Крайстчерчийн сүмд халдлага үйлдсэн этгээдийг үргэлжлүүлэн хорино

Шинэ Зеландын Крайстчерч хотын тойргийн шүүх тус хотын лалын сүмд халдлага үйлдсэн Австралийн иргэн, 28 настай Брентон Таррантыг ирэх сарын 5-ны өдөр болох дараагийн шүүх хурал хүртэл үргэлжлүүлэн хориг шийдвэр гаргажээ.
Крайстчерчийн тойргийн шүүхийн шүүгч Брентон Таррантыг батлан даалтаар гаргах өргөдөл ирээгүй, мөн дараачийн шүүх хурлаар түүнд нэмэлт ял тулгах учир түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Нэмэлт ялын талаар тэрбээр тодруулаагүй гэж The New Zealand Herald сонинд бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хэдэн жил Шинэ Зеландын Данидин хотод оршин сууж байсан Брентон Харрисон Таррант шүүх хурлын үеэр огт гэмшсэн байдал гаргаагүйн дээр гэрэл зураг авах үед нацистуудын үйл хөдлөлийг үзүүлж байжээ.
Крайстчерч хотын лалын хоёр сүмд халдлага гарсны улмаас хамгийн сүүлийн мэдээллээр 50 хүн амиа алдаж, мөн 50 орчим хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Халдлагатай холбогдуулан цагдаагийн нэмэлт хүчийг Крайстчерч хотод дайчлан ажиллуулж байгаа аж.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн улс орон даяар аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюулын түвшинг нэмэгдүүлнэ гээд одоо үйлчилж буй зэвсгийн тухай хуулийг эргэж харна гэж мэдэгджээ.

Я.Болор
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан