2019 онд сөнөж мэдэх 10 улс


ДҮРВЭГСДИЙГ АВ ГЭСЭН ТУЛГАЛТ ИРЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА
Миний нийтлэлүүдэд муу ёрлох гээч байнга бичигддэг. Уг нь муу ёрлоод ч байгаа юм биш, анхааруулга сэрэмжлүүлэг өгөх санаатай ухнатаад байгаа хэрэг. Гарчигт өгүүлсэн улс орнуудын жагсаалт руу эх орныг минь бүү нэрлээд биччихээсэй гэсэн айдастай ямагт явдаг нэгэн бол би.
Улаанбаатарын өтгөрсөн утаа, хүн амын 3/1 нь ямагт ядуу, ажилгүйдэл ядууралдаа хав баригдсан, төр засаг тогтворгүй, дотооддоо улс төрийн хэрүүлтэй, байгаль орчны доройтолд орсон, хөдөө нь эзгүйрсэн, нийслэл нь даацаа хэдэн зуу дахин хэтрүүлсэн, гэр хорооллын тамын амьдрал болон гэмт хэрэг, хүн амын өвчлөл өндөртэй.
Хүмүүнлэгийн катастроф нүүрлэсэн улс орнуудын жагсаалт ярайж харагдана.
Эдгээрийг олон улсын аврах хороо гэх байгууллага (The International Rescue Committee буюу товчлоод IRC) судалж тандсан бол Монголыг хэддүгээрт оруулах байсан бол. Ингэж бодохоос бүр яс хавтайж байна.
Олон улсын аврах хороо нь дэлхийн 40 гаруй улсад ажиллаж буй бөгөөд дандаа бүтэлгүй, дампуу, аврал эрсэн орнууд ярайж байгааг www.rescue.org сайтаас үзэж болно. Хүмүүнлэгийн катастроф нүүрлэсэн улс орнуудын жагсаалт ярайж харагдана. Катастроф гэдгийг сүйрэл гэж хөрвүүлэхгүй тэр чигт нь хэвшүүлэхийг санал болгоё. Тэртэй тэргүй “попрол” гээд шинэ үг зохиочихсон монголчууд катастроф гээд ойлгочихож чадна.
2018 он ингэхэд ертөнцийн сая сая хүн ардад сүйрлийнх байсан гэх өгүүлбэр явж байх юм. Хирдхийгээд явчихлаа. Маш олон сая хүн гэр орноо, эх орноо орхин дүрвэсэн ба 2019 он түүнээс ч дордоно гэж олон улсын аврах хорооны онцгой байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Боб Китчений мэдэгдэл сайтад байна.
Гарчигт өгүүлсэн 10 улсыг яагаад, хэрхэн, ямар хор уршигтай гэдгээр 10-1 хүртэл жагсаажээ. Тэнд бичсэнийг бараг тэр чигээр нь www.rescue.org-оос хөрвүүлье. “10” хамгийн гайгүй нь, цааш тоо нь хасагдаад “1” дээр очиход хамгийн муу нь гээд ойлгочихож болно.
10. СОМАЛИ
Сомали улсад 10 жил иргэний дайн дэгдээстэй, үр дүн нь энэ төрт-улс хэрэг дээрээ оршин тогтнохоо больсон, олон хэсэгт хуваагдсан байдалтай байна. Дотооддоо дайн дажнаас дайжсан 2.6 сая сомаличууд тун ноцтой байдалд оржээ. Үүнээс 870 мянгыг нь албан ёсны дүрвэгсэд гэж үздэг. 2019 онд Сомалид гэрэл гэгээтэй ямар ч дэвшил гарахгүй. Хамгийн тогтворгүй улс хэвээрээ үлдэнэ. Зэвсэгт мөргөлдөөн, хүнсний хомсдол яг зэрэгцэнэ. “Ашшабаб” хэмээх лалын террорист бүлэг айхтар хүчирхэгжихгүй ч салан тусгаарлагчдын халдлага тасрахгүй тул тэднээс дүрвэх дайжих явдал үргэлжилнэ.
9. ЭТИОП
Этиопт дотоодын мөргөлдөөн хурцхан байна. 2018 оны эхний хагаст гэхэд л 1.4 сая хүн мөргөлдөөний хөлөөс дүрвэсэн нь тоон үзүүлэлтийн хувьд дэлхийн аль ч улсыг давсан аж. Улс төр, угсаатны зөрчил тэмцэл энэ улсыг нэрвэж буй. 2019 онд улс төр нь бужигнах нигуртай, мөргөлдөөн даамжрах, дүрвэгсэд олшрох, хүнсний хомсдол нүүрлэж, ургац алдах магадлалтай.
8. НИГЕРИ
Нигери хүн амаараа Африктаа хамгийн томд орох энэ улс хууль бус зэвсэгт бүлгүүд, лалын террористуудын халдлагад хангалттай өртөж, сүйрлээ. Усны ба газрын нөөцийн төлөө отог овгийнхны хооронд ч зөрчил, хүчирхийлэл оршсоор. Одоогийн байдлаар элдэв шалтгаанаар дүрвэсэн хүн хоёр саяас давсан ба тэдний 230 мянга нь гадагшаа орогнол эрэн, тарж алга болжээ. 2019 оны төлөв байдлаар цаашид улам даамжрах аж. Дүрвэгсдийн шинэ давалгаа, хүнсний хямрал сая сая нигеричүүдийг нэрмэх нь тодорхой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулиа зарлан явуулж байна гээд улам дордуулчих, тогтворгүй болгочих болов уу.
7. СИРИ
Сири улс 2011 оноос зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвүүлж байгаа. Анх Засгийн газраа эсэргүүцсэн тэмцлээр эхлээд иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн. Сирийн газар нутгийн ихээхэн хэсэг нь дайнд сүйдчихсэн байна.
Эрүүлийг хамгаалах ба боловсролын  систем нь бүрэн нурж, 6.2 сая сиричүүд дотооддоо дүрвэсэн, 5.6 сая нь хөрш орнууддаа болон гадаадад албан ёсны дүрвэгчийн бүртгэлтэй. 2019 онд байдал сайжрах найдлага огтхон ч алга. Баруун хойд Сирид нь зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралын аюул нүүрлээстэй. Агаарын элдэв халдлага цохилтод хүн ам нь өртөх магадлал өндөр байх бололтой.
6. ТӨВ AФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС
2013 онд цэргийн эргэлтээр Засгийн газраа унагаснаас хойш энэ улс элдэв сорилтыг туулсаар байна. Олон улсын байгууллага мэрийн хэлэлцээний ширээнд суулгаад, суулгаад зэвсэгт мөргөлдөөнийг нь зогсоож чадсангүй. Мөргөлдөөн үргэлжилсээр энгийн иргэд хөлд нь хохирсоор буй. Дээр нь 550 мянга гаруй хүн хүнсний дутагдалд орж, өлсгөлөнгийн там туулж байна. Тиймээс 2019 онд сайжрах төлөв харагдахгүй,  мөргөлдөөн үргэлжилнэ, хүнсний хямрал нүүрлэнэ, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдээд хүмүүнлэгийн гүн хямралд хүргэж магадгүй.
5. ВЕНЕСУЭЛ
Венесуэл гэдэг улс эдийн засгийн коллапс болсон ба гурван сая хүн ард нь эх орноо орхин гадаадад дүрвэсэн байна. Эх орондоо өлсөж үхэхгүйн тулд гэсэн шалтгаантай гадагш цувж байгаа нь бүр ноцтой. Гэмт хэрэг, хүчирхийлэл дагалдаад өслөө. Эрүүлийг хамгаалах систем нь сүйрч халдварт өвчин дэлгэрлээ. 2019 онд Венесуэлийн эдийн засгийн хямрал улам гүнзгийрнэ. Засгийн газар нь эдийн засгийн бодлогоо эрс өөрчилж, суурь реформ хийж чадахгүй бол байдал улам дордох ба дүрвэгсдийн тоогоороо толгой цохиод гараад ирэхийг үгүйсгэхгүй.
4. АФГАНИСТАН
Aфганистаны мөргөлдөөн 2001 оноос үргэлжилсэн. Засгийн газар нь дангаараа тулалдсан бол сөнөж мөхөхийн даваан ирэх байлаа. Гэвч лалын “талибан” хөдөлгөөн 2014 оноос тус орны нутаг дэвсгэр дэх хяналтын бүсээ тэлсээр байна. Байгалийн гамшиг, ган дээрээс нь нэрмэж хүнсний хямралд орсноос хүн ам нь үй олноороо дүрвэн нүүж байна.
2018 онд хагас сая афган хүн дүрвэсэн, бас Иранаас албадаж буцаагдсан Афганчууд гэх үйлтнүүд үй олноороо тэнүүчлэн буй. 2019 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль гэрэл гэгээ авчрах нь юу л бол. Тэр нь талибуудын хаврын давшилттай давхцана. Дайн тулаан, хүчирхийлэл, террорист халдлагын дор афганчууд саналаа өгөх болж байна. Түүнчлэн хүнсний хямрал үргэлжилсээр байх болно.
3. ӨМНӨД СУДАН
Тусгаар тогтнолоо дөнгөж олж авангуутаа 2012 оноос дотроо иргэний дайнд татагдан орсон ба 380 мянган хүний амийг авч одлоо гэсэн мэдээ байна. Энхийн гэрээ байх нь байна. Уг нь НҮБ-ын энхийг сахиулагчид оролцон байж гал зогсоолгосон.
Гэвч хүчирхийлэл намжсангүй. Дэлхийн дүрвэгсдийн эгнээг 2.47 сая хүн ардаараа нөхөж 6.1 сая хүн өлсгөлөнгийн аюулын дор өдөр хоногийг өнгөрөөж байна. 2019 онд хүчирхийллийг нь хазаарлалаа гэхэд өлсгөлөн хэвээр байх нь гарцаагүй. Хүнсний хомсдол байнгынх. Энхийн гэрээг зөрчвөл зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжиж, хүмүүнлэгийн хямрал дагуулах нь гарцаагүй болно.
2. АРДЧИЛСАН БҮГД НАЙРАМДАХ КОНГО УЛС
Тус улсад 20 жил зэвсэгт мөргөлдөөн өрнөлөө. Нутаг дэвсгэрийнх нь үлэмж хэсэг тогтворгүй бүс нутаг болов. аюулын дор 13.1 сая хүн ард байнга тарчлан амьдарч буй. Хүнс байнга дутагдалтай. НҮБ-ын судалгаагаар 4.5 сая хүн дүрвэсэн буюу дайжсан бол эбола вирус өргөн хэмжээнд тархсан.
2018 оны 12 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийг нь хийлгэсэн боловч тогтвортой байдал тогтсонгүй, харин ч 2019 онд уласм даамжрах төлөвтэй. Зэвсэгт олон бүлэглэлийн хүчирхийлэл намжихгүй, дагалдаад дүрвэгсэд, хүнсний хямрал нүүрлэнэ юм байна. Дайн дажнаас болж энэ улс ургацаа олон жил алдсан.
1. ЙЕМЕН
Дэлхийн хамгийн аюултай, ёстой сөнөх мөхөхийн ирмэг дээр дэнжигнэж байгаа улс бол Йемен юм. 2015 оноос иргэний дайн шинэ шатанд гарч даамжирсан. Уг дайнд нь Саудын Араб тэргүүтэй эвсэл оролцон Ерөнхийлөгч хадигийн Засгийн газрыг дэмжин хуситуудтай байлдаж байна. Үй олныг хамарсан өлсгөлөн нүүрлэх эрсдэл ирлээ хэмээн НҮБ онцгойлон анхааруулсан. Одоогоор 63500 Йемен турж үхэхийн босгон дээр байна.
Үүнийг дагаад холер дэгдэн сая гаруй хүнийг өвчлүүлжээ. 2019 онд энэ улс өөдлөх төлөв огт алга. Иргэний дайн (шашны дайн) нь үргэлжилж, хүмүүнлэгийн катастроф дагуулахаас гадна хүнсний хямралаа шийдэж чадахгүй нь. Хэрэв гал зогсоож эвлэрэлд хүрэхгүй бол эвслийн хүчин давшилтад орж, ходейда хэмээх тэнгисийн боомт хотыг эзлэн авах юм. Ингэж хянаж чадвал импортын 70 хувь тэдний хяналтад орно. Дайн дажин, өлсгөлөнгөөр 250 мянган хүн амиа алдана хэмээн НҮБ сэрэмжлүүлсэн байна.
Үйл нь ирсэн 10 улсыг дээр жагсаалаа. Монгол, монголчуудад хамаагүй, тэс хөндлөнгийн мэдээлэл биш. НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс энэ гамшигт үзэгдлийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй.
Адаглаад л дэлхийн дүрвэгсдийн хямрал шийдэхэд ямар үүрэгтэй вэ, хязгааргүй энэ их газар нутагтаа тэдэн мянган (арай ч сая гэхгүй байх) дүрвэгсдийг хүлээн ав, эсвэл дүрвэгсдийн асуудал шийдэхэд хэдэн сая доллар хандивла гэх мэтийн тулгалт өмнө нь ганц нэг ирж байсан. Тиймээс 2019 онд ирэхгүй гэх баталгаа алга.
• НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс энэ гамшигт үзэгдлийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй.
• Маш олон сая хүн гэр орноо, эх орноо орхин дүрвэсэн ба 2019 он түүнээс ч дордоно.
• Олон улсын аврах хороо нь дэлхийн 40 гаруй улсад ажиллаж буй бөгөөд дандаа бүтэлгүй, дампуу, аврал эрсэн орнууд ярайж байгааг www.rescue.org сайтаас үзэж болно.
Цэнхэр дуулгатнаа хямралын бүс нутгууд руу бид илгээсээр байх нь мэдээж. Монголын энхийг сахиулагчид Африкт нэр хүндтэй, Ирак, Афганистанд ажилласан хур туршлагатай болсныг нийтээрээ бахархан тэмдэглэдэг. Тэр ч бүү хэл Монголын энхийг сахиулах ажиглагчид дорнод украинд ажиллаж байгаа мэдээг тэр бүр монголчууд мэддэгүй бол одоо мэдүүлчихье.
Дээрх 10 улсын нэр зааж эшлэн, баримт түшиж www.rescue.org сайтаас хөрвүүлэн буулгалаа. Энэ 10 улс дээр Ливи, Ирак, Бангладеш гээд нэмбэл нэмэгдэх улсууд мэр сэр байх аж. Ингэхэд манай хойд хөрш ОХУ эдний дунд геополитикийн тоглолтын шинэ тавцан хайж, бэдэрч явааг анхаарахгүй өнгөрч боломгүй.
Нөгөө сөнөх мөхөх тавилантай 10 улсын дотор нэр заагдсан зарим улсад оросууд хувиараа тусдаа (НҮБ-аас гадуур) энхийг сахиулах гэж байгаа нь илт байна.
“ЧВК Вагнер” гэх нэр сайтуудад явж байдаг нь Оросын Вагнер нэртэй хувийн цэргийн компани ба хувиараа сайн дурын үндсэн дээр хөлслөгдсөн цэргийн албан хаагчид өвч бүрэн зэвсэглэн хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тухай нэгэнтээ ил болсон үйл явдлыг хэлж байх шиг.
Энэ компанийн орос дайчид Сири, Африк, Украинд байлдахаар мордлоо гэх мэдээ оросын сайтад байна. ТАБНУ-д нэг суман цэргээ илгээсэн, Суданд 80 “вагнеровц” (вагнерчууд) алба хашиж байна. Ливи рүү явцгааж байна. Сирид үргэлжлүүлэн ажиллаж байна гэхчлэн нэрээ нууцалсан Николай аверин гэдэг цэрэг ярьжээ.
Нөгөө сөнөх мөхөх тавилантай 10 улсын дотор нэр заагдсан зарим улсад оросууд хувиараа тусдаа (НҮБ-аас гадуур) энхийг сахиулах гэж байгаа нь илт байна.
Нурж унаж буй Венесуэлд туслахаар ОХУ хөдөлж байгаад дэлхий нийт гайхаж байх шиг. Оросын стратегийн пуужин тээгч ТУ-160 гэх хоёр онгоц, АН-124 цэргийн тээврийн онгоц, иргэний агаарын тээврийн ИЛ-62 тус улсад зэрэг зэрэг нисч хүрсэн ба Венесуэлын цэргийн нисэхийнхнийг сургах юм болоод явчихна.
Бүр Оросын агаарын ба сансрын цэргийн бааз байгуулагдах тухай яриа ч өрнөж, оросын тэнгисийн цэргийн флотын хөлгүүд усан боомтуудад нь чөлөөтэй орж гарах нь байна. Ард түмэндээ үзэн ядагдаж, хөршүүддээ хараалгаж, заримтай нь дипломат харилцаагаа таслуулан Николас Мадуро Москвад Батлан хамгаалахын сайдаа дагуулан ирж, сүр бараатай айлчилсан.
Хэрэв түүх сөхөж гомдол тайлах аваас дээр нэр дурдсан сөнөх мөхөх нь тодорхой болж буй 10 улсын дотроос Сомали, Этиоп, Өмнөд Йемений хөгжил дэвшлийн сонголтыг СССР-т хийж социалист чиг баримжаа гэх үзэл сурталжсан онолоо тулгана. Мөн тэднийг социалист хамтын нөхөрлөлийн бэлтгэл нөөц хүчин, дараагийн ирээдүйн гишүүд хэмээн авч үзэж, эрх барих намыг нь марксист-ленинист болгож эрх баригчдыг нь Москвад сурган бойжуулж, тэгээд социализмд оруулсан хөгийн түүх нэгийг хэлэх байх.
Үнэндээ Сомали, Этиоп, Өмнөд Йемений коммунист эрх баригчид улс орноо сүйрүүлэхийн эхлэлийг тавьсан гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. ЗХУКН-ын их хурлын индэрт хүндэт зочдын суудалд Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар тэдэнтэй зэрэгцэн сууж байсан зураг хуучраагүй.
Нурж унаж буй Афганистанд коммунизм байгуулах гээд СССР 10 жил байлдсан ч юу болж, ялагдаад хөөгдөөд гарлаа. Сирийг ч мөн адил социализм руу мөн ч их даллан дуудаж хөтөлсөн дөө. Арабын социалист сэргэн мандалтын нам эдүгээ засгийн эрхээ барьсаар байгаа. Цаг үеэ мэдрээгүй нэг зүүний социалист улс латин америкт гарч иржээ. Оросууд ч халамжлаад авлаа...
Нийтлэгч: Олхонуд Баярхүү
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан