ХЭНТИЙ: Аварга тосон нуурыг сэргээнэ


Хэнтий /МОНЦАМЭ/
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга тосон нуурыг сэргээх ажлын гүйцэтгэгч компаниар “Престиж инженеринг” ажиллаж эхэлжээ. Тус хамт олон аймгийн удирдлагуудтай өнөөдөр албан уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, БОАЖГ зэрэг холбогдох байгууллагын дарга, төлөөлөгч нарт Аварга тосон нуурыг сэргээх ажлын нэг хэсэг болох судалгааны ажлын тайлан, зураг төсөл , хийгдэх ажил, стратеги төлөвлөгөөний талаар тус компаниас мэдээлэл өгөв. 2022 оны байдлаар Аварга тосон нуурын усан мандлын талбай 25 хувь, усны дундаж гүн 50 хувь, усны эзэлхүүн 60 хувиар тус тус багасч, усны эрдэсжилт хоёр дахин нэмэгдэж 20гр/л хүрсэн байна. Иймд нуурыг бохирдолт, ширгэхээс хамгаалах, байгалийн унаган төрхийг сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд нуурын эргийн дагуу 465 метр зам, босоо шүүрүүлийн байгууламж, гадаргын усны байгалийн голдирлыг 12 байршилд сэргээх, голын эхийг хамгаалах, ойн зурвас байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай байгаа аж.
Аварга тосон нуурыг сэргээх ажил 2022-2023 онд хэрэгжиж буй бөгөөд туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газар зүй, гео экологийн хүрээлэн болон “Лэнд тест” ХХК, “Геомастер инженеринг”, “Эйр сурвэй” зэрэг компани ажиллаж байна.
Аварга тосон нуурыг сэргээснээр уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүсэж буй бохирдол, ширгэлтийг бууруулах, эмчилгээний чанарыг алдагдуулахгүй байх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Тус нуур Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш таван километрт оршдог. Орчноосоо арай намхан хонхорт оршдог, 300 метр урт, 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай, элсэрхэг ёроол бүхий нуур юм.
Нутгийн хүмүүсийн яриагаар Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг байжээ. Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ.Тосон нуурын баруун хойд өнцөгт байдаг хонхроос энэ нуурын ус ундрах бөгөөд тэрхүү хонхор нь цайвар өнгөтэй нарийн шавартай. Хонхор нь 15 метр урт, долоон метр өргөн, хөл алдаж шигдэхээр гүн аж. Мал орж үхсэн тохиолдлууд байдаг бөгөөд яс нь төмрийн зэв мэт шаравтар өнгөтэй болсон байдаг байна. Тэр хонхрыг нутгийнхан Бумбаа гэнэ. Тосон нуурын ус амт, үнэргүй цайвар ногоон өнгөтэй, олон зүйлийн жижиг хорхой, нэг сантиметр орчим урт нарийхан хануур хорхой мэт гуур олон байхын дээр жижиг цох хорхой элбэг байдаг.Тосонгийн шаврыг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг бөгөөд хүүхэн харааны хямрал, үе мөчний үрэвсэл, цусны даралт ихдэх, багадах, мэдрэлийн ядаргаа, арьс загатнах, арьсны өвчин, эгзим, усан гүвдрүү, диатиз, хүүхдийн шижин зэрэг өвчинд тустай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан