Цаазын ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалт Женевт боллоо


Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (International Commission against the Death Penalty)-той хамтран өнөөдөр Цаазаар авах ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Төв Азийн таван улсын Байнгын төлөөлөгч нараас гадна Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, мөн комиссын гишүүн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Рут Дрейфусс нар оролцож, Төв Ази цаазаар авах ялыг бүрмөсөн халсан анхны бүс болох боломж байгаа тухай ярив.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзалтыг нээн цаазаар авах ялыг халах үндэслэлийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, энэ ялыг халж байгаа орнуудын тоо дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгааг онцлов. Тухайлбал, хамгийн сүүлд Ангол, Палестин, Гамби улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах Нэмэлт II протоколд нэгдсэнийг дурдав. Мөн энэ оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 42 дугаар чуулганаар Монгол, Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар улс хамтран НҮБ-ын нийт гишүүн улсыг цаазаар авах ялыг халахыг уриалсан тогтоолыг батлуулсан тухай мэдээллээ.
 
Манай улстай адил цаазаар авах ялыг халсан Киргиз, Туркменистан, Узбекистан улс туршлагаасаа хуваалцаж, Казахстан, Тажикистан улс энэ ялыг халахад тулгамдаж байгаа асуудлыг ярилаа.
Төв Азийн орнуудтай хийсэн уулзалтын дараа Испанийн Байнгын төлөөлөгчийн газартай хамтран Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссыг дэмжигч бүлгийн уулзалтыг зохион байгуулж, комиссын гишүүн Ц.Элбэгдорж, Р.Дрейфуус нар үйл ажиллагааных нь талаар мэдээллээ.
Уг бүлэгт манай улсаас гадна Австрали, Алжир, Аргентин, Бельги, Герман, Доминиканы Бүгд Найрамдах Улс, ИБУИНВУ, Испани, Итали, Казахстан, Мексик, Норвег, Өмнөд Африк, Португал, Того, Турк, Филиппин, Франц, Швейцар, Шинэ Зеланд зэрэг улс багтдаг.
 
 
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан