээд хоёр жилийн ял нь хэвээрээ батлагдвал тэрээр өссөн төрсөн нутаг болох Хэнтий аймгийнхаа шоронд очиж хэвтсэн нь дээр гэж үзжээ. Халхын аль ч шоронд улаан махны хэрэг үйлдсэн “А” зүйл ангитай хоригдлууд доошоо орж барлаг, нинжа болвол их юм. Яагаад гэвэл хүчингийн гэмт хэрэг үйлдэж, анх удаа шоронгийн босго давсан залуусыг шоронгийн егзөр хулгарууд шууд банди, биеэ үнэлэгч болгодог бичигдээгүй хууль байдаг. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд хамгийн муухай хэргээр ял эдэлж байгаа болохоор шоронгийн овгорууд түүнийг нэг нүдээр үзэхгүй нь ойлгомжтой.
Дээр нь шоронгийн атаман овгорууд эрхээ хасуулсан цагаан захтнуудад тун дургүй ханддаг. Мань залуу гишүүний хувьд халхын аль ч шоронд яваад орсон буланд шахагдаж, шургуунд орох нь ойлгомжтой. Иймд Д.Гантулга шоронгийн дэг жаягаас айж, нутгийнхаа шоронд ялаа эдлэхээр шулуудсан бололтой. Гэхдээ л Хэнтийн шоронг олон аавын хүүхдийн зүрхэнд шар ус хуруулдаг газар гэж бодохоор тэрээр шоронгийн есөн эрүүг шийртэй аавын хөвгүүд шиг давж гарна гэдэг “үлгэр” болох буй заа.
Эх сурвалж хориотой сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан