Сүүлийн жилүүдэд мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүд Сүхбаатар, Дорнодын тал нутагт эзэн сууж, ус бэлчээрийг талхалж, улс ардыг нь хавчих болсон. Тодруулбал, хурдан удмын адуутай ихэнх тод манлай, манлай, алдарт уяачид, моринд дуртай томоохон бизнесменүүд бүгд шахуу дээрх аймгуудад нүүдэллэн очиж, жүчээ юмаа зэхэж, адуу малаа адгуулсаар байна.
Жишээлбэл Дорнод аймагт Тод манлай уяач Д.Онон, Т.Батзориг, С.Ганхуяг, Т.Галбадрах, Б.Билэгдэмбэрэл, алдарт уяач Э.Ганбат тэргүүтэй уяачид. Сүхбаатар аймагт тод манлай уяач Д.Дагвадорж, А.Батсүх, Л.Батмөнх зэрэг олон томоохон уяачид суурьшиж тухайн орон нутгийн ус, бэлчээрт адуу малаа адгуулан маллах болжээ. Ингэхдээ тэд түр болон бүр оршин суух хаягаар бүртгүүлж, тухайн нутаг усанд тус нэмэртэй аж төрөх болж.
Гэтэл тэдэн дотор эр чадал, хөрөнгө мөнгө, эрх мэдэлдээ дулдуйдсан эрхмүүд ч мэр сэр байдаг аж. Тодруулбал, Монгол Улсын тод манлай уяач Л.Батмөнх гэх эрхэм Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд газар тариалан эрхэлнэ хэмээн их хэмжээний газар авсан ч тус аймгийн отрын бүс нутагт өөрийн адуу малаа аваачиж, жүчээгээ барьж ус, нутгийг нь өөрийн дураар талхлах болжээ. Тиймээс түүнд Сүхбаатар аймгийнхан ихэд дургүйцэж, эсэргүүцэж эхэлсэн байна.
Учир нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, “Гацуурт” групп-ын захирал Л.Чинбатын ах, МУТМУяач Л.Батмөнх анх тус аймгийн Мөнххаан суманд газар тариалан эрхэлнэ хэмээн газар авчээ. Гэвч тэрбээр тус газрынхаа зориулалтыг өөрчилж, өөрийн хувийн эдлэн, морины жүчээ, малын бэлчээрээ болгочихжээ. Тэгээд зогсоогүй Тод манлай цол, том бизнесийнхээ нэр сүрээр далайлгаж Сүхбаатарын талд дур мэдэн газар өрөмдөж, худаг гаргаж эхэлсэн байна. Уг нь тухайн орон нутагт худаг гаргах гэж байгаа бол багийн ИНХ-аар хэлэлцүүлж зөвшөөрүүлж, Сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газраас тусгайлан зөвшөөрөл авч хийх ажил аж.
Гэтэл “Гацуурт”-ын Л.Чинбатын ах Л.Батмөнх гэгч тэгэлгүй дур мэдэн газар тариаландаа ашиглах болон мал ахуйгаа услах худаг гаргаж иржээ. Түүнийг тийнхүү хоёр дахь худгаа гаргахаар газар өрөмдөж байхад нь Сүхбаатар аймгийн зарим удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсгийнхэн таарч таслан зогсоожээ. Түүнчлэн усгүй талд гаргасан худгаа Л.Батмөнх манлай ганцаараа ашиглах гэж ойр тойрныхоо малыг ойртуулдаггүй гэнэ. Мөн тус орчимд олон жил нутагласан малчдын малыг хөөж туудаг талаар нутгийн иргэд хэлж байна.
Ийнхүү Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын отрын бүс нутагт эзэмшиж буй газраа зориулалтын бусаар ашиглаж байсан Тод манлай уяач Л.Батмөнхөд Сүхбаатар аймгийн удирдлагуудаар ахлуулсан “Отрын бүс нутаг чөлөөлөх ажлын хэсэг” сануулга өгч, эзэмшиж буй газраа зориулалтынх нь дагуу ашиглах, бусад аж, ахуйгаа татахыг үүрэг болгожээ. Гэвч тод манлай уяач Л.Батмөнх “Би Говь-Алтайн хүн. Монголынх хаана ч амьдрах эрхтэй” хэмээн зөвхөн өөрийн жижигхэн эрх ашгийг ярьж бусдын эрхийг зөрчиж эсэргүүцсээр байгаа гэнэ.
А.ТАМИР
АРДЧИЛАЛ.МН