Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нэг км-ийг 2.1 тэрбум төгрөгөөр барина

Өнгөрсөн сарын 10-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гарсан.
414 км урт энэ төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нийт 1.2 сая америк долларт багтаан, гурав дахин бага өртгөөр барих боломж бий болж байгааг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлсэн юм.
Эхний шатанд 1100 орчим, хоёр дахь шатанд 1900 орчим, гурав дахь үе шатанд 3600 орчим км гээд нийт 6600 км төмөр зам барина
Түүнээс гадна бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг хамруулах бөгөөд цаашид Монгол Улсад инженерийн байгууламжийн цэргийн анги бүрдэж байгаа аж. 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил энэ сарын 1-нээс эхлэхээр танилцуулсан ч энэ асуудал маргаан дагуулсан юм. Учир нь Таван толгой-Зүүнбаян чиглэлээс түрүүлээд Таван толгой-Гашуунсухайтын 267 км замыг барих нь зүйтэй талаар хэлж байв.
ЯАГААД ГАШУУНСУХАЙТ БУС ЗҮҮНБАЯН ЭХЛЭЭД ВЭ?
Тэгвэл өчигдөр Төрийн ордонд “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар мэдээлэв. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан хуралд сэтгүүлчдийг камер, дуу хураагч, гар утасгүй оруулсан юм. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн менежер Д.Золбоо нар мэдээлэл өглөө.
Юун түрүүнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод шинээр барих төмөр замын суурь бүтцийн чиглэл, барих үе шат, тэдгээрийн уртыг гурван үе шаттай байхаар тусгажээ. Эхний шатанд 1100 орчим, хоёр дахь шатанд 1900 орчим, гурав дахь үе шатанд 3600 орчим км гээд нийт 6600 км төмөр зам барина.
Эхний үе шат
  • Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаян-400 км;
  • Сайншанд-Баруун-Урт-350 км;
  • Баруун-Урт-Хөөт-140 км;
  • Хөөт-Чойбалсан-150 км замыг барихаар тусгажээ.
Эдгээр чиглэлд төмөр замыг барьснаар
  • Таван толгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жоншны зэрэг ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болохоор байгаа нь төмөр замаар тээвэрлэж байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэх;
  • Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн дэд бүтэц хөгжиж, дэд бүтцийг дагасан хот, суурин газар бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарах;
  • далайд гарцгүй манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагаа өргөжиж, уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-д болон гуравдагч орнуудад ОХУ-ын Алс Дорнодын боомтыг ашиглан экспортлох боломж бүрдэх;
  • зүүн болон говийн бүсүүд төмөр замаар холбогдож, хот, суурин газрууд бий болох ач холбогдолтой гэжээ.
“Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-ын зүүн хойд муж, Япон, Солонгосын зах зээлд коксжих нүүрс гаргах боломжтой. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт тухайн төмөр замын 30 км радиуст байгаа Хармагтай, Цагаан суварга, Манлай зэрэг 6 тэрбумын нөөцтэй ашиглалтын лиценз бүхий хайгуулын ордуудад ч эерэг нөлөөтэй байх талаар тайлбарлаж байв.
Олон улсын байгууллага нэг км замыг 3.2-3.8 сая америк доллар буюу дунджаар 8.5 тэрбум төгрөгөөр барих санал өгч буй бол өөрсдөө барьснаар энэ өртгийг 2.1-2.4 тэрбум болгон бууруулж чадна
Өөрөөр хэлбэл уул уурхайн баялгийг далайн боомтод хүргэхэд шинэ төмөр зам ээлтэй байх аж.
НЭГ КМ ТӨМӨР ЗАМЫГ 2.1-2.4 ТЭРБУМ ТӨГРӨГТ БАГТААНА
Үнийн хувьд Засгийн газраас Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нийт 1.2 сая америк долларт багтаан барих бөгөөд гурав дахин бага өртгөөр барих боломж бий болж байгааг мэдээлээд байсан.
Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага нэг км замыг 3.2-3.8 сая америк доллар буюу дунджаар 8.5 тэрбум төгрөгөөр барих санал өгч буй бол өөрсдөө барьснаар энэ өртгийг 2.1-2.4 тэрбум болгон бууруулж чадна гэдгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд хэлж байв. Хэт үнийг буулгаж байгаа нь чанар, стандартыг мөн адил унагаж байгаа хэрэг болох вий гэсэн болгоомжлолд тэрбээр хяналтын баг 100 хувь батална, чанар стандартын хувьд асуудал гарахгүй гэсэн хариултыг өгсөн юм.
НЭГ РОТОД 340 ХҮН АЖИЛЛАХААС 29 НЬ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ
Бас нэг анхаарал татсан зүйл нь төмөр замын барилгын ажлыг дотоодын нөөц буюу цэргийн ангиудаар бариулах талаар мэдээлэл байв.
Төмөр зам барихад үндсэн долоон ажил байдаг аж. Үүнд:
  • Газар шорооны ажил
  • Дээд цогцос тавих
  • Дохиолол холбоо
  • Ус хангамж
  • Эрчим хүч
  • Холбоо Барилга байгууламж зэрэг орно. Эдгээрээс хамгийн эхний буюу газар шорооны ажлыг ЗХЖШ-ын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд ээд цогцос тавих, дохиолол холбооны ажлыг УБТЗ-ынхан гүйцэтгэх бол бусад ажлыг дотоодын компаниудын дунд тендер зарлан шийдвэрлэх юм байна.
Энэ талаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат “Цэргийн ангиуд бүтээн байгуулалтад оролцох нь олон улсад байдаг жишиг. Тухайлбал ОХУ 1851 оноос эхлэн төмөр замын цэргийг бүтээн байгуулалтад оролцуулж байсан бол БНХАУ цэрэгжсэн байгууллагууд бүтээн байгуулалтад оролцож, АНУ-д 1803 онд байгуулагдсан 37 мянган хүнтэй төмөр замын бүтээн байгуулалтын инженерийн баг байдаг. Харин манай улсын хувьд олон нийт бүтээн байгуулалтад оролцох ротууд бүгд хугацаат цэргийн алба хаагч байх юм шиг ойлгоод байна. Нийт зургаан рот байхаар төлөвлөсөн. Нэг рот нь 340 хүнтэй байх бөгөөд үүний 29 нь хугацаат цэргийн алба хаагч үлдсэн нь барилгын мэргэжлийн офцер, ахмадууд байна. Одоогийн байдлаар 2 хотыг эмхлээд байна” гэсэн мэдээллийг өгч байв.
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн замын газар шорооны ажил энэ сарын 24-нд эхэлж, дэд бүтцийн ажлыг зэрэг хийх бөгөөд 2020 онд үе шахах ажлыг хийж дуусгана
Харин Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-гээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хийхэд цэг зөрж байгаа учраас 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Шороо овоолсон далан хэмээн шүүмжлэл хүлээгээд буй замын ажлыг сайн болсон хэмээн дүгнэсэн бөгөөд өргөн, нягтаршил сайн болсон гэдгийг ЗТХ-ийн дэд сайд тодотгосон юм.
Ямартай ч Таван толгой-Зүүнбаян чиглэлийн замын газар шорооны ажил энэ сарын 24-нд эхэлж, дэд бүтцийн ажлыг зэрэг хийх бөгөөд 2020 онд үе шахах ажлыг хийж дуусгах юм байна. Бүтээн байгуулалтын ажил эхэлснээр 3656 хүн ажлын байртай болох талаар өчигдрийн өгсөн мэдээлэлд дурдаж байлаа.
Р.Адъяасүрэн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан