Хаврын улс төрийн халуун сэдэв “Эрдэнэт” үйлдвэр болох уу


-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ҮЕЭР “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЧЭЭ-
Намрын чуулганы сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байрлалтай компани руу шилжүүлэх үйлдэл хийгдэж эхэлсэн талаарх мэдээлэл шуугиан дэгдээсэн. Уг мэдээлэл гарсан даруйд “Монгол Зэс” корпорациас “Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудлаар Арбитрт дахин хандах боломж үүсгэхийн тулд тодорхой үйлдлүүд хийгдэж байсан ч улс төржилтөөс үүдэн зогслоо” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгч байв.
Улмаар Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд уг асуудлаар Ерөнхий сайдад хандан, асуулга тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд тухайн үед УИХ-ын гишүүнийхээ хувиар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байрлалтай компанид шилжүүлэх үйлдэл хийгдэж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгч, Засгийн газрын тэргүүнд хандан, асуулга тавьж байв. Тэгвэл одоо Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон.
Ажлаа авсан даруйдаа Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтгүй зээлүүдийн мэдээллийг нэгтгэж, эздэд хариуцлага тооцох, төлүүлэх асуудлаар холбогдох албаныханд үүрэг өгөн ажилласан. ЗГХЭГ-ын даргын энэ үйлдэл бага хүүтэй бондын санхүүжилтээс төгрөгийн зээл авч, Хөгжлийн банкийг ханшийн зөрүүний эрсдэлд оруулсан нөлөө улс төрчдийг айдаст автуулаад байгаа юм.
Улмаар энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлаар мэдээлэл сонсож, 49 хувь талын босгосон гэгддэг 400 сая ам.долларын эх үүсвэрийг нарийвчлан ярилцсан гэх мэдээлэл байна. Уг үйл явцтай зэрэгцэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зорилтот байдлаар сэтгүүлчидтэй ярилцсан нь цаагуураа Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкинд үүсч мэдэх эрсдлээс сэргийлсэн гэх мессижийг өгсөн билээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэнэт гарч ирсэн нь түүнийг айдастай байгааг илэрхийлсэн. Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэрийг авсан гэгддэг 400 сая ам.долларын асуудлыг нөхөн суутгах асуудлыг эсэргүүцсэн үйлдэл гэдгийг жиргээчид онцолсон нь анхаарлал татаж буй.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багийнхантай уулзахаар дуудуулаад байгаа аж. Энэ нь Хөгжлийн банкны асуудалтай зэрэгцэн хаврын улс төрийн халуун сэдэв “Эрдэнэт” тойрсон асуудал болох нь гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан