Сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж буй Азийн орнуудын жишгийг харахуй


Монгол Улс хоёр дахь удаагаа сонгуулийн холимог тогтолцоог ярьж байна.
2012 оны УИХ-ын  сонгуулиар хувь тэнцүүлсэн тогтолцоог хэрэгжүүлсэн ч пропорциональ хэлбэрээр төлөөлөх гишүүдийн хувь хэмжээ хангалтгүй буюу 37 хувь байсан нь үр дүнд хүрээгүй гэж судлаачид үздэг.
Нөгөө талаас олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийг дэвшүүлсэн нь алдаа байсан гэдгийг ч дурдах нь бий.  Өмнөд Солонгос улс сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсэн ч хувь тэнцүүлсэн гишүүдийн тоо хэт бага байдаг нь тус улсын хоёр том намыг ээлжлэн засгийн эрхэнд гаргадаг байдлыг улам гааруулсан байна.
Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгост манай улсын 2012 оны сонгуулийн тогтолцоо шиг хувь тэнцүүлсэн тоо нь бага байгаа нь өөрчлөлт, шинэчлэлт авчирдаггүй гэдгийг харж болно. Тэд Үндэсний Ассамблейгаа 273 гишүүнтэй байсныг 300 болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ гишүүдийнх нь 84,3 хувь нь мажоритар, 15,7 хувь нь пропорциональ байна. 85:15 гэсэн энэ тогтолцоо төдийлөн үр дүнтэй биш. 

Тэгвэл Япон улсын жишгийг харъя. Тэд 1980-аад оноос эхлэн сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай талаар ярьсаар 1994 онд улс төрийн тогтолцооны бүрэн шинэчлэлийг хийжээ. 
Энэ шинэчлэлээр сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсэн байна. Ингэснээр улс төрчдийн хувийн тоглолт, популист амлалтууд үгүй болж улс төр бохир мөнгөний нөлөөллөөс ангижирч чадсан гэж үздэг. Тус улсад парламентын гишүүдийн 60 хувь нь мажоритар, 40 хувь нь пропорциональ хэлбэрээр сонгогдож байна. 60:40 гэсэн энэ тогтолцоогоор парламент нь мэргэжлийн, ёс зүйтэй болж улс төрийн намуудын санхүүжилт ил тод, бодлого шийдлээр өрсөлддөг болж төлөвшжээ.
Энэ бол сонгуулийн холимог тогтолцоог зөв хийж чадвал төр цэвэрших боломжтой гэдгийг харуулж буй сайн туршлага. 
Харин одоо Монгол Улс ухрах уу, урагшлах уу гэдэг босгон дээр ирээд байна. Гишүүдийн тоог нэмж, нийгмийн бүхий л дуу хоолойг шийдвэр гаргах түвшиндээ сонсох уу эсвэл мэдээлэлд ойр хэдхэн хүнд төсвийн мөнгөө даатгах уу гэдэг сонголт.
Нийгмийн төлөөлөл бүр парламентад орж ажилласнаар улс төр илүү хяналттай болж, хэдхэн гишүүдийн лоббигоор хууль батлагддаг үе дуусна. 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорционалиар буюу 50:50 гэсэн зарчим нь парламент нь зөвхөн тойргийн иргэдээ тойглох бус нийт олны эрх ашгийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх учиртай.
Бид бусдын сайн, муу туршлагыг судалж, хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн бэ гэдгийг харах ёстой. Япон шиг тогтолцоог хэрэгжүүлж чадвал өндөр ёс зүйтэй парламент, ил тод, бодлогын намууд төлөвших бүрэн боломж байна.

https://news.zindaa.mn/4lcr
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан