ТЭД ЯВСАН Ч ТЭД Л ИРНЭ


Он жил та биднээс хувирал өөрчлөлт нэхдэг бол харин улс төрөөс, тодруулбал улстөрчдөөс тогтонги царцанги тогтворшил, эрх мэдлээс үл зугтах үндсэн нэг фигур болоод үл хувирал нэхдэг нь гайхах шаардлагагүй гажуудал болон Монгол Улсын түүхэнд үлдэж байна.

 

Гэхдээ энэ хувирал нь ард нийтийн эрх ашгаас хөндөгдөж гарсан бодит дүр зураг бус гагцхүү эрх мэдлээс ангижирч үл чадах улстөрчдийн хувийн сонирхол, гинжин урвалд орсон олон давхар эрх ашгаас үүдэлтэй байгаа нь өнөөдрийн нийгмийн эмгэнэл гэлтэй.

2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжснийг тэмдэглэн өнгөрүүлэхэд үг хэлэх, нэр олох эрх нь улстөрчдөд хуваарилагдсан бол амарч, тухлах эрх ард түмнийх байлаа. Өөрөөр хэлбэл, ард түмэнд алга таших эрх үлдсэнээс бус харин алга ташилтаас авах таашаал нь улстөрчдийнх байв. Угтаа бол таашаал бүх нийтэд тэгш олгогдох учиртай гэж ардчилсан нийгмийн мөн чанарыг тодорхойлж болмоор. Харамсалтай нь, тийм байсангүй. Төрийн ордонд ёслолын хувцас өмсөж, иргэний андгай өргөсөн 16 настнуудын хувьд ч адилхан.

“Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Их засаг, хууль ёсо чандлан сахиж
Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн унших тэдний дунд анх удаа дауны синдромтой буюу оюуны ялгаатай хөгжилтэй хүү тангараг өргөсөн нь 2018 онд тэмдэглэн өнгөрүүлсэн 1924 оноос эхтэй анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийн цорын ганц ялгарал нь байв. Гэхдээ дахиад л бодох хэрэгтэй. Учир нь, төдийгөөс өдий хүртэл бүхэл бүтэн 92 жилийн түүхэнд анх удаа дауны синдромтой хүүхдээр тангараг өргүүлж байгаагаараа бахдан ярилцаж байна гэдэг бол төр нь иргэнээ үл огоорсны илрэл. Төр дахь иргэдийн оролцоо ийм хангалтгүй, эрх тэгш бус байгаагийн нотолгоо. Иймд талархах бус харин шүүх, шүүмжлэх, зэмлэх ёстой юм. Тэр дундаа, цав цагаан цаастай зүйрлэхүйц 16 насны энэ гэрэлт өдөр тэдний урдаас харж суугаа, иргэний тангараг уншуулж, ёс зүйтэй, зөв хүн байх тухай эрхэм нандин бүхнийг сургамжилж суугаа ах, эгч нар чухам хэн байв. “Шударга ёсыг эрхэмлэх нь хүний мөн чанар, эх орноо хайрлаж, хамгаалаарай” хэмээн захиж буй улстөрчид нь өөрсдөө хэлж буй сургаал, зөвлөмж шигээ шударга, үнэнч хүмүүс мөн үү. Тэд эрх мэдлээс ангид ажиллаж, амьдарч чадах уу... Үүнд л нийтлэлийн эхэнд дурдсанчлан эгэл иргэдийн өөрчлөлт хийгээд улстөрчдийн царцанги тогтонги эрх мэдлээс зуурсан энэ насных нь суурь байрандаа тогтож үлдсэн эрх ашиг хоёрын ялгарал багтаж буй хэрэг. Үүний тулд өнөөдрийн УИХ болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын албан тушаалын намтрыг эргүүлж нэг харцгаая.

Мэдээж эхний ээлжинд энэ удаагийн УИХ-ын 75 гишүүн. Тэдний 40 нь буюу олонх нь УИХ-д хоёр буюу түүнээс дээш сонгогдсон байх бол 36 орчим нь шууд өөрсдийн удирдан байгуулсан компаниас УИХ-д намаар дамжиж сонгогдсон, ямар ч улс төрийн болоод төрийн ажлын туршлагагүй гишүүд байх жишээний. Мэдээж энэ 36 дунд УИХ-д хоёр ба түүнээс дээш сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд давхардсан байдлаар орж байгаа гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Зөвхөн энэ удаагийн парламентанд анх удаа сонгогдсон гэдгээр нь улс төрийн туршлагагүй, төрийн албанд ажиллаж үзэлгүй шууд хууль тогтоох засаглалд багтсан хэмээн өрөөсгөл байдлаар авч үзсэн гэдэг ойлголтыг уншигч танд төрүүлэхгүйн тулд энэ бяцхан тайлбарыг хийх ёстой болов уу гэж үзээд нийтлэлээ үргэлжлүүлье.

Тэд хэдэн удаа сонгогдож, гүйцэтгэх засаглалд хэдэн удаа тамга атгасан бэ...

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дөрвөн удаа сонгогдож, Батлан хамгаалахын сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Сү.Батболд дөрвөн удаа сонгогдож, Үйлдвэр худалдааны сайд, Гадаад харилцааны сайд болон Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан, улстөрчийнхөө тухайд хувь ихтэй улстөрч.

УИХ-ын гишүүн Лу.Болд дөрвөн удаа сонгогдож, Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт гурван удаа сонгогдож, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гурван удаа сонгогдож, Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар гурван удаа сонгогдож, Гадаад харилцааны сайд, Хүнс,хөдөө аж ахуйн дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан долоон удаа сонгогдож, УИХ-ын дэд дарга, даргаар ажилласан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхний удаа сонгогдоод байгаа ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хоёр удаа сонгогдож, Гадаад харилцааны сайдаар хоёр удаа болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр удаа сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дөрвөн удаа сонгогдож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар хоёр ч удаа ажилласан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж долоон удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурван удаа, УИХ-ын дэд дарга, даргаар ажилласан.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав гурван удаа сонгогдож, Хөдөлмөрийн сайд болон УИХ-ын дэд даргаар ажилласан.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хоёр удаа сонгогдож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дөрвөн удаа сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуйн сайд болон Шадар сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Ч.Улаан зургаан удаа сонгогдож, Сангийн сайдаар гурван удаа, Шадар сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан бол өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшиж, УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжигдсэн байгаа.
УИХ-ын гишүүнД.Хаянхарваа гурван удаа сонгогдож, Сангийн сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гурван удаа сонгогдож, Түлш, эрчим хүчний сайд, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар эхний удаа сонгогдож байгаа ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Гадаад харилцааны сайдаар өдгөө ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Д.Чинзориг нэг удаа сонгогдсон ч Хөдөлмөрийн сайд, дэд сайдаар ажиллаж байгаад өдгөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гурван удаа сонгогдож, Сангийн сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёр удаа сонгогдож, өдгөө УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гурван удаа сонгогдож Батлан хамгаалахын сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Н.Энхболд таван удаа сонгогдож, Засгийн газрын Хэрэг эрхлах газрын дарга, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн М.Энхболд дөрвөн удаа сонгогдож, Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар өдгөө ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин таван удаа сонгогдож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Шадар сайдаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гурван удаа сонгогдож, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хоёр удаа сонгогдож, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хоёр удаа сонгогдож, Сангийн сайд, Ерөнхий сайдаар ажилласан... Энэ бол өнөөгийн УИХ-ыг бүрдүүлж буй гишүүдийн хууль тогтоох эрх мэдэл хийгээд гүйцэтгэх засаглалыг удирдаж, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсон улстөрчдийн өнөөдрийн намтар. Тэд маргааш дахин ямар албан тушаалд очихыг таах аргагүй. Ямартай ч тэд “Яв” гэснээр явахгүй.

Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-д гурван удаа сонгогдож, Шадар сайдаар хоёр удаа ажиллаад зогсохгүй, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын албыг тус бүр хашиж байсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгад ч өнгөрсөн хугацаанд олдсон, авсан эрх мэдэл нь дутаагүй. Учир нь, тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдож, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Өдгөө түүний баруун гар гэгдэж буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-д мөн л гурван удаа сонгогдож, УИХ-ын даргаар ажилласан. Сүүлийн үед АН-ын даргад дахин нэр нь яригдах болсон, намынхаа гишүүдийг дотроос нь өдөөх замаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг албанаас нь буулгах тухай ярианы гол эзэн гэгдэж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч УИХ-д гурван удаа сонгогдож, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Шадар сайд, Ерөнхий сайдаар ажилласан. Хэрэв түүний араас өдгөө парламентын гадна талаас АН-ын улс төрд гол дүрийн дайтай туслах дүрийг бүтээж буй УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын намтар түүхийг сөхөхөд тэд хэзээ ч жирийн иргэн байж чадахгүй болтлоо улс төрд өөрсдийгөө уяж, хүлж, давтсан тийм л эрх мэдлийг хувьчлан авагсад. Хэдийгээр энэ нь хувийн компани биш ч тэд бүгдээрээ Монголын улс төрийг, шийдвэр гаргах эрх мэдлийг өмч хөрөнгөө болгосон тийм л өнгөрсөн 30 жилийн олон нийтийн сонгосон, тахьсан, шүтсэн, алдаанууд. Харамсалтай нь уг нь тэд баринтагласан судар биш. Гэсэн ч олон нийт санал өгч сонгосноороо тэднийг баринтагласан судрын дайтай төрийн дээр тахьсан.

Гол нь, өнөөдөр Монголын улс төрд хүчээ аваад байгаа “Засгийн газрыг огцруулах”, “УИХ-ыг тараах” уриалга идэвхжиж, олон нийтийн дэмжлэг авч өөр зуураа хэмлэлдсэн улстөрчдийн зодоон гүйцэтгэх засаглалыг огцруулж, парламентыг тараавал тэд үнэхээр эрх мэдлээсээ зугтаж явах уу.

Учир шалтгаан нь энэ асуултын хариулт “Үгүй” гэдэгт л байгаа юм. Товчхондоо ТЭД ЯВСАН Ч ТЭД Л ИРНЭ. Өөр ямар ч хариулт байхгүй. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан л өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзахгүй бол өнөөдрийн 75 гишүүний хэн нь ч улс төрөөс сайн дураараа явахгүй. Өнөөдөр УИХ тарна уу, жил хагасын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно уу хамаагүй. Ардчилсан намд С.Эрдэнэ даргын малгай дор цөөн тооны залуус тойрог горилж болох ч тэд ирээдүйн барьцаандаа бууж өгнө. Тэд төлбөрөө төлөхийн тулд УИХ-д орж ирнэ. МАН дотроо хэчнээн зөрчилдөж тэмцэлдлээ ч дараагийн Засгийн газрыг байгуулахын тулд намын дарга У.Хүрэлсүхтэйгээ хэлэлцээрийн ширээнд суухаас өөр аргагүй. Суугаагүй тохиолдолд шинэ Засгийн газар бүрэлдэхгүй, бүрэлдлээ ч “урт наслахгүй”. Иймд асуудлыг бодитоор харцгаая. Тэд сайн биш. Тэд муу. Гэхдээ та бидний сонголт харамсалтай нь ийм мухардмал гэдгийг бодоцгооё. Дээр нь, өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгуулийн ерөнхий хороо 16.4 тэрбум төгрөг зарцуулсан. УИХ-ын сонгуульд 320 хүн нэр дэвшихэд ийм байгаа хойно ээлжит бус сонгуульд бүр илүү олон сайн дурын уран сайханчид нэр дэвшиж таараа. Тэр тоогоор Сонгуулийн ерөнхий хорооны зардал нэмэгдэнэ. Дээр нь, улс төрийн намууд УИХ-ын 2016 оны сонгуулиар албан бус мэдээгээр 40 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Энэ тоо 2012 онд 36.8 тэрбум төгрөг байсан. Сонирхуулахад 1992 оны УИХ-ын сонгуульд Сонгуулийн ерөнхий хороо 11 сая төгрөг зарцуулсан бол намууд нийтдээ 13.7 сая төгрөг зарцуулж байж. Гэтэл энэ тоо 24 жилийн дараа албан бус зардал нь 36 тэрбум, албан ёсны зардал нь 16 тэрбум төгрөгөөр өссөн. Харамсалтай нь, энэ бол бодит тоо. Өнгөрсөн 30 жилийн турш Монголын төрийг удирдсан цөөн тооны улстөрчдийн гаргасан бодит зардал. Тэд ийм их төлбөр төлсөн гэдгээ бодоод ээлжит бус парламентаас явна гэж байхгүй. Шинэ Засгийн газрыг ч тийм амар байгуулчихгүй. Гэсэн ч энэ удаад бид тэвчих ёстой. Яагаад гэвэл төрийн хямралыг мөнгөөр, иргэдийн итгэлийг төлбөрөөр худалдаж авах тийм цаг зуурын тэмцэлд бид гараа өргөж болохгүй юм.

Яг үнэндээ энэ үгийг бичих гунигтай. Гэсэн ч гуниглалын төлөөх төлбөрийг бид өөрсдөөсөө авч болохгүйд учир буй. Дээр нь, ТЭД ЯВСАН Ч ТЭД Л ИРЭХ учраас. Магадгүй ангараг руу маргаашдаа нүүх шинжлэх ухааны боломж нээлттэй байсан бол эс бол ангаргаас удирдагч авчирч, Монголоо даатгах цонх нээлттэй байсан бол өөр хэрэг. Гэтэл тийм биш. Нүдээ нээцгээе. Тогтворжилт руу анхаарлаа хандуулъя. Дараагийн албан ёсны сонгууль бол харин өөр хэрэг. Шинэ улс төр, шинэ улстөрчдийн төлөө!
Анх удаа дауны өөрчлөлттэй хүүг Төрийн ордонд урьж, иргэний андгай өргүүлсэн шиг тийм улс төрийн шинэ өөрчлөлтийг 2020 онд харин зоригтойгоор хийхэд сонгогчдын хувиар өөрсдийгөө бэлдэцгээе!

Энэ бол харин улстөрчдийн  хувиа хичээсэн зөрчил тэмцлийн эрх ашигт захирагдсан цаг бусын улс төр бус Монгол Улсын хоёр сая сонгогчийн эрүүл, зөв улс төр байх учиртай юм.

Г.ОТГОНЖАРГАЛ

http://www.undesniishuudan.mn/content/read/161725.htm

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан