Алжирын боксчинд эрэгтэй хүний кариотип илэрчээ


ПАРИС. 2024 оны наймдугаар сарын 6 /ТАСС/
. Алжирын боксчин Иман Хелифийн биед эрэгтэй хүний хромосомын бүрдэл болох кариотип илэрсэн учраас тэрбээр хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч байж болно гэдгийг Европын боксын холбооны /EUBC/ ерөнхийлөгч Иоаннис Филиппатос сэтгүүлчдэд хандан мэдэгдсэн байна.


Филиппатос өмнө нь Олон улсын боксын холбооны /IBA/ эмнэлгийн комиссын даргаар ажиллаж байхдаа Алжирын тамирчнаас хүйсийн сорилын шинжилгээ авч байжээ.

“Бидний авсан цусны хоёр шинжилгээ нь Иманд эрэгтэй кариотип байгааг баталдаг, энэ бол хэвийн бус тохиолдол юм. Тэрбээр эрэгтэй ч байж болно, эмэгтэй ч байж болно. Ийм тамирчдыг ямар ангилалд оруулах вэ? Түүнийг эм хүйстэй төрсөн гэж ярьж байна, харин би түүнийг эх барьж аваагүй, эх барьж авсан хүмүүст бид итгэж байна” гэж Филиппатос ярьжээ.

“Эр хүний хүч чадлыг агуулсан ийм тамирчнаас эмэгтэй тамирчдыг хамгаалахыг бид хүсэж байна. Эрэгтэй ба эмэгтэй кариотипүүдийг зэрэг агуулсан тамирчидтай харьцуулахад ердийн эмэгтэй тамирчдын биемахбодийн хүч нь сул байдаг” гэдгийг тэрбээр нэмж хэллээ.  

Сануулан дурдахад, Алжирын боксчин Иман Хелиф, Тайваны Лин Юйтин нар 2023 оны ДАШТ-ний өмнө хүйсийн сорилын шинжилгээ өгөх үед тэдний биед XY-хромосом илэрч, тестостерон дааврын түвшин нь өндөр байсан  тул тэмцээнд оролцуулаагүй ажээ. Харин хоёр тамирчин Парисын Олимпод оролцохыг ОУОХ зөвшөөрсөн бөгөөд одоо тэд медалийн төлөө тулалдаж байна.

Өөртэй нь холбоотой дуулиан шуугианы хариуд Иман Хелиф хэлэхдээ, Олимпын үнэт зүйлсийг хүндэтгэн сахиж, тамирчид руу дайрч давшлахгүй байхыг уриалжээ.

“Миний бие дэлхийн бүх хүнд хандан Олимпын зарчим ба Олимпын Хартийг мөрдөн сахиж, тамирчдыг доромжлон дарамтлахгүй байхыг уриалж байна. Ингэж дайрч давшлах нь маш их үр дагавартай бөгөөд хүмүүсийн бодол санаа, оюун санаа, хүсэл тэмүүллийг устгах аюултай. Энэ нь хүмүүсийг эвдрэлцүүлэн хуваах аюултай” гэж тэрбээр хэлсэн байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан