Хүүхдийн мөнгө халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу


“Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгоно” гэж Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы индрээс дахин мэдэгдлээ. 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг ийнхүү бүх хүүхдэд олгохоор болсныг төсвийн орлого давж биелж буйтай холбон тайлбарласан юм. Улсын төсвийн орлого оны эхний хагаст 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг ч дурдлаа.
 Эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийг тодотгохын сацуу Хүүхдийн мөнгө халамж уу, аль эсвэл байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү, эсвэл төрийн хүн амаа өсгөх бодлого уу. Үүнд төр засаг нэгэнт хариулах цаг болсныг хөндөөд, энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирснийг өгүүлсэн. Олон улсын байгууллагууд ч энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн. ОУВС, Дэлхийн банкны зүгээс халамж уу, өгөөж уу, үүний ялгаа заагийг тодорхойлохын зөвлөдөг.
 Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улстөрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас  тайлбарлах нь чухал байна” гэлээ.
Эндээс харахад, хүүхдийн мөнгийг хүн амаа өсгөх бодлого гэж өнөөдрийн Засгийн газар илүүтэй үзэж байгаа бололтой. Тэрчлэн “Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр болон ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хүүхдийн мөнгийг хүн амаа өсгөх бодлого төдийгүй баялгийн өгөөж гэж үзэж байгаа нь эндээс тодорхой харагдана.

https://itoim.mn/a/2023/06/10/society/haqскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан