Бид Зоригтойгоо үлдэнэ


Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа "Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэж нийтэлсэн юм. Харин өчигдөр энэ мэдэгдлийн хариу болгож, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “АН байрлаж буй хоёр давхар, цэнхэр байшингийн дэргэдэх С.Зоригийн хөшөө нь ардчилсан хувьсгалын гол баатруудын нэг. С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тарааж, иргэдийн сэтгэлзүйгээр тоглож байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар таныг явуургүй улс төр хийхээ болихыг шаардаж байна" гэв.
Мөн тэрбээр "Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. Хэрэв хөшөөг хөдөлгөхөөр бол тус сангаас очиж асуухыг зөвлөе. С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй. Байшин барих, С.Зориг агсны хөшөөг холдуулах гэж байгаа талаарх мэдээллийг газрын албанаас болон "Зориг сан"-гаас тодруулах хэрэгтэй. АН шинэ байр барих, С.Зориг агсны хөшөөг хөдөлгөх санаачлагч биш. "Шинэ дэвшилт холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй байна. Төв шуудангийн урд талын хоёр давхар цэнхэр байшинд АН-ын Хэрэг эрхлэх газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сар бүр түрээс төлдөг. Уг байшингийн эзэмшигч нь "Шинэ дэвшилт холбоо" ТББ. 12 жилийн өмнө тус холбооноос илгээж байсан бичгийн хуулбар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Байшин барих, С.Зориг агсны хөшөөг холдуулах гэж байгаа талаарх мэдээллийг газрын албанаас болон "Зориг сан"-гаас тодруулах хэрэгтэй” хэмээн ярилаа.
Харин цахим орчимд тэгэхээс тэгэх гэсэн шиг  “Ийм шилэн цамхаг Улаанбаатар хотод сүндэрлэх нь ээ. Өнгө нэмээд гоё л байх. Харин хаана баригдах нь анхаарал татаж эхэллээ. Төв шуудангийн замын урд талд буюу С.Зоригийн хөшөө орчим газарт энэ цамхаг босох нь. С.Зоригийн хөшөө болон АН-ын хоёр давхар байрыг нурааж ганган цамхаг барихаар төлөвлөжээ. Ардчиллын бэлгэ тэмдэг, харамсалтайгаар бусдын гарт амь үрэгдсэн С.Зоригийн хөшөөг өөр хаана ч юм аваачих юм байх. Нүднээс холдуулж, аажим аажмаар дасгаж бгаад тэр аймшигт үйл явдлыг бүр мартах вий, мартуулах вий гэсэн эмзэглэл төрж бна. Амьдад нь ч, амь насаа алдсан хойно ч амар заяаг нь үзүүлэхгүй нь дээ” хэмээх “балбаа” хаврын хавсаргатай хамжин нүднэ. 
Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүд болон бусад хүмүүс ч зүгээр хараад сууж тэвчилгүй өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, АН-ын дэд дарга, хуульч О.Алтангэрэл “С.Зориг бол Монголын ард түмний, Монголын ардчиллын баатар. Түүний эгэл даруухан хөшөө улсынхаа нийслэлийн зүрхэнд оршиж, биднээс монгол хүний саруул ухааныг нэхэх мэт төрийн ордныг ширтэн зогсож байдаг. Харамсалтай нь тэрхүү эрхэм хөшөөг нүүлгэж, Ардчилсан нам байрлаж байгаа байрыг нураах юм байна. Шалтгаан нь нэг шилэн барилга барина гэнэ. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовохын үлгэрээр АН СТӨ-ний хүзүүвчин барилгаа ХХБ-нд зээлийн гэрээ гэгчээр алдсан бол эдүгээ байрлаж байгаа "Шинэ дэвшилт холбоо”-ны байр С.Зоригийн хөшөөтэй хамт устах юм байна. Энэ бол ердийн нэг хүрэл хөшөө биш ээ. Эрхэм андууд, төрөл төрөгсдөөс нь эхлүүлээд эгэл хүмүүс бужигнаж байдаг ариун газар. Эзэн шигээ даруухан мөртлөө баримталсан зарчим шиг нь босоо мөнхөрсөн дурсгал.
Р.Чойном нэгэнтээ;
Хадуур барьсан үхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан үсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан үс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан үсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгүй ээ !
гэсэн шиг үнэхээр өнгө мөнгө нь дийлээд С.Зоригийн хөшөөг зайлуулдаг юм гэхэд ардчилагчдын зүрхэн дэх ЗОРИГ-ийг та нар яагаад ч зайлуулж чадахгүй ээ.
Ай даа журмын нөхөд минь, ах нарынхаа алдааг давтахгүй, ард олныхоо эрх ашгаас урвахгүй л урагшлах юм шүү!” хэмээн мэдэгджээ.
Иргэд, олон нийт ч энэхүү мэдээлэлд итгэж ядан эргэлзэж, өөр хоорондоо “Зоригийн хөшөөний газрыг зарчихсан гэв үү”, “Үнэн үү”, “Үгүй байлгүй дээ” хэмээн гайхширч бие биеэсээ асууж сураглана. Цахимаар “Зарсаар байгаад зарах газар олдохгүй болохоор хөшөө, төрийн байгууллагын зогсоолуудыг зарж байгаа биз дээ.Драмын театрын зогсоол яалаа. Болдогсон бол Төрийн ордны арын цэцэрлэгийг ч зарчих юмсан гээд хараад байж байхыг сийхгүй. Нэг амаараа сайн сайхан гэж өөрийгөө магтаад, нөгөө амаараа газар наймаалцаад сууж бдаг хүмүүс хаа сайгүй байна!”, “
АН өмнө нь Соёлын төв өргөөний газар дээрээ Ардчиллын өргөө барина гэж төв талбайд хандивын өдөрлөг зохион байгуулж багагүй мөнгө цуглуулсан. Одоо тэр газар нь хашаатай хэвээр, хэн ч авсан юм. Одоо С.Зориг агсны хөшөөг холдуулж 1930 онд баригдсан хоёр давхар цэнхэр байшингаа буулгаж өндөр байшин барих юм гэнэ. Эцэст нь байшин ч үгүй хөшөө ч үгүй болох вий дээ”, “Юу гэсэн үг вэ, Энд одоо ч давчуу газар. Юун барилга байшин барих вэ. Ганц хөшөө ч тайван байлгачихаж чадахгүй. Арчаагүй юм бэ” хэмээн эсэргүүцэж, дургүйцсэн сэтгэгдэл хөвөрч байна. Зарим нь “Х.Нямбаатарын зөв. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ", “Хотын даргын ээлжит тэсрэлт С.Зоригийн хөшөө байв уу. Гэхдээ арай ч дээ. Хөшөөнийх нь газрыг зарсан бол үнэндээ эвгүй юм аа. Зараад зогсохгүй нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэсэн бичиг явуулжээ. Энэ улсад бүрэн бүтэн зүйл, итгэх хүн үлдэх нь үү. Улам аймшигтай болоод байх юм. Одоо тэгээд Х.Нямбаатар даргыг “Зориг”-тойгоо үлдэж чадах эсэхийг л харж сууя даа”хэмээн санаа зовнингуй хотын даргаа дэмжиж байна.  
Г.Ганчимэг
https://news.zindaa.mn/4u9p
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан