"Төмөр замаар 2500 бээр аялсан нь" буюу Ким Жон Уны Вьетнам дахь айлчлал

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар Вьетнамын нийслэл Ханой хотноо хүрэлцэн очоод байгаа билээ. Тэрээр галт тэргээр зорчсон бөгөөд уржигдар буюу ням гаригт Пёньянаас гарч, хоёр хоногт 4000 км /2485 майл/ зам туулан, өнөөдөр үдээс хойш л Ханойд ирсэн юм. Хэрвээ тэрээр онгоц хөлөглөсөн бол маргааш өглөө замд гарч, хэдхэн цаг нисээд л Ханойд газардаж болох байсан. Гэтэл яагаад галт тэргээр зорчино вэ. Галт тэргээр зорчих нь үнэхээр онгоцоор нисэхээс илүү аюулгүй юу. Энэ асуултад хариулт өгөх мэдээлэл ВВС агентлагийн цахим хуудаст нийтлэгдсэнийг уншигчдадаа хүргэж байна.

Ким Жон Уны галт тэрэг хамгаалалттай замаар зорчиж, "хаалттай" зогсоолд л зогсдог

Ким Жон Уны эцэг Ким Жон Ил гадаад улсад айлчлахдаа галт тэрэг л ашигладаг байсан түүхтэй. Тэгвэл хүү нь эцгийнхээ уламжлалыг өвлөн, эцгийнхээ ашиглаж байсан хуягласан галт тэргээр гадаад ажил төрлөө амжуулж байна.

Жон Уны хуягласан галт тэрэг нь бусад галт тэргийг чөлөөлөн бүрэн хамгаалалтад авсан замаар л зорчдог. Сая ч гэсэн ийм байдлаар 4000 гаруй км аялан явсаар Вьетнамд ирсэн. БНХАУ-ын нутгаар явж байх үед түүний явах маршрутаар бусад галт тэргийг явуулалгүй хаасан бөгөөд зогсох үед нь галт тэрэгний зогсоолыг ч бүрэн хааж байв. Вьетнамд орж ирээд буусан Донгданг буудлыг ч гэсэн олон нийтээс тусгаарлан түр хугацаанд хаасан. Тэндээс Ким Жон Ун  хуягласан автомашинд сууж, 170 км яван Ханойд орж ирсэн юм.

kim sammit-2

Түүнийг Вьетнамд галт тэргээр ирснийг аюулгүй байдлаасаа гадна бэлгэдлийн чанартай байсан гэх хувилбар ч байна. Түүний өвөө, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ил Сан Вьетнам, Дорнод Европт айлчлахдаа галт тэргээр зорчиж байв.

Хуягласан галт тэрэг үү, хуягласан диваажин уу

kim sammit-3

Кимийн хөлөглөдөг ногоон өнгөтэй, галт тэрэгний цуваа нь хуягласан 21 ширхэг галт тэрэгнээс бүрдэх бөгөөд дотроо маш тансаг засалтай гэдгийг хэлэх нь зүйтэй. Бүдэг ягаан өнгөтэй арьсан буйдангаар тоноглогдсон тасалгаа, хурлын танхим, ресторан, амралтын өрөө, ариун цэврийн өрөө гээд байх ёстой тоноглол бүгд бий бөгөөд маш тансаг, бусад удаан л болохоос тав тухаараа онгоцноос ч илүү диваажин гэмээр унаа ажээ.

kim2

Ким-Трамп Вьетнамд юу хэлэлцэх вэ, тэд яагаад дахиж уулзахаар болов

Юуны түрүүнд, Вьетнамд болж байгаа уулзалт нь тэдний өнгөрсөн жил Сингапурт хийсэн уулзалтын шууд үр дүн гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэнд хоёр лидер Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэсэн ажиллагануудыг хэрэгжүүлэхээр тохирсон нь олон жилийн турш тодорхой бус байсан асуудлыг нэг тийш нь болгож өгсөн чухал ач холбогдолтой болсон юм.

kim sammit-4

Гэвч уулзалтын дараа урьдчилан тааварлах боломжгүй асуудлууд үүссэн бөгөөд хоёр удирдагчийн удаах уулзалт энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэх нь тодорхой юм.

Уулзалтын үр дүн ямар байх вэ

Өмнө нь нэг уулзаад үзчихсэн хүмүүс хоёр дахь удаагаа илүү илэн далангүй байдаг шиг Ким-Трампын хоёр дахь уулзалтыг өмнөхөөс үр дүнтэй болно гэж ажиглагчид үзэж байна. Уулзалтын цаг Сингапурынхаас хамаагүй удаан байгаагаас гадна, удирдагчдын хандлага ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

kim sammit-5

Доналд Трамп Кимтэй хийх уулзалтынхаа талаар ярихдаа “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоор яарахгүй”, “Бусдыг ч яаруулахгүй”, “Бид хэнийг ч шалгахгүй. Одоогоор ямар ч шалгалт болоогүй ч бид сэтгэл хангалуун л байна” гэх зэргээр ярьсан нь ойлголцол дээд түвшинд байх нь гэсэн итгэлийг төрүүлж байгаа юм.

БНАСАУ сайн дураараа цөмийн зэвсгээсээ татгалзах нь хамгийн зөв гарц гэдгийг Вашингтон өмнө нь Пёньянд сануулж байсан билээ.

Яагаад заавал Вьетнамд гэж?

Ким Жон Ун Д.Трамптай уулзах газраараа Вьетнамыг сонгож авсан нь олон учир шалтгаантай. Вьетнам нь БНАСАУ, АНУ аль алинтай нь дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаатай. АНУ-тай дайсагнасан харилцаатай, дайн тулаандаа хүрч байсан түүхтэй ч одоо найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж буй. Энэ утгаараа дайсагнасан улсууд ч өнгөрсөн муу муухайгаа мартаж, харилцаагаа сайжруулж болдог юм гэдгийг харуулах сайхан жишээ болно.

Нөгөө талаар, БНАСАУ, Вьетнам хоёул коммунист засаглалтай. Коммунизмаа хэвээр хадгалсан ч эдийн засгаа хурдацтай өсгөж чадаж байгаа гэдгээрээ онцлогтой улс юм.

Ким-Трампын уулзалт маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 27-28-нд Ханой хотноо болно.

Х.Батсайхан

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан