ЖДҮ-дсэн гишүүд ээ!? Арилжааны банкны хүүгээр зээлээ дахин төл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж айхавтар шуугиан газар аваад буй. Идсэн уусан нь эхнээсээ илчлэгдэн хариуцлагаа ч зарим нь хүлээгээд байгаа. Гэхдээ зөвхөн “болжморууд” нь шүү. Учир нь давхар дээлтэйнүүд нь дээлээ дан болгож, өрөө төслнөө хариуцлага хүлээчихлээ гэж эндүүрээд байх шиг байна. Уг нь хуулийн хариуцлагыг л хариуцлага гэж ойлгоод байгаа шүү дээ гишүүд минь. ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын 13 нэрлэгдээд байсан бол энэ тоо дахин нэмэгдэж 14 дэх нь тодроод байна.
Одоогоор зээлээ эргүүлэн төлсөн Б.Ундармаа, Г.Солтан, Ж.Энхбаяр, Н.Оюундарь нарын 11 ЖДҮ-чин өрөө даржээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй зээлийг эргүүлэн төлчихлөө өргүй болсон шүү гээд баатар болох гээд яриад байгаа гишүүдээ та нар арилжааны банкны хүүгээр бодож зээлээ төл. Тэгээд хуулдийнхаа дагуу хариуцлага хүлээ. Эхнээсээ хуулийн зарим зүйл заалтыг хассан талаар яригдаад байгаа. Зээлээ төлсөн болоод суудалдаа шигдээд үлдэнэ гэвэл санасны гарз шүү эрхэм нөхдөө.
Өнөөдөр Монголын томоохон арилжааны банкны нэгд тооцогдох Голомт банкинд Бизнесийн зээлийн сарын хүү 1.9-2.3 хувь байна. Харин жилийн хүү нь 22.8-27.6 хувийн хүүтэй байна гэсэн үг. Тэгвэл Хаан банкны Бизнесийн зээл жилийн 20.4-22.8 хувийн хүүтэй байгаа бол  Төрийн банкны зээлийн хүү 26.4-28.8 хувийн хүүтэй, Хас банкны зээлийн хүү 20.4-24 хувьтай байна. Арилжааны банкуудын Бизнесийн зээлийн жилийн хүү ийм байна.
Мөнгө хүүлсэн гэх нөхдүүд хүүлсэн мөнгөний хүүгээрээ зээлээ эргүүлэн төлж байхад энгийн иргэд зээлийнхээ хүүнд дарлуулаад сууж байх нь шударга уу? Эрхэм гишүүд ээ!
Баригдаагүй байсансан бол энхийн цагаан тагтаанууд наанаа хэрүүлээ хийгээд цаанаа хувааж идээд л уг санг дампууруулах байсан байх гэж бодохоор зэвүүцмээр. Нөгөө оны алдарт үг шиг “Хийж бүтээе гэсэнд ямар уучлал байх юм” гэдэг шиг эрх мэдэл, давуу байдлаа ашиглан төрийн сангаас хулгай хийчихээд үүнийгээ иргэддээ жишээ болгож үзүүлсэн, нийгмийн сайн сайхны төлөө ашигласан зэргээр яриад байдгаа болих хэрэгтэй.  
Ер нь гишүүдийн дунд сонин ойлголт байдаг бололтой. Юу гэхээр хулгай нь баригдаад төлчихвөл хулгай биш болчихдог юм шиг байгаа юм. Бүгдэд нь улсын тэргүүний уран сайханч өгчихмөөр л байгаа шүү, сайн жүжиг дэглэдэгт нь.
Өнгөрсөн жилүүдэд ЖДҮ-ийн санд улсын төсвөөс 2009 онд 30 тэрбум, 2010 онд 30.4 тэрбум, 2011 онд 290 тэрбум, 2013 онд Хөгжлийн банкны бондоос 48.9 тэрбум, 2014 онд Хөгжлийн банкны бондоос 99.9 тэрбум, 2016 онд төсвөөс 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус оруулжээ. Тус сангийн мөнгө ихэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудын халаасанд орсон гэх мэдээлэл бий. Жижиг, дундын сангийн мөнгөөр мөнгө хүүлдэг байсан тухай ч яригдаж байгаа.
Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Хоёр, гурван гишүүн нийлээд Жижиг, дундаас нэг, нэг тэрбум төгрөг аван гурван тэрбум болгоод банк бус санхүүгийн байгууллагаар хүүлээд байна гээд жил гаруй хугацааны өмнөөс яригдаж байсан. Би итгээгүй. Хүн муу муу гэхэд арай ч байхгүй болов уу гээд. Ийм ярианууд явагдаад байсан, дараа нь баримттай мэдээллүүд явагдсан. Тэд нар тэрбум төгрөгөө бэлнээр авчихдаг юм байна. Бэлнээр аваад нэг зуунд мянга, сая төгрөг зэргээр ба багаар банк бус руугаа хийгээд байхаар хэн хийгээд байгаа нь мэдэгддэггүй. АТГ-ынхан үүн дээр их цаг үрж байна гэсэн тайлбар хэлээд байна лээ. Хүсэхгүй бол тийм тайлбарууд зөндөө л гарах байх. Арваад гишүүний нэрийг өнөөдөр албан ёсоор хэлж байна лээ” хэмээн ярьсан байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч Жижиг, дундын сангаас мөнгө авсан гишүүдийг Банк бусаар оруулан хүүлдэг гэдгийг баталж байгаа. Мөн эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн юм. Гэхдээ хуульчийн байгууллагынханд ажлаа хийх боломжийг нь олгохгүй М.Оюунчимэг гишүүнээс эхлээд дарамтлаад байгаа харагдана. Уг нь хуулийн байгууллагаа ажилд нь оруулж парламентынхаа нэрийг сэргээмээр байгаа юм. Учир нь Олон Улсад бидний нэр хүнд навс унаж байгааг цохон тэмдэглэе.
Урд хөрш БНХАУ авлигачтайгаа хатуу тэмцэж буй. Тодруулбал, авлига авсан төрийн албан хаагчийг цаазаар авахаас эхлээд хүлээлгэх хариуцлага нь өндөр юм билээ. Үүнээс нь үүдэн авлига авсан төрийн албан хаагчдын амиа хорлох тохиолдол нь ч ихэссэн гэж байгаа. Мөн БНСУ авлига авсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан Ерөнхийлөгчдөө 32 жилийн ял оноосон байдаг. Бусад өндөр хөгжилтэй улсууд авлигатайгаа ингэж тэмцдэг юм билээ.
Гэтэл Ерөнхийлөгчийн хэлснээр хэчнээн тэрбумаар нь хүүлсэн нэр бүхий гишүүд жилийн гуравхан хувийн хүү төлөх нь шударга ёс уу. Зээлээ төлсөн болоод асуудлаас мултарчихна гэж бодож байгаа бол эндүүрэл. Бага хүүтэй зээл хүсээд ч олдохгүй байгаагаас өндөр хүүнд дарлуулж байгаа иргэдтэйгээ адил хүүгээр зээлээ төлөх нь шударга биш гэж үү. Мэдээж хуудийн хариуцлагыг ч орхигдуулж болохгүй.  Ингэж чадвал дараа дараачийн гишүүдэд ч сургамж болох нь гарцаагүй.  
 
www.24tsag.mn
 Б.Цэрэнлхам
 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан