Ц.Амарбаясгалан: Одоо би 83 дахь тулаанаа хийх гэж байна


Тулааны урлагийн нэгэн од гэгддэг “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалантай саяхан уулзлаа. Нэгэн үе арлын Япон улсад тулаанчаара шуугиан тарьж муатай, кикбоксоор дэлхийн аварга болж явсан тэрбээр одоо монголдоо даруухан амьдарч байгаа юм. Түүнтэй хийсэн бяцхан ярилцлагаа толилуулья.


-Өөрийг чинь тун удахгүй дахин дэвжээнд гарч тулаан хийх гэж байна гэж сонслоо?
-Тиймээ. Энэ сарын 20-нд Тайландын тамирчин Т.Синамтай нэг ээлжит тулаан хийхээр боллоо. Уг тулаан Монголд болно. Энэ дэвжээн дээр зөвхөн синам бид хоёр биш мэргэжлийн тулааны дэвжээнд 12 ялж ганцхан дийлдсэн манай авьяаслаг тулаанч Б.Алтандөлгөөн бас Тайландын тамирчинтай хүч үзнэ. Сайхан тоглолт болох байх гэж найдаж байна.
-Чамайг дахин тулаан хийхгүй юм байна гэж ойлгож байлаа шүү дээ?
-Би тулааны спортоор хичээллээд нэг мэдсэн 30 жил болчихжээ. Энэ хугацаанд муатай болон кикбоксоор дэлхийн аварга болж байлаа. Тийм болохоор хойч үеээ бэлдэхээр монголдоо ирж “Shinobu Fighting Gym” нэртэй клуб нээж тулааны тамирчид бэлтгэх ажилтай болсон юм л даа. Одоо манай клубт 90 гаруй залуу тулааны спортоор хичээллэдэг.
-Ер нь бол спортын хүн амжилтыг залуу насандаа л гаргадаг гэдэг. Тэр тусмаа тулааны спорт залуу насных байх гэж бодох юм…
-Энэ тухай би бодсон л доо. Тэгээд зодог тайлья гэж… Гэтэл дэвжээнд гарахгүй гэхээр уйтгартай, ямар ч зорилгогүй мэт санаа төрөөд. Зодог тайлах тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрч чадсангүй. Дахиад тулалдахаар шийдлээ. Өөрийгөө шинжмээр байна шүү дээ.
-Одоо нас хэд хүрч байна даа?
-Дөч. Би амьдралын маань утга учир тулааны урлаг гэж би хэлдэг хүн. Тэр үг маань ч намайг дуудсан. “Дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат” гэсэн монгол үг ч байдаг биз дээ. Үзнэ дээ.
-Тэр жил Тайландын аварга гэх нэг нөхөртэй чи монголдоо тулалдахдаа багахан хугацаанд нам унагаад ялсан. Тэгвэл одоо ялна гэж итгэж байна уу?
-Ялах, ялагдах алин ч гол биш. Би өөрийгөө сорих нь чухал байна л даа. Энэ тулаан миний 83 дахь тулаан юм шүү дээ.
-Өөрөө чинь ер нь аль нутаг билээ дээ?
-Дархан хотод төрж өссөн хүн. Тэгэхээр тэндхийн уугуул гэж болох байхаа.
-Яагаад тулааны спорт сонирхсон юм бэ?
-Багадаа тулаантай кино их үздэг байлаа. Энэ маань нөлөөлсөн байх. Брюс-Ли, Вандамм гээд л алдартнуудын тоглосон кино тун олон гардаг байсан даа. Тэнд л би…
Тэгээд 2001 оноос мэргэжлийн тулаанч болсон доо.
-Тэгээд л Японд очсон гэдэг билүү?
-Тиймээ. Японд очиж ур чадвараа дээшлүүлэх гэж олон ч тэмцээнд орсон. Бас хажуугаар нь сургуульд сурсан.
-Тулааныхаа чиглэлээр үү?
-Үгүй ээ. Эдийн засагч болсон.
-Урьд нь 63 кг-ын жинд өрсөлддөг байсан даа. Одоо жин өгсөж тулалдах юм уу?
-Үгүй тэр л жиндээ үзэлцэх бодолтой. Ер нь тулааны спортод жин өгсөх тун эрсдэлтэй байдаг онцлогтой. Бас нэг сонин юм нь миний жинд өрсөлдөх хүн ховор олддог.
-Бас нэг кинонд тоглоод амжсан байх аа өөрө…?
-Тэгсэн. Найзуудын ятгалгаар “Татаар ажиллагаа” гэдэг тулаант кинонд тоглосон. Нөгөө толгой дээрээ шил хагалуулдаг дүрд.
-За тийм байж. Ямартай ч нэг тулаан хийх нь. Цааш нь яах зорилго байна вэ?
-Клубээсээ монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх сайн тамирчин бэлдэхийн төлөө л ажиллана даа. Алсдаа дахин тулаан хийхээр дэвжээнд гарахгүй ч гэж одоогоор хэлж чадахгүй.
Д.ЦЭРЭННАДМИД
ЗУУНЫ МЭДЭЭскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан