Зэрлэг нь цэнгэл монгол найр

Тун удахгүй “Цагаан сар” болно. “Цагаан сар” хэмээх үндэсний нэгэн баяр үргүй зардлын сонгодог жишээ нь. Энэ цэнгүүн хэзээ юунаас үүдэлтэй, хэн хэрхэн санаачлаад энэ ард түмнийг сөхөртөл баярлуулсныг түүх сөхөж мэтгэлзэх гэсэнгүй.  Гэхдээ юуны тулд, ямар ирээдүйг бэлгэдэж ингэж баярлаж сайрхаж явна вэ? Нэгэнтээ л шашин, ёс заншлаа дагаад цагаан сар хийх ёстой юм бол Христосын мэндэлсэн өдрөөр шинэ жил, зул сар гэж хөөрцөглөх хэрэг байна уу гэсгээд “Цагаан сар”-ын сэрэмжлүүлэг болгож дараахи зөвлөмжийг толилууллаа. 

Эдийн засгийн хөгжил, хөгжлийн зэрэглэл гэдэгт шууд очиж нялзахгүй ч өрхийн  жижиг дунд бизнесийг хөхиүлэн урамшуулах, айл өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх ариун зорилгыг  шууд унтраасан, магадгүй монголчуудын зарим хэсгийг ядууруулсан, адаглаад л өөдлүүлдэггүй энэ их хавтгай найр, тэр найрын тэнэг балмад ёслол руу шүүмжлэлээ хандуулах нь одоо цагийн жинхэнэ шударга ёс мөн. 

Монголчууд тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, олонхи нь хоног тоолж өл залгаж яваа. Дөнгөн данган дэвжин дээшлэх нь үү гэтэл цагаан сар, зун намрын их найранд олсон зөөснөө гөвөөд барж байх шиг. Энэ нь эдийн засгийн хэт үрэлгэн талаасаа нэгэн төрлийн  гамшиг юм. Сэтгэхүйн талаасаа тэгтлээ баярлаж хөөрцөглөөд байх юу ч бүтээж чадаагүй байна, бид. Хөгжлийн зэрэглэлийн асуудлаархи гадаадын шинжээчдийн үнэлгээ бол манай улсыг дэлхийн 200 гаруй улсын сүүлчийн 40-50 дотор баттай оруулж тооцож байна. Битгий найрлаач ээ гэдгийн хатуу сануулга эл зэрэглэл биш гэж үү. Эрүүл мэнд-биологийн талаасаа бол монголчуудын энэ их  найр оролцогчдынх нь эрүүл мэндийг ёстой баллаж тавьдаг ба амь насанд нь халгаатай, насыг нь богиносгодог байхаас ч буцахгүй. Ахуйн талаас нь яривал байгаль орчныг бохирдуулсан, тэнэг бүдүүлэгийг нь зөвтгөсөн, ариун цэвэрч бус, халдварт өвчин тарааж мэдэх гамшиг дагуулдаг. Гол нь ингэж их цаг зав гарздаж хонон өнжин найрлах шаардлага байна уу, өөр хийх ажил алга уу гэж харуусмаар, амаа асуулгамаар. Ийм л их найр наадам дунд монголчууд умбаж, гадны зочид гийчдийг гайхшруулах бөлгөө.

     1) Эдийн засгийн талаас нь тооцвол зуны дэлгэр цагт олон хонь төхөөрч (бараг зочин ирэх тоолонд), ууц тавьж, ширээ дүүрэн зайгүй чихэр боов ааруул өрж, зочин ирэх тоолонд хоол хийж, архи задалж, тогоо нэрж, хөхүүр хөхүүрээр айраг юүлж, илүү гэртээ шартагсдыг тойлж, адаглаад олон хоногоор гал өрдөж, тог шатааж, ундны ус урсгаж байх нь бодит гарлага биш гэж үү? Цомхон, төсөрхөн ёслоод найрлаад салж болдоггүй улс уу, бид чинь? Ингэж их найрлахдаа өр тавьсан, олсноо барсан, мөнгөөрөө  шатсан монгол хүн гэвэл захаас аван мянга түмээрээ бий шүү.  

    2) Сэтгэхүйн талаас нь шинжвэл зочноо үхтэл согтоож, онхолдуулж  аваад буцаах нь эрийн хийморийн хэрэг бололтой. Ерөөсөө ингэж их найрлах нь  нэр төр, бэлгэ дэмбэрэл, нийгэмд эзлэх байр суурь, хуудуудтайгаа мөчөөрхөх, танил талдаа ихэрхэх томрох гол хөшүүрэг нь юмуу гэлтэй  үхэлдэн уралдацгаах. Нэг үгээр нэр төрийн их үйлс бололтой. Гол нь найрлуулагч маань өнчин ядуу байна уу, өртэй байна уу, тэр падлийгүй, хэд хоногийн найр даах бэлтэй бэнчинтэй, лут баян хүн болж бусдад харагдах хэрэгтэй. Харилцан өгөлцөж авалцах бэлгэн дунд чухам л өглөгчийн дүрд хэд хоног сайн тоглож авъя гэсэн шиг гэрийн эзний пээдийх нь жинхэнэ монгол эрийн төрх гэлтэй.

     3) Эрүүл мэнд-биологийн талаас нь дүрсэлбэл хүний нэгэн бие махбодь яаж шингээдэг юм гэмээр ой гутам, огиудас хүрэм зүйл бишгүй нэг. Адаглаад зочин бүр литрийн том хулаар айраг гурван удаа, араас нь  том гарын мөнгөн аягаар шимийн архи гурван удаа, араас нь жижиг мөнгөн аягаар орос архи (цагаан архийг хөдөө тэгж нэрлэнэ) гурван удаа, эсвэл солбиулж хөнтрөх найрын хатуу дүрэмтэй. Бас ч үгүй ба өмнө нь сүүтэй цай, өөхтэй мах, ууцны мах, бууз, банш, шөл, зууш нэлээдгүй хүртчихээд байгаа, дээрээс нь энэ их архи айргийг оруулна гэсэн үг. Нэг сав руу (хүний ходоод) ар араасаа гулган орж буй энэ их идээ умдааны химийн найрлагыг аваад үзэхэд нуль хор байна. Бараашаг, пиво, виног тооцолгүй, зөвхөн монгол найрын дарааллын архи тэргүүтнийг дээр нэрлэлээ. Олон хоног ил, ширээн дээр хадгалсан ууцны өөх мах үнэр ороод ирэхээрээ Таны гэдэс ходоодыг алж өгмөөр, гэтэл монголчуудын ходоод тусдаа, маш дархлаатай гэж монгол найрын дүрэмд үздэг бололтой.  

    4) Ахуйн талаас нь ариун цэвэр, ахуйн соёлыг ёстой нэг төрөл арилжуулчихав уу гэлтэй. Таныг явж ороход шинэ шаазан, жүнзэнд айраг, архи хийж өгнө гэж гонжийн жоо, учир нь тийм ёс Монголд байхгүй. Таны өмнөх зочин ууж байгаад дутуу орхисон байх ба тийм дутуу орхисон айраг архи ширээ дүүрэн өрөөстэй. Захаас нь аваад сэлбээд Танд барих вий. Архи, шимийнх алин болохыг сөнө түшигч нь амсаж мэдээд дээрээс нь аягалах бол ердийн үзэгдэл. Бүү сэжиглээрэй. Учир нь цагаан идээ, идээний дээж архийг асгадаггүй, асгавал муу ёр гэсэн монгол заншилтай тул хэн нэгний уусантай нийлээд хэд хэдэн хүний (хэдэн ч хүн байж болно) шүлс холилдоод ходоод руу чинь орж явчихна гэсэн үг. Шүлсээр юу юу халддаг билээ, тэр ч дүүрч, халдварт шар, гэдэсний өвчин үүсгэгч нян, энэ тэр гэвэл Та монгол айлын найр руу бүү зүглэ. Архи айрганд пологтсон улсын бөөлжис дан жорлонгийн хоолойгоор явдаг гэж бүү эндүүрээрэй.  Дэргэд чинь бөөлжих бол ердийн үзэгдэл, эхнэрүүд хэл үггүй цэвэрлэчихнэ. Ялаа батгана шавсан найрын ширээ, тамхины цэнхэртсэн утаа, угаадас, аяга шанага нь нэг дор холилдоод, согтуу хүмүүсийн орилоон, сөнө түшигчдийн шахаан нийлээд ариун цэвэр гэдгийг ёстой улан дороо хийсэн шиг хийнэ вий.

     5) Энэ их найрын хувцас хунар, гоёл гэж бас нэг тээртэй юм байна. Ялангуяа зуных халуунд заавал ёс мэт үйтэнхуар дээл, монгол гутал, ковбой шляпан малгай өмссөн байх ба шахааны архи, бүгчим халуун нийлээд цаад хүн яаж тэсдэг юм, босч болохгүй, гарч явж болохгүй, нэг суудал дээр шахуулаад, төсөөлөхөд дотор эвгүүцмээр. Тамхилдаг хөөрөг том бага, хөөрөгний даалинд бас их учир байх шиг. Бас л нөгөө нэр төр, мөчөөрхөл явж байх шиг. 

   6) Нэгэнтээ ярилцах мэтгэлцэх юмаар маруухан, ерөөсөө найран дээр ярилцаж болохгүй дүрэмтэй, зөвхөн дуулж, шахуулж, дуу сонсох үүрэгтэй тул олон цагийн дуу хуур найрлагчдыг чухам залхаахаар юм шиг. Гэвч монголчуудын олонхи нь түүнээс залхдаггүй онцлогтой. Яасан ч их цаг зав, сөөж өгдөггүй дуу хоолой, барагдашгүй дуу хуур вэ гэж гадаадынхан алмайрдаг байх даа.

    7) Найраас хамгийн их хохирдог нь гэвэл балчир үрс маань байна. Тэд сурах мэдэх, тоглох наадах алтан цагаа согтуучуудын хэдэн өдрийн найран дунд, тамхины эхүүн утаан дотор өнгөрөөж байна. Найрын эзний өглөгч зан хөдөлж, чихэр жимсийг хяналтгүй ихээр нэг дор идүүлснээс хоолны хордлого энүүхэнд, үр хүүхдийнхээ амь насыг дэнчинд тавьсан тохиолдол бишгүй. Цагаан сарын үед түргэний дуудлага ихэсдэгийн нэлээдийг  хоолны хордлого эзлэх ба хүүхдүүд олон очдог. Нялхаасаа найр, найрын жаягт дассан хүүхдүүдээс ирээдүйд эрдэмтэн, сэхээтэн бол гэж албадах нь зүйд үл нийцэх бус уу.    

Эцэст нь учирлахад, хүмүүн төрөлхтөн XXI зуунаа алхачихаад даруй эхний 10 жилээ үдэж явахад зэрлэг нь цэнгэл болж, найр наадам, дуу хуур, урлаг, найрагтаа живж, мөнгөө зүв зүгээр гөвж яваа улс үндэстэн манай Монголоос өөр дэлхийд хэд бий бол? Лав ихгүй дэг ээ... 

Д.Баярхүү
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан