ХЯТАДЫН ГEНEРАЛЫН ОНГОЦ ХЭНТИЙД СҮЙРСЭН ТУХАЙ МОНГОЛ ГEНEРАЛЫН ЯРИА


О.Отгонжаргал: Сүйрсэн “Трайдент”-ад маршал Линь Бяо яг байсан уу гэж олон удаа асуусан
Одоогоос 44 жилийн өмнө буюу 1971 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас манай агаарын зүүн хилийг зөрчин нэг онгоц орж ирээд Хэнтий аймгийн нутагт унаж сүйрсэн юм.
Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан энэ онгоцоор БНХАУ-ын цэрэг, улс төрийн нэртэй зүтгэлтэн, тус улсын анхны маршалуудын нэг, Мао Зэдуны ойрын хүн Линь Бяо эхнэр, хамтрагчидтайгаа нисэж яваад ослоор нас баржээ.
Хариулт­гүй олон асуулт үлдээж, шалтгаан нь өнөө хэр тодор­хойгүй хэвээр дээрх сүйр­лийн гэрч, хэргийн газрын үзлэгийг гардан гүйцэтгэсэн манай хууль хяналтын байгууллагын ажилт­нуудын нэг нь чөлөөнд гарсан хошууч генерал О.Отгонжаргал гуай. Тэрбээр тухайн үед Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлт­сийн даргаар ажиллаж байсан юм.
Нийслэлд амьдарч буй түүнтэй дээрх сүйрлийн талаар ярилцлаа. Наян насны босго давсан хэдий чөвгөн генерал болсон явдлыг он, сар, өдөртэй нь тод санаж байсан нь гайхалтай. Түүний мэргэжлийн онцлогч байх. Мэнд усаа мэдэлцэн, энэ зуны ган гачигаас эхлээд ойр зуур ярилцсаны дараа гол сэдэв рүүгээ орлоо.
- Хятадын талаас онгоц хил зөрчин орж ирээд сүйрсэн гэдгийг Та хэдийд, яаж мэдэв?
- Би тэр үед Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байв.
1971 оны есдүгээр сарын 13-ны шөнө Хятадын талаас нэг онгоц хил зөрчин орж ирээд тухайн үеийн Идэрмэг сум, одоогийн Бэрхийн уурхайгаас 14 км-ийн зайтай Суваргын хөндий гэдэг газарт 02.20 цагийн үед унаж сүйрсэн.
Тэр үед би Дадал сум дахь Гурван нуурын амралтад ахтайгаа (БХЯ-ны Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа Сэрдор) эхнэр хүүхдүүдтэй нь амарч байсан юм. Бямба гараг шиг санаж байна, амралтад үдэшлэг болоод бид нэлээд оройтсон юмдаг.
Нэг цагийн үед байх аа бие засаад зогсож байтал дээгүүр их ёнгиносон дуутай онгоц урд зүг рүү нисэж өнгөрдөг юм байна. Миний хажууд байсан хүн “Моторт дугуй шиг хаашаа дуутай онгоц вэ” гэсэн. Нээрээ л хачин дуутай, улаан гэрэл асч, унтарсан онгоц байсан. Би өрөөндөө ороод унтлаа. Ах нуурын мананд сууна гээд өглөө эрт босч харагдсан.
Би сэрүүн хэвтэж байтал 07.00 цагийн үед нэг хүн хаалга тогшсонд онгойлгож өгвөл Дадал сумын зарлага буриад “Аймгаас онгоц ирж яваа, таныг буудалд байж бай гэлээ, би хэл хүргэж явна” гэдэг юм байна. Намайг авахаар онгоц явуулж байхыг бодоход их л чухал хэрэг гарч дээ гэж бодоод хувцаслаад, ахдаа ч хэлэлгүй буудал руу явлаа. Удалгүй аймгаас шуудангийн “царцаа ногоон” гэдэг байсан даа, “АН-2” онгоц буув.
Онгоцны багийн дарга дэд хурандаа Жигжид “Аймгаас урагш нэг онгоц унасан бололтой юм. Танайхан танд хэл дуулгаад аваад ир гэлээ” гэж байна. Энэ хүн Халх голын байлдаанд оролцож явсан, туршлагатай нисгэгч л дээ. Би онгоцонд суугаад нислээ. Тэр унасан онгоцыг харж болох уу, аль болох доогуур нисэх хэрэгтэй байна гэвэл Жигжид гуай толгой дохив.
Бэрхийн уурхай дээгүүр нисэж өнгөрөөд байтал онгоц доошилж, Жигжид гуай онгоц унасан газрыг зааж байна. Уурхайгаас баруун урагш, 14-15 км-т түймэр гараа юу гэлтэй хэсэг газар харласан харагдав. Онгоц унасан газрын дээгүүр гурван ч удаа доогуур нисэж харсан. Манайхан аль хэдийнэ ирчихсэн, хэргийн газрыг хамгаалалтад авсанхарагдана. Нислэгээ үргэлжлүүлж аймагт буулаа. Онгоцны буудлын дарга Цэгмид тосож уулзаад “Улаанбаатараас онгоц гарсан. Таныг хүлээж бай гэсэн шүү” гэж хэллээ. Нэг их удсангүй, хоёр мотортой “ИЛ-18” онгоц газардаж, улсын комиссынхон ирсэн.
Улсын комиссыгГадаад явдлын орлогч сайд Эрдэмбилэг ахалсан байна. Түүнтэй Иргэний хамгаалалтын газрын дарга, генерал Түмэндэмбэрэл, манай яамны ажилтнууд ирлээ. Биослын газрыг дээрээс нь хараад ирснээ хэлсэн. “Тэнд онгоц бууж болох уу” гээд намайг бууж байгаагүй байх аа гэхэд “Буцаад нис, тэр оператор залууг хамт авч яв”гэсэн нь Балжинням найруулагч байсан шиг санадаг юм.
Жигжид гуайтайгаа нислээ. Ослын газар аймгаас 70 км, юу байхав дороо л хүрлээ, буух газраа сонгох гэж хэд хэд тойрч байгаад машин замын хажууд газардлаа. За болох юм байна гээд аймаг буцаж, улсын комиссын гишүүдийг авчирсан юмдаг. Бууж болж байна гэхийг сонсоод надтай хамт нисэхгүй гээд байсан хүмүүс чинь онгоцонд уралдах шахам суув. Ослын газарт хүрээд бүх юмыг үзэж хараад буцаж аймагт ирсэн. Тэндээ зарим нь илтгэх хуудас бичиж хонох юм болоод явчихлаа.
Тэгсэн манай сайд Б.Дэжид утсаар ярьж “Улсын комиссыг яаралтай буцаа, Улс төрийн товчооны гишүүд цуглачихаад хүлээж байна” гэдэг юм байна. Манай аймгаас шөнө онгоц нисдэггүй байсан үе. 22.00 цаг өнгөрөөд харанхуй боллоо. Улсын комиссын бүрэлдэхүүнд ирсэн Батлан хамгаалахын орлогч сайд, Улсын иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дарга, генерал Цог (хурандаа генерал Бутачийн Цог. Д.З) нидэг тэргээр ирээд байсан юм.
Цог генерал намайг дуудаад “Хэдэн хувин бэлтгэ, дотор нь мод хийж бензин цацаад асаа. Зуу зуун метрийн зайтай тавь. Гэрлийн баримжаагаар бид ниснэ” гэсэн. Хэлсэн ёсоор нь нисэх буудлынхантай хийж, тэднийг нисгэсэн. Онгоцных нь дарга Ёндон гэж сайн нисгэгч байсан. Та эндээс хөөрч, Улаанбаатарт бууж чадах чадах уу гэж би асуулаа.
Тэр үед Улаанбаатарт ч шөнө онгоц буудаггүй байсан юм билээ. Ёндон гуай “Оролдоод л үзнэ дээ, Богд уул өндөр, гэхдээ надад баримжаа бий” гэсэн. Хотод онгоц буух ажлыг Жанжин штабын дарга, генерал Ёндон (Сүүлд нь Батлан хамгаалахын сайд болсон хурандаа генерал Ж.Ёндон. Д.З) хариуцсан гэж сонссон.
- Та хамт яваагүй юм уу?
-Би хэргийн газрын үзлэг хийхээр үлдсэн. Тэр шөнө яамнаас утасдаж, “Маргааш өглөө Хятадын элчингийнхэн очно. Буудалд байрлуулж, ослын газарт очих унаа тэрэг зохицуул” гэсэн үүрэг өглөө.
Хятадын Элчин сайд Сюй Вэнь И Монголд ирээд нэг сар л ажиллаж байхад нь ийм асуудал болсон юм билээ. ЭСЯ-ныхаа Гуравдугаар нарийн бичгийн дарга, орчуулагчийн хамт гурвуул ирсэн юмдаг. Бид цай хоол бэлтгэсэн байсан ч өөрсдийн авчирсан жимс, ногоо, архи дарс, тамхи тэргүүтнийг тавьж, “Хэдэн хүнд цай уулгаад явъя” гэж байна. Цай уунгаа танилцаад ослын газар руу явлаа. Онгоц унасан газарт хүрч бүгдийг үзсээр байтал орой ч болсон. Хятадын Элчин “За боллоо, одоо аймаг руу буцъя. Маргааш оршуулъя. Нас барсан есөн хүнийг хаана оршуулах вэ” гэж биднээс асуулаа.
Хилийн хэлтсийн дарга , хурандаа Н.Санжаа Суваргын хөндийн баруун талд байх толгойн энгэрийг зааж, “Тэнд оршуулбал ямар вэ” гээд очиж үзүүлсэн. Элчин сайд зөвшөөрч, бид хамтдаа Өндөрхаан буцлаа.
Аймгийн төвийн буудалд буулгачихаад байж байтал Элчин сайд “Одоо хэлэлцээ хийе”гэж байна. Бид зөвшөөрч буудалд өрөө гаргаж, хэлэлцээ хийлээ.
Манай талаас Хилийн хэлтсийн дарга, хурандаа Н.Санжаа, би, Аюулаас хамгаалах хэлтсийн төлөөлөгч Дашзэгвэ, орчуулагч Гүрсэд, Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга Б.Готов нар байсан.
Хятадын талаас дээрх гурван хүн. Хятадын цэргийн онгоц яагаад манай хилийг зөрчив гэдэг асуудлыг би тавилаа. Тэгсэн Элчин сайд “Энэ бол цэргийнх биш ээ, иргэний онгоц. Нислэгийн явцад төөрсөн бололтой. Тэгээд танай нутагт ирээд сүйрчээ” гэж байна.
Тэгэхээр нь би “Бид зөвшөөрөхгүй, сүйрсэн онгоц цэргийнх байсан. Бидэнд баримт бий, онгоцны нисгэгчид цэргийн дүрэмт хувцастай байсан” гэдгийг хэлсэн.
Онгоцоор хэн зорчиж явсан, маршал Линь Бяо байсан талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Асуулт хариулт иймэрхүү маягаар явсаар үүр цайлгалаа.
Элчин сайд “Түр завсарлая” гэж байна. Хоёр хоног унтаагүйг хэлэх үү, ганц цаг ч болтугай нүдний хор гаргаад авъя гэж бодлоо. Гэртээ дөнгөж орж ирээд байтал араас дуудаж, “Элчин сайд хэлэлцээгээ үргэлжлүүлье гэж байна” гэдэг юм байна. Ширээний ард дахин суулаа. Бид нөгөө асуултаа л тавиад байлаа. Элчин арай нааштай болж, “Цэрэг, иргэний зориулалттай онгоц байсан юм” гэлээ. “Үгүй ээ цэргийн онгоц байсан. Баримт хангалттай байгаа” гэдгээ тайлбарлалаа. Тэгсэн Элчин сайд “За за, та нарынхаар болъё. Нас барсан хүмүүсийн ар гэр хүнд байгаа. Оршуулах ажиллагааг түргэвчилье” гэсэн.

Суваргын хөндийд сүйрсэн “Трайдент” онгоц
Ослоор нас барсан хүмүүсийн шарилыг ухаж шинжилсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд, тэмээ унасан хүн бол НАХЯ-ны шинжээч Г.Банзрагч
- Та хэргийн газарт үзлэг хийсэн. Яг ямархуу байсан юм бэ?
- Сүйрсэн онгоцны эд анги нэг км орчим газарт шидэгдсэн байсан. Ослын газрын хам­гийн цаад талд Хятад Улсын далбааны зурагтай онгоцны сүүл хэсэг шидэгджээ.
Онгоц­ны эд ангиудаас цааш ойролцоогоор 900 метр газарт есөн хүний цогцос 5-10 метрийн зайтай шидэгдсэн байлаа.
Цогцосуудыг нэг бүрчлэн дугаарлаж, найман эрэгтэй,нэг эмэгтэй явжээ гэдгийг тогтоосон. Бүх цогцос ихэд түлэгдсэн байсан. Эмэгтэй нь хөх чисчүү костюмтай байж. Цэргийн дүрэмт хувцастай хүн ч явж. Осол болсон газарт биднийг өглөө очиход Улаан­баатараас ирсэн нэг салаа орчим цэрэг цогцосуудыг миний дугаарласнаар авсанд хийж, оршуулах нүх ухаад бэлэн болгожээ.
Элчин сайд надад “Энэ цэргүүдийг жагсаагаад өгөхгүй юу” гэдэг юм байна. Жагсаасны дараа “Манай улсад тохиолдсон энэ хүнд цагт та бүхэн чин сэтгэлээсээ бидэнд тусалсанд их баярлалаа. Та нарын энэ үнэнхүү сэтгэл Хятад, Монголын харилцаа ойрын ирээдүйд сайжрахын эхлэл байх болтугай” гэсэн утгатай үг хэлээд цэргүүдэд нэг нэг хайрцаг янжуур өгсөн.
Оршуулах ёслол дуусаад аймагт ирлээ. Үдийн хоолны дараа мэдэгдэл хийж, “Удахгүй БНХАУ-ыг тунхагласны ой болно. Яаралтай буцах шаард­лагатай байгаа тул Дорнодын онгоцыг Хэнтийд буулгаж, биднийг Улаанбаатар явах бололцоогоор хангаж өгөөч” гэж байна гэнэ.
Явахаасаа өмнө надтай уулзъя гээд гурван асуудал тавьсан. Нэгдүгээрт, талийгаачдын оршуулсан нүх­ний дээрх шороо их намхан байна. Хятад заншлаар бол газраас их өндөр байх ёстой. Үүнийг өндөр болгож өгөө­рэй. Хоёрдугаарт, би Хэнтий аймгийн удирдлагатай уул­зах гэсэн боловч танай Гадаад явдлын яамныхан ийм бо­лол­цоо олгосонгүй. Гуравт, та Улаан­баатарт очоод манай яаманд зочлоорой гэсэн.
Ша­рил дээрх шороог өндөр­лөж болол­гүй яах вэ. Яамныхаа сай­дад илтгээд зөвшөөрөл та­най Элчин сайдын яаманд очиж бо­лох юм гэсэн хариу өгсөн.
- Сүйрсэн онгоцны та­лаар, тэр онгоцоор хэн хэн зорчиж явсан тухай Элчин сайд ямар нэг зүйл яриагүй юм уу?
- Тэр талаар юу ч яриагүй
- Тэр онгоцонд маршал Линь Бяо явсан гэдгийг та хэзээ мэдэв?
- Бүүр сүүлд мэдсэн. Би энэ явдлаас хойш хоёр сарын дараа ээлжийнхээ амралтыг аваад Улаанбаатар явлаа.
Тэр үед манай яамны дэргэд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ)-ны мэргэжилтнүүд байдаг байлаа шүү дээ. Тэд дээд удирдлагадаа мэдэгдэж, Москвагаас таван хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон иржээ.
Сайд намайг дуудаж “Амралтаа зогсоо, Москвагаас ирсэн комиссынхонтой Хэнтий яв” гээд тэдэнтэй “Их тэнгэр”-т танилцуулаа. Улаанбаатараас салаа цэрэг, хоол хүнс, багаж хэрэгсэл ачиж явуулсан. Ослын газарт очоод гурван гэр барьсан. Ослоор амь үрэгдсэн хүмүүсийн шарилыг дахин ухаж, шинжилнэ гэнэ.
Оросоос ирсэн комиссын бүрэлдэхүүнд ЗХУ-ын Шүүх эмнэлгийн ерөнхий газрын дарга (нэртэй эмгэг судлаач В.Томилин Д.З), сүүлд нь УАХХ-ны Мөр­дөн байцаах газрын дарга болсон дэслэгч генерал А.Загвоздин, хүний гавлын ясаар дүрийг нь бүтээдэг мэргэ­жилтэн Герасимов нарын таван хүн байсан.
Онгоцны ослоор нас барсан хүмүүсийн нэг нь маршал Линь Бяо байх ёстой гэдгийг тэднээс сонссон. Шарилуудыг дахин ухаж, шинжилж эхэлсэн. Ми­ний дугаарласнаар тавдугаар шарилыг ихэд нарийн шинжилж, цогцосны толгойг аваад явсан.
Удалгүй дэлхийн олон улсын хэвлэлмэдээллээр энэ ослын талаар шуугиж эхэлсэн дээ.
Маршал Линь Бяо ЗХУ-д Цэргийн академид суралцаж байхдаа уушгиа эмчлүүлж байсан юм байна. Мөн хиймэл шүд хийлгэсэн байж. Энэ шинж тэмдгээр нь Оросууд түүнийг таньсан хэрэг байх л даа.
Хятадын коммунист намын их хурал дээр Жоу Эньлай “Маршал Линь Бяо Монголын Өндөрхааны орчимд онгоцны ослоор нас барсан” гэж мэдэгсэн.
Түүнээс хойш надтай “Ройтерс” агентлагийн сурвалжлагч гурван удаа, Япо­ны “Асахи” сонины Бээ­­жин дэх сурвалжлагч уулзаж, ярилц­лага авч байсан. NHK телевизийн баримтат киноныхон ч ирсэн.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд асан, маршал Линь Бяо
-Хэвлэлийнхэн юу асуух юм бэ дээ?
-Хятадын онгоц Өндөрхааны ойролцоо унасан нь үнэн үү. Сүйрсэн онгоцонд маршал Линь Бяо яг байсан уу гэдгийг олон удаа асуусан. Тэгээд Мао Зэдунь, Жоу Эньлай, Линь Бяо гурав яагаад муудалцсан юм бол, онгоц яагаад осолдов л гэнэ.
-Та юу гэж хариулж байв?
-Сүйрсэн онгоцонд мар­шал Линь Бяо явсан нь тодорхой болсон. Хятадын дээд удирдлага ч баталж байгаа. Мэдэгдэл гаргасан шүү дээ гээд ярина. Маршал Линь Бяо, Мао Зэдунь, Жоу Эньлайгурав муудалцсан гэдгийг би яаж мэдэх вэ гэдэг байлаа.
-Маршал Линь Бяог онгоцонд яваагүй байх гэсэн мэдээлэл байсан юм болов уу?
-Барууны зарим хэвлэлд түүнийг машинтай явж байхад нь халдаж, буудсан гэдэг мэдээлэл тарсан байсан гэдэг юм билээ.
-Хил зөрчигчид хоорондоо маргалдсан, буу зэвсэг хэрэглэсний улмаас онгоц унасан гэх яриа ч байдаг. Зорчигчид нь буутай явсан гэдэг бил үү?
-Бүгд буутай явжээ. Зэвсэг нь “Макаров” маркийн гар буу. Оросууд харилцаа сайн байхдаа Хятадад гар бууныхаа үйлдвэрийг байгуулж өгсөн гэдэг юм. Хятад үсэгтэй л болохоос яг Орос гар буу байсан. Хэргийн газрын үзлэ­гээр гар буунуудыг олсон. Бууны гол төмрөөр сум гараагүйг тогтоосон. Талий­гаачдын биед хийсэн задлан шинжилгээгээр сумны шарх илрээгүй. Тэгэхээр буудал­цаагүй нь тодорхой.
Бидний ярилцлага ингээд өндөрлөв. Тэрбум илүү хүн амтай их гүрний төрийн бодлогыг тодорхойлолцож, батлан хамгаалах салбарыг нь удирдажбайсан маршал юуны учир эх нутгаасаа оргон гарах болов гэдэг нь дэлхий нийтэд өнөө хэр оньсого хэвээр байгаа гэх.
Түүнийг Мао Зэдуны эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэж байгаад илчлэгдэж, арга буюу оргон зайлахад хүрсэн гэдэг таамаг бий.
Хэрэв тийм бол түүнийг оргох гэж байгааг мэдсэн Мао зүгээр явуулах байсан уу. Жоу Эньлайн зөвлөснөөр замд нь буудан унагах боломж Хята­дын армид бүрэн байсан байж таарна. Яагаад “Зөнд нь орхи” гэв.
Оргодол маршалыг ЗХУ, Монголын аль ч хүлээн авахгүй тул онгоцтойгоо сүйрэхийг Жоу Эньлай таамаглаж байсан байж болох уу.
Маршал Линь Бяо бусад орон руу зугталгүй, харилцаа нь хүйтрээд байсан Зөвлөлтийг яагаад сонгосон юм бол. Энэ тухай ямар нэг мэдээлэл олж үзсэнгүй. Магадгүй тус улсад цэргийн академид сурч байсан тул илүү ойр санагдсан байж ч мэдэх.
Маогийн таамаглал үнэ­ний ортой байж. Энэ талаар тухайн үед Өрнөдийн хэвлэ­лүүдэд бичиж байсан аж. Бээжингээс Читийг чиглэн ниссэн түүнийг Зөвлөлтийн тал хилээрээ нэвтрүүлэхээс татгалсан байна. Учир нь нэгэнт муудаад байсан харилцаагаа тэд маршалаас болж улам хүйтрүүлэхийг хүсээгүй бололтой.
Тиймээс Монголыг чиглэн буцаж ниссэн маршалын онгоцыг буудан унагасан гэх мэдээлэл барууны хэвлэлд гарч байжээ.
Хэрэв тэдний бичсэнд үнэмших юм бол хаанаас буудсан байх вэ. Оросууд нутгаасаа буудлаа гэхэд онгоц тийм хол очиж унах уу. 1970-аад оны эхээр манай зэвсэглэлд агаараас эсэргүүцэн хамгаалах зенитийн пуужин байсан ч Дорнод, Хэнтийд энэ төрлийн зэвсэг байгаагүй гэх.
Харин нисэх онгоц, нисдэг биет илрүүлэх, бүртгэх, мэдээлэх радиолокацийн анги салбар бол байсан юм билээ.
Зүүн гурван аймагт Зөвлөлтийн агаараас эсэргүүцэн хамгаалах байлдааны анги, салбар байсан гэж манай цэргийнхэн өгүүлсэн. Эдгээр анги, салба­руудын аль нэгээс онгоц руу буудсан гэвэл агаарт юу ч үгүй сөнөх байжээ. Гэтэл Суваргын хөндийд унасан онгоцыг газраас буудсан гэх ул мөрийн тухай хаана ч дурдаагүй.
Цаг агаарын тааламжгүй байдлаас болж онгоц унасан байж болох талтай. О.Отгонжаргал генералын өгүүлснээр тэр шөнө тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун байжээ. Онгоц нисэж өнгөрөхийг харсан хүмүүсийн ярианаас үзвэл салхи шуурга­гүй байсан бололтой.
Шата­хуун нь дуусав уу. Үгүй гэдгийг манай талын хийсэн үзлэгийн баримтад дурджээ. Онгоц газар унамагцаа дэлбэрч, удаан шатсан, ойр орчмын өвс ногоо шатаж байхыг хүмүүс унтраасан гэсэн. Шатахуун нь дууссан бол тийм их гал хаанаас гарах билээ.
Техникийн доголдол гарсан байх магадлалтай. Хятадын Элчин сайдын яамныхныг саатуу­лан байж хэргийн газарт анхлан очсон Оросын мэргэжилтнүүд онгоцны нэг хөдөлгүүрийг авч явсан хэрнээ өдий болтол тэр талаар дуугараагүй байгаа.
Хэрэв техникийн доголдлоос болсон бол Оросууд хамгийн түрүүнд мэдээлж, буудаагүй гэдгээ батлах байсан бус уу. Энэ мэт олон олон асуулт хэзээ нэгэн цагт тодорхой болох биз ээ.
Сэтгүүлч Дашцэрэнгийн ЗАЯАБАТ /Үндэсний шуудан сонин/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан