ШАТАХУУН АСГАРСАН ХӨРСИЙГ ХУУЛЖ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ


Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт Улаанбаатараас Батноров сум руу “Ихэр наран” компанийн шатахуун тээвэрлэж явсан иргэн А-ийн SsangYong маркын 23,5 тонны багтаамж бүхий ачааны автомашин замын хажуу руу унасан байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь ажиллажээ.

Тус автомашин А-80, АИ-92, Дизель түлш тус тус тээвэрлэж явсан ба үүнээс А-80 72 литр, АИ-92 4000 литр буюу нийт 4072 литр шатахуун асгарсныг хэмжилт хийж тогтоон аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгууллаа. Шатахуун асгарсан газрын өнгөн хөрсийг хуулж аймгийн төвлөрсөн хогийн цэгт асгуулж, хуссан хэсэгт хар шороо дэвсэн цэвэрлэгээ хийлгэжээ.

Газрын хөрсөнд түлш шатахуун нэвчих, уурших зэргээр орчны аюулгүй байдлыг алдагдуулах магадлал байгаа тул “Ихэр наран” ХХК-ийг өөрийн зардлаар түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.
 скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан