Улсын төсвийн төсөл тойрсон эргэлзээтэй, ээдрээтэй асуудлуудыг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл цувралаар хөндөж байгаа билээ. Өнгөрсөн удаад эдийн засагчдын “нүд”-ээр төсвийн төсөл хэрхэн үнэлэгдсэнийг хүргэсэн бол энэ удаад орон нутагт хийх хөрөнгө оруулалт оновчтой эсэхийг сонирхлоо.
Нийтийн мөнгөөр халуун усны газар барина
2020 он бол сонгуулийн жил. Тиймдээ ч ирэх оны төсвийн төсөл сонгуулийн оноо цуглуулах хэрэгсэл болсон гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнийг нь ч УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зөвшөөрсөн. Тэр хэлэхдээ “Ирэх оны төсөвт МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хангах чухал заалтууд орсон. Цалин, тэтгэвэр нэмэх гэх мэт нийгмийн шинжтэй заалтууд бий. 2020 оны төсөв хэрэгжсэнээр намын мөрийн хөтөлбөр бүрэн хангагдана” гэв. Том зургаар нь Д.Тогтохсүрэн дарга тэгж тодорхойлсон ч жижигсгээд үзвэл жижиг 76 тойрог бүхий сонгуулийн мажоритар системийн согог тод илэрсэн төслийг УИХ-д оруулж иржээ. Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтаас үүнийг бэлхэн харж болно.
Хөрөнгө оруулалт нь мөнгө босгох зүйлд бус тойрог “услах” чиглэлд л түлхүү тусгагджээ. Жишээ нь, хүн ам цөөтэй алслагдсан, нэн шаардлагагүй сумуудад сургууль барьж, эзэнгүй шахуу барилга л зэлүүд талд ярайлгах нь. Учир нь ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг харахад халуун усны газар, дотуур байр, сургууль, цэцэрлэгийн барилга, соёлын төв, Тамгын газрын байр, спорт заал гололсон байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Бугат суманд 200 сая төгрөгөөр, Ховд аймгийн Алтай, Үенч, Манхан, Мөст суманд тус бүр 150 сая төгрөгийн санхүүжилтээр халуун усны газар барихаар төсөвт оруулжээ. Угтаа бол сумдын халуун усны газрыг улсын мөнгөөр биш тухайн орон нутгийн бизнес эрхлэгч бариад мөнгөө авч, хүмүүсээ усанд оруулаад зах зээлийнхээ зарчмаар ажилламаар. Гэтэл тиймгүй нийтийн мөнгөөр нэр хүндээ өсгөхөөр тойргийнхныхоо толгойг эргүүлж байна. Бараг л таны мөнгөөр таныг төр үнэгүй усанд оруулах нь.
Тэгвэл нөгөө талдаа хүн амын дотоод нүүдэл нийслэлийг чиглэж, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд бий. Бүр зарим хороонд сургууль ч байхгүй нэг хичээлийн байраа булаалдаж байгааг Баянзүрх дүүргийн 133 дугаар болон “Монгол тэмүүлэл” сургуулийн жишээ бэлхнээ харуулна. Гэтэл 3000 хүрэхгүй хүн амтай, 100 хүрэхгүй хүүхэд сургуульд суралцдаг, ангидаа 4-5-уулаа суудаг сумдад сургууль шинээр барих нь хэр оновчтой хөрөнгө оруулалт вэ. Мэдээж төрийн бодлого хүн бүрт хүрч байх ёстой ч 100 хүүхэдтэй суманд 640 хүүхдийн сургууль барих санал улстөрчдөөс гарсаар байгаа нь нууц биш шүү дээ. Энэ бол тойргоо “усалж” байгаагийн сонгодог жишээ.
Эдийн засагч Ч.Отгочулуу
Хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг тооцож, чадахгүй байна. Бас олон жижиг тойрогтой байхын зовлон нь энэ. Сонгогчиддоо ажил хийж байна гэдэг нэрээр олон нийтийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа хэрэг. Гэтэл шийдлээ хүлээж буй олон асуудал Монголд байна. Наад зах нь хүн амын төвлөрлөөс болж нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ дутуу байна. Сургууль, цэцэрлэггүй хороо ч байна. Гэтэл заавал тойрогтоо юм өгсөн, хийсэн болж харагдах гээд төсвөө хуваадаг.
- Орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 2020 онд 624.7 тэрбум төгрөг болж 2019 оноос 120 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.
- Улсын төсвөөс аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ 44.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 188.4 тэрбум төгрөг болно.
- Төсвийн тухай хуулийн 56.2.2 дах заалтын дагуу үндсэн тэнцлийн ашгийн 70 хувийг 2020 онд орон нутагт үлдээснээр орон нутгийн хөрөнгө оруулалт 87.6 тэрбумаар өсөж 294.0 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгажээ.
Хэнтийнхнийг эрхлүүлсэн хуваарилалт
Сонгуулийн төсөв ийнхүү өсөж, зардал өмнөх оныхоос хоёр их наяд давж өссөнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа, нэгдүгээрт, өмнө нь хэрэгжсэн концесстэй холбов. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед зурагдсан автозамуудын санхүүжилтийг ирэх оны төвсөөс олгож байгаа. Энэ нь төсвийн зардалд жин дарж байгаа гэсэн юм. Хоёрдугаарт, шилжих буюу өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтаа дуусгах гэсэн хоёр зарчим баримталсан тухайгаа тайлбарласан. Гэвч энэ бол боловсруулсан төсвөө өмөөрсөн сайдын тайлбар. Үүний сонгодог жишээ болгож олны анхааралд өртөөд байгаа Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтыг дурдъя.
Ирэх оны төсвийн төслөөс харахад Хэнтийнхэн эрхэлжээ гэж болохоор. Учир нь 2020 оны хамаг л шинэ төсөл хөтөлбөр Хэнтийд хэрэгжих нь. Энэ утгаараа ч хамгийн их мөнгө хуваарилагдсан гэж хүмүүсийн амны бай болоод буй юм. Тухайлбал, ЗГХЭГ-ын даргын багцад Хэнтий аймгийн Галшар 550, Ханх 600, Цэнхэрмандал 250 сая төгрөгөөр ЗДТГ-ын байр барихаар, БОАЖ-ын сайдын багцад тусгаснаар Норовлин суманд “Шихихутаг” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулахад 1.1 тэрбум, түүний гадна цахилгаан хангамжид 300 сая төгрөг төсөвлөжээ. Тэгвэл Дэлгэрхаан суманд баригдах “Монголын нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор барихад тэрбум төгрөг гаргах, Биндэр суманд “Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборын барилга, интерьер, дотоод сийлбэр хийхэд 1.1 тэрбум төгрөг гаргах гэх мэт. Түүнчлэн сумын гадна усны шугам, тохижилт үйлчилгээний машин гэх мэтийг бүх сумдад олгохоор төсөв суулгажээ. Түүнчлэн сум бүртээ спорт заал, соёлын ордон, дотуур байр, сургууль, цэцэрлэгээ өргөтгөхөөр төсөв суулгасан байна. Ингээд Хэнтий дэх Улсын төсвийн хөрөнгө оруулалт 130 тэрбум төгрөг даваад байна. Тэгвэл Дундговь аймагт хамгийн бага буюу 1.9 тэрбум төгрөг тусгажээ. Ингээд л олны ярьж байгаа шиг тэнгэр, газар шиг зөрүүтэй. Хэнтий бол ирэх сонгуульд МАН-ын лидерүүдийн дэвших магадлалтай тойрог. Тиймдээ ч хөрөнгө оруулалт бусад аймгаас өндөр байна гэсэн шүүмжлэл өрнөөд байгаа юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Хэнтий аймаг бол Чингис хааны өлгий нутаг тул аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор барьж байгаа. Бас зам тавигдана. Замын зардлыг нь аваад үзвэл гайгүй шүү дээ.
Эдийн засагч Р.Шинэгэрэл
Ирэх оны төсөв Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдаагүй сонгуулийн шинж чанартай хөрөнгө оруулалт ихэнх хувийг эзэлж байна.
Төсөв нь ажлын байрыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Гэтэл энэ жилийн төсөв сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн ихэнхдээ захиргааны нэгжүүдэд зориулагдсан хөрөнгө оруулалтууд байна.
Сүүлийн хоёр жилийн Монгол Улсын төсвийг барилгад шингэхээр боловсруулсан гэвэл худал болохгүй. Өнгөрсөн жилд гэхэд төсвөөс 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт шинээр оруулсан. Гэтэл Үндэсний аудитын газраас тухайн хөрөнгө төсөвлөсөн барилгын 71 хувь нь ТЭЗҮ-гүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгсэн ч төсөв батлагдсан. Энэ жил аудит ч амаа хамхив.
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл