Орхигдсон “Нүүрс” хөтөлбөр ба Орос, Хятадын нүүрсний амбиц

2019 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тооцсон. Өмнөх жилийнхээс зургаан сая тонноор илүү гэсэн үг. Энэ нь төсөөлөл төдий бөгөөд бодитоор биелүүлэх төрийн бодлоготой тодорхой төлөвлөгөө байхгүй. Сүүлийн гурван жил дараалан манай улсын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Гэхдээ энэ эрчмээ  хадгалан 2019 онд  нүүрсний экспорт өмнөх жилийн хэмжээнээс давах нь эргэлзээтэй. Биелэхгүй тохиолдолд Улсын төсөв тасалдах эрсдэлтэй. Сайн, муу хэлэгдэн салбарыг нуруундаа үүрч  яваа хувийн хэвшлийнхний хүчин чармайлтаар нүүрсний экспорт 42 сая тоннд хүрч болох л байх. Магадгүй, “Эрдэнэс Тавантолгой” компани 10 сая тонн нүүрсээ Хятадын Баяннуур аймагт угаах хэлэлцээрээр Ганцмод боомтын импорт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эсвэл Тавантолгойн таван замын аль нэг нь баригдаж экспортын нүүрсний хэмжээ ахина гэж төр засаг найдаж мэднэ. Энэ янзаар нүүрсний салбартаа төрийн нэгдсэн бодлогогүй, тодорхой төлөвлөлтгүй, дотооддоо өрсөлдсөн, цор ганц худалдан авагч Хятадын зах зээлийн өнөөгийн бодлого болоод гол өрсөлдөгч Оросын нүүрсний стратегитай уялдах алсын хараагүй, зөнгөөрөө зөөж байгаа Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, үнийг улам бууруулж байна.
Сонгуулиас сонгуулийн хооронд яригдсаар буй Тавантолгойн орд, улс төрчдийн ашиг сонирхол дунд далангаас хэтрээгүй нүүрсний төмөр замын төсөл, жолооч нарын амь насаар  тоологдох ачааллаа дийлэхгүй авто зам, дотоодод нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хязгаарлах ганц зах зээлийн хамаарал   нүүрсний салбарын өнөөгийн дүр зураг. Төрөөс нүүрсний талаар баримтлах хатуу бодлого байгаагүйн улмаас үе үеийн засаг энэ салбараар “тоглож” ирснийг сүүлийн арван жилд огтхон ч өөрчлөгдөөгүй өнөөдрийн нөхцөл байдал бэлхнээ харуулна.
Монгол Улс жилдээ 50 саяас багагүй тонн нүүрс экспортлох, цаашлаад 100 саяд хүргэх, ашиглаж байгаа нүүрсний ордууддаа тулгуурлан 9 цахилгаан станц байгуулах, эрчим хүчний нүүрсээ боловс­руулан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Тавантолгойн ордод нүүрс-химийн цогцолбор цогцлоох, эл ордоос Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих  амбицтай “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүү­лэхээр тодорхойлж байсан цаг бий. 
2014 онд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлагдаж, хэрэгжүүлэхээр туссан  дэд хөтөлбөрүүдийн   нэг нь “Нүүрс” хөтөлбөр байв. Тухайн үеийн Уул уурхайн яам мэргэжлийн холбоод, Японы “Жайка” байгууллагатай хамтран нүүрсний салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж, хөтөлбөрийг хариуцсан Ажлын хэсэг ч байгуулагдан ажиллаж байлаа.
Өнөөдөр уурхайн үйл ажиллагаа салбар яаманд харьяалагдах ч бүтээгдэхүүн нь Эрчим хүчний яамны мэдэлд, баяжуулах, шингэрүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хамаарах жишээтэй. Энэ байдлыг зохицуулж нүүрсний салбарыг бүхэлд нь тусдаа агентлагт хариуцуулж, Уул уурхайн яаманд харъяалуулахаар зорьж байсан нь “Нүүрс” хөтөлбөрийн нэг онцлог.
Хэрэв тухайн үед хөтөлбөрийг төр засгаас баталж хэрэгжүүлсэн бол нэгдүгээр шатны дөрвөн жил өнгөрсөн онд дуусч, дараагийн дөрвөн жилийн хоёрдугаар шат энэ оноос эхэлж байх байсан. Гэвч нүүрсний үнэ унаж, гадаад зах зээлийн уруудах мөчлөг 2015 онд тохиож “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжгүй цаг үе хэмээн хойшлуулахад хүрсэн. Улмаар шинэ парламент, Засгийн газар бүрдэхэд нүүрсний салбарын дэд хөтөлбөрийн сураг тасарсан. Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарыг цогц бодлогоор хөгжүүлэх томоохон чиг зорилгыг агуулсан “Нүүрс” хөтөлбөр сүүлдээ гэр хорооллын айл өрхүүдийг хангах “шуудай” нүүрсний асуудлаар замхарч байх шиг.   
УУХҮЯ-ны Ахлах  мэргэжилтэн Д.Дамба “Нүүрсний бодлогыг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэлтэс хариуцаж байна. “Нүүрс” хөтөлбөрийг Японы "Жайка" байгууллагаас нүүрсний салбарын хөгжлийн судалгааны урьдчилсан тайланг хоёр жилийн өмнө УУХҮЯ-нд хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш Тавантолгой ордыг цогцоор нь ашиглахаар болж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдэлд Тавантолгой ордын Зүүн, баруун Цанхийг ашиглалтад оруулснаар үйл явдал өөрчлөгдсөн. Ойрын 5-6 жилд Тавантолгой ордын сайн чанарын коксжих нүүрсээ түшиглэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох чиглэл баримталж ажиллаж байна. Жишээ нь, Ухаа Худаг дээр жилд 15 сая тонн нүүрс угааж, баяжуулах үйлдвэр бий.
“Энержи Ресурс” компани үйлдвэрийн 30 орчим хувь буюу 1 модулийн хүчин чадлыг ашиглаж байгаа. Үлдсэн 10 сая тоннын хүчин чадлыг бүрэн ашиглах, цаашдаа  Цанхийн ордыг түшиглээд жилдээ 20-30 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр барих урьдчилсан ТЭЗҮ хийгдээд явж байна. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 73 дугаар тогтоол батлагдсан. Энэ хүрээнд ордоос хил чиглэсэн таван замын төслийг хэрэгжүүлэх чиглэлтэй. Тэгэхээр нүүрсний салбарт хөтөлбөр байх нь зүйтэй гэж салбар яамны зүгээс үзэж байгаа”.
 
АМГТГ-ын Нүүрсний салбарын техник, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтсүх ”Ашигт малтмал бүр дээр бие даасан хөтөлбөр гаргахгүй, нэг том бодлогын баримт бичиг хэрэгтэй гээд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан. Тухайн бодлогодоо өөр нэршил, хэлбэрээр “Нүүрс” хөтөлбөрийг тусгахаар яригдаж байсан юм. 2016 онд шинэ парламент, Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт “Нүүрс“ хөтөлбөрийн талаар дахиж яригдаагүй. Миний хувьд энэхүү хөтөлбөрийг санаачилж, хоёр, гурван Засгийн газар дамжуулан хэрэгжүүлэхийг оролдсон ч “дээрээ” очоод батлагддаггүй юм билээ. Тиймээс дахиж идэвх гаргасангүй. 
Одоо УУХҮЯ-нд  нүүрсний асуудал хариуцсан нэг ч мэргэжилтэн байхгүй. Яаманд хуучин Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нүүрсний асуудлаар мэр сэр дуугардаг байсан. Салбарын яамны бүтцийн шинэчлэлээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар татан буугдлаа”.
Монголын нүүрсний цорын ганц зах зээл Хятад бөгөөд хамгийн гол өрсөлдөгч нь Орос. Хил залгаа орших хоёр улсын нүүрсний салбарт төрийн бодлоготой шинэчлэл хийгдэж, амбицтай зорилтуудыг монголчууд  анзаарах учиртай.

ХЯТАД 

Төрийн тодорхой бодлогод Хятадын зах зээл тулгуурладаг онцлогтой. Коммунист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай тус улсын хувьд экспорт, импортдоо квот тогтоодог. Одоо хэрэгжиж байгаа “13 дахь таван жил”-ийн төлөвлөгөөнд “ногоон” хөгжлийн зорилтыг дэвшүүлэхдээ нүүрсний салбарыг шинэчлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. 
“Ногоон” эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд нэн түрүүнд агаарын бохирдолтой тэмцэхээр зорин 2020 он гэхэд дотоодын гангийн үйлдвэрлэлээ 150 сая тонноор танах, нүүрсний олборлолтыг 800 сая тонноор бууруулах, нүүрсний уурхай шинээр нээх эрх олгохгүй, 4,300 уурхайн үйл ажиллагааг бүрмөсөн хаах, нүүрсний үйл ажиллагаатай компанийн тоог хоёр дахин багасгах тодорхой төлөвлөгөөтэй.
Сүүлийн гурван жилд гангийн үйлдвэрлэл 145 сая, нүүрсний олборлолт 590 сая тонноор тус тус буурч, 2,000 гаруй нүүрсний уурхай хаагдсан үзүүлэлтээс төрийн бодлого нь ягштал биелж явааг харж болно. Жижиг уурхайнуудыг олноор хаахын зэрэгцээ нүүрсний олборлогч, эрчим хүч, гангийн үйлдвэрийн  компаниудыг нэгтгэн олон улсад өрсөлдөх чадвартай мега корпорацуудыг бий болгохоор эрмэлзэж байна. Гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baosteel” болон “Wuhan Steel”, эрчим хүчний төрийн "China Guodian" болоод "Shenhua" компаниудыг нэгтгэсэн жишээтэй. 
Хятадын төрийн зөвлөлөөс өнгөрсөн онд баталсан “Цэнхэр тэнгэр” гурван жилийн хөтөлбөрийн хэрэгжилтээр томоохон 82 хотын нүүрсний хэрэглээг хязгаарлах, далайн эргийн бүс нутаг дахь хүнд үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх өргөн цар хүрээтэй ажил ид өрнөж байна. Зарим үйлдвэр түүхий эдийн зах зээлдээ ойртож, тэрхүү шилжилт хөдөлгөөн Монгол Улстай хил залгаа ӨМӨЗО-ны мужууд руу ч нэмэгдэж байна. Ийнхүү нүүрсний салбар дахь төрийн бодлогын өөрчлөлт шинэчлэлээр Хятадын хуучирсан, бохир технологийн үйлдвэрүүдийн үе дуусгавар болж, чанартай үйлдвэрлэлийн шинэ эринд дэвшиж буйг илтгэнэ. Энэ дунд Хятадын хүнд аж үйлдвэрийн зах зээл Монгол руу улам ойртож, манай улсын сайн чанарын коксжих нүүрсний худалдан авалт нэмэгдэх давуу тал бий. Тэрхүү боломжийг Монгол Улс ашиглан тухайн зах зээл дэх одоогийн байр сууриа бататган бэхжүүлэх, нүүрсний эрэлт хэрэгцээтэй бүс нутагт гол тоглогч болох, цаашлаад нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.

ОРОС 

Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээлд нүүрсний экспортоор Австралийн дараагаар Монголтой өрсөлдөж буй улс Орос юм. Тус улс “Нүүрсний салбарыг хөгжүүлэх 2030” хөтөлбөрийг 2014 онд баталсан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрөөс 5 их наяд рублийг зарцуулахаар тооцжээ. Хөрөнгө оруулалтыг Якут, Забайкалийн хязгаар нутагт нүүрсний шинэ ордуудыг нээхэд зориулах бөгөөд нүүрсний нөөцийг жилд дунджаар 530 сая тонн, коксжих нүүрсний нөөцийг 105 сая тонноор тус тус нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын 48 төс­лийн 21 нь Зүүн Сибирь, Алс Дорнодын бүс нутгуудад хамаарч байна. Төслүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд тус бүс нутгуудын нүүрсний нийт олборлолт жилд 150 сая тоннд хүрэх төсөөлөл бий. Нүүрсний олборлолт голлох уурхайнууд  Элгагийн нүүрсний цогцол­бор (30 сая тонн), Якут дахь Инаглийнский (12 сая тонн), Ерковецкий (29 сая тонн), Гербикано-Огоджинский (30 сая тонн), Тува дахь Улуг-Хемскийн нүүрсний сав газар (20−25 сая тонн) байх аж. 
Шинэ төслүүдийн хэрэгжилттэй  уялдуулан төмөр замын дэд бүтцийг шинэчлэн хөгжүүлэхдээ эхний шатанд 2024 он гэхэд Алс Дорнодын боомтууд руу чиглэсэн төмөр замын хүчин чадал 195 сая тонн нүүрсний тээвэрлэлтийг хангах юм. Ингэснээр" Нүүрсний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр" өндөрлөх 2030 онд Оросын нүүрсний нийт экспорт 225-270 сая тоннд хүрэх зорилттой. 
Өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгч В.В.Путин нүүрсний гол бүс нутаг Кемерово мужид ажиллахдаа Орос орны нүүрсний стратеги, шинэ зорилтуудыг тодорхойлов. Тэрээр Азийн орнууд руу чиглэсэн Оросын нүүрсний экспортыг 50%-иар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Үүний тулд нүүрсний олборлолтоо 2025 онд 560 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэнэ гэдгийг онцолсон. Энэ онд Кузбасс, Хакаси, Якут, Тува, Хабаровскийн хязгаар бүс нутагт нийт 225 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 15 уурхай  үйл ажиллагаагаа шинээр эхэлнэ. 
Мөн жилд 60 орчим сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах 5 үйлдвэр ашиглалтад орох бол нийт 25 сая тонн хүчин чадал бүхий баяжуулах 4 үйлдвэрийн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Ази-Номхон далайн бүс нутгийн нүүрсний зах зээлийн 9.3%-ийг Орос хангаж байгаа бөгөөд 2025 он гэхэд экспортоо хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж тус улсын Эрчим хүчний яамнаас үзжээ. Тэгэхээр энэ чиглэлд ирэх зургаан жилд одоогийн 100 сая тонноос 200 сая тонн хүргэж нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэсэн үг.
Нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа Энэтхэг, Туркийн зах зээлийн хандлагыг ч оросууд анзаарч, 2025-2030 онд тус орнуудын нүүрсний импорт хамгийн багадаа 100 сая тонноор өсөх орон зайг хангахаар бэлтгэж байна. Үүний тулд нүүрсний олборлолт болоод зам тээврийг хөгжүүлэхэд ирэх зургаан жилд Оросын Засгийн газар 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулах юм. Түүнчлэн, нүүрсний салбарынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрөөс дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн. Хувийн хэвшлийг дэмжих эхний шийдвэр нь 2025 он хүртэл төмөр замын тээврийн тарифын урт хугацааны хөнгөлөлт үзүүлж эхэллээ.
Эх сурвалж: The Mongolian Mining Journal /2019.001
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан