1072 хувьцааны ногдол ашгийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ


Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар албаны эх сурвалжууд болон хувьцаа эзэмшигч иргэдийн  байр суурийг сонслоо.
 Монгол  улсын иргэд Эрдэнэс Тавантолгойнхоо 14.5 хувийг эзэмшдэг. Өнөөгийн байдлаар 1072 хувьцааг 2511000 иргэн эзэмшиж байгаа юм байна.
Л.Оюун-Эрдэнэ: Зарим иргэд хувьцааны ногдол ашгаа хандивлаж болох уу гэсэн санал гаргасан
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
 -“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү гэдэг дээр иргэдийн саналыг харж байгаа. Зарим иргэд нэмүү өртөг шингээсэн инноваци юм уу, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хувьцааны ногдол ашгаа хандивлаж болох уу гэж байна. Энэ асуудал дээр Засгийн газраас комисс гаргаж ажиллах нь зүйтэй юм. Одоогоор Засгийн газраас 1072 хувьцааны нэгжийн үнэ хэд байх вэ, бүртгэлээ хэрхэн явуулах вэ гэдгийг судалж байгаа. “Эрдэнэс тавантолгой” ногдол ашиг тараах тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Миний бодлоор зөв гарц бол сонгодог баялгийн сан байгуулах. Энэ сан Ирээдүйн өв сангаас ялгаатай. Улсын төсвөөс хамаардаггүй, аль ч ч нам сонгуульд ялсан бай ашигтай л ажилладаг сан байх ёстой. Эдийн засгийн өсөлттэй үед мөнгөө хадгалдаг, буурсан үед хөрөнгө оруулдаг байна. Өмнөх өмч хувьчлалын үеэр гарсан, улаан, цэнхэр хувьцааны алдааг дахин давтаж болохгүй.  
 Б.Ганхуяг: Хувьцааны үнэлгээ эцсийн байдлаар гараагүй
"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал"
-1072 хувьцаатай холбоотой тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Эхлээд аудитлагдсан тайлан гарч, дараа ТУЗ шийдвэрлэх юм. Компанийн тухай хуулиар эхлээд аудитын тайланг ТУЗ-ын хурлаар оруулж, ТУЗ тооцоонд үндэслэн шийдвэрээ гаргаж, энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. Одоогийн байдлаар аудитын шалгалт үе шаттайгаар явагдаж байна.  Нэгж хувьцааны үнэлгээг ТУЗ-ын шийдвэр, тооцооллоор гаргана. Урьдчилсан тоон тооцоо гарсан ч эцсийн байдлаар хувьцааны үнэлгээ гараагүй.
Ер нь компани ашигтай ажиллах ёстой. Эрдэнэс Тавантолгой ХК 2000 оноос хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлээд 2016 онд хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 410 тэрбум, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ашигтай ажилласан л бол тэр ашгийнхаа үр дүнг үзүүлж байх ёстой. Хувьцаат компанийн хувьд хувьцаандаа ногдол ашиг олгох үгүйгээ компанийхаа хуулийн хүрээнд гаргадаг. Энэ процессийн хүрээнд л үйл ажиллагаа явж байна. Засгийн газрын зүгээс дээрх тооцоог нэгтгэх, санхүүгийн тайлан блансаа эцэслэ, аудитлагдсан тайлангийн хүрээнд иргэдэд 1072 хувьцааг нь амь оруулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд ажлаа хийж байна. Бидний зүгээс хуулийн хүрээнд иргэн ямар эрх эдлэх ёстой юм тэр эрхийг нь эдлүүлэх нөхцөлийг маш тодорхой ойлгомжтой болгох чиглэлээр ажиллаж байна.
2019 оны төлөвлөгөө гарсан. Одоогийн байдлаар ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж,   нэг тонн кокосжсон нүүрсийг 71.25 ам.доллараар борлуулж байна.
Харин дараа нь бид 1072 хувьцааны ногдол ашгаа Эрдэнэс Тавантолгойн хүлээгдэж буй бүтээн байгуулалтад шингээе гэсэн санал санаачлагыг дэмжиж байгаа эсэхийг нь тодруулахаар хувьцаа эзэмшигч иргэдтэй уулзаж, байр суурийг нь сонссон юм.
Б.Лувсанпэрэнлэй: Эхний удаад авалгүйгээр хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв
БЗД-ийн иргэн
-Эхний удаад авалгүйгээр хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв. Зарим иргэд өнөө маргаашийг, авах идэх, бэлэнчлэхийг эхний ээлжид боддогоо больж, алсыг харсан, хүчирхэг эдийн засгийн суурийг тавих нь чухал. 1960 оны үед өмнөд Солонгос туйлын ядуу орныг иргэд алтан ээмэг бөгжөө өгч сан бүрдүүлж байсан эх оронч санаачлага гаргаж хөгжжээ. 20 гаруй мянган төгрөг аваад яах юм, нэг удаа архидаад л өнгөрнө шүү дээ.
Я.Мөрөн: Их бага гэлтгүй бүгдээрээ авах ёстой гэж бодож байна
БЗД-ийн иргэн
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ олон жил ногдол ашгаа авна гэж нийтээрээ хүлээсэн юм чинь эхний удаадаа их бага гэлтгүй бүгдээрээ авах ёстой гэж бодож байна. 
 Ү.Ишханд: ЖДҮ сан шиг хуваагаад идчих юм бол хэрэг алга
Баянзүрх дүүргийн иргэн 
-Өгөхөд болохгүй юм байхгүй ээ. Гэхдээ ЖДҮ сан шиг хуваагаад идчих юм бол хэрэг алга байна шүү дээ. Тэгж байснаас хэрэгтэй нэг нь нь аваад үмх мах, атга гурилаа аваад гэдэс цатгалан хоносон нь дээр. Харин яг хэрэгтэй үр ашигтай зүйл зарцуулна. Эргээд иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэвэл хүн бүр гараа өргөөд дэмжих болов уу гэж бодож байна.
Ц.Сумьяа: Ядарсан иргэд авах ёстой юм аа авах л ёстой
Баянгол дүүргийн иргэн
-Дэмжихгүй байна. Нэг л их  эх орон бүтээн байгуулалт ярьсан хүмүүс. Тэр их идэж уусан мөнгөнөөсөө өөрсдөө өгөх хэрэгтэй. Ядарсан иргэд авах ёстой юм аа авах л ёстой.  Худлаа амлалт өгсөн хүмүүс ядарсан иргэдээ ингэхээсээ ичих хэрэгтэй шүү дээ. 
Т.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан