Tусгай хамгаалалт дахь Б.Нямтайширын “дархлагдсан” харш

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно Цэнхэрийн голоос холгүй Хар зүрхний Хөх нуур оршдог. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинийг Хамаг Монголын хаан ширээнд залж, Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилж байсан түүхтэй. Уулсаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг, байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Түүх соёлын өвөөрөө ч тэр, газрын өвөрмөц тогтцоороо ч тэр Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт багтдаг бөгөөд дэлхийд данслагдсан гэж хэлж болно.
Гэхдээ энэ газар Монгол Улсын тусгай хамгаалалтаас гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав буюу “МАК”-ийн эзэн Б.Нямтайширын “эзэмшил”, “хамгаалалт”-ад бас багтаад удах болсон гэх.
Тодруулбал, гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайширт тус сумын удирдлагаас орон нутгийн тусгай хэрэгцээний газраас нэг га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн гэх мэдээлэл байна. Гэвч Б.Нямтайшир зөвшөөрөгдсөн газраас илүү том газарт хашаагаа сунган буусан аж. Ингээд Хар зүрхний хөх нуураас холгүй хар хашаагаар хүрээлсэн тансаг зэрэглэлийн харш сүндэрлүүлжээ. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар Б.Нямтайшир хувийн харшаа сүндэрлүүлж байхад нь тухайн сумын байгаль хамгаалагч шаардлага тавихаар эс тоосон гэсэн.
Тэр ч бүү хэл, байгаль хамгаалагчийн урдаас “Таны хамгаалах ёстой газрыг чинь хамгаалалтдаа авч байна” хэмээн амыг нь тагладаг гэсэн.
Тэгвэл бэлтэй хөрөнгөтэй бүхэн "Төрийн ажлыг өмнөөс чинь хийж байна. Бид амьдрахаасаа илүүтэй хамгаалж байна" гэсэн тайлбар хийж тусгай хамгаалалттай газар бүрийг хашаалж, ордон сүндэрлүүлээд байвал Богд уулын харуусалтай түүхийг давтах биз ээ. 
Өнөөдөр Богд уулын энгэр бүрийг ухаж, тансаг зэрэглэлийн ордон барьсан. Тэнд эгэл жирийн ажилчин анги гэхээсээ өнөө л хөрөнгө чинээтэй хүмүүс амьдардаг. Ингээд ч зогсохгүй Богд уулыг төрийн тусгай хамгаалалтаас гаргах талаар хүртэл яригдаж эхэлсэн. Хөрөнгө чинээтэй хүмүүс эхлээд "Бид хамгаалж байна" гэсэн лоозон барьж байгаад хувийн орд харшаа барьдаг. Эцэстээ "Тусгай хамгаалалтаас гаргахаас өөр замгүй болсон. Нэгэнт сууршлын бүс бий болчихлоо" гэж хаа сайгүй гоншигнож эхэлдэг. Үүнийг Богд уулын түүх гэрчилсэн.
Тэгвэл Хар зүрхний хөх нуурын тусгай хамгаалалтын газарт ч гэсэн ийм зүйл тохиохгүй гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр МАК-ын босс Б.Нямтайшир тэнд заларч. Маргааш хэн гэдэг эрхэм хашаа хатгаж, хаус босгохыг мэдэхгүй. 
Хамгийн муухай нь уг эдлэнд нуурын ундарга болсон модтой газар багтсаныг анхааруулсаар байтал бохирын шугмаа ухаж булсан зэрэг асуудал нь сөхөгдөж, тухайн үед багагүй хэл ам таталж байсан юм.
Тиймээс л яг ямар журмаар орон нутгийн тусгай хэрэгцээний бүр тодруулбал, түүх дурсгалын охь болсон газарт газар ашиглуулах болов гэдэг сонин.
Бэлтэй, бэнчинтэй хүнд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт зуслангийнхаа байшин байтугайг босгох эрхтэй гэдгийн харуулсан томхон шишээ энэ биз ээ. Уг эдлэн тусгай хамгаалалтад “халдаад” удсан ч энэ талаар ярьж хэлдэг нь бараг л байхгүй. Мөнгөтэй байж болно. Мөнгөөрөө хэдэн давхар байшин бариад оршин суух нь хэнд ч сонин биш. Харин Монголын ард түмний эрх ашиг, түүх дурсгалын охид халдах эрхгүй юмсан. Юун төлөө хууль, журам гэж байдаг билээ.

Б.Лхам
Эх сурвалж: 24tsag.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан