Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудаас “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг, Тэнүүний холбоо толгойн бэлд, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт тус тус үүрэг гүйцэтгэлээ.
Хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк тодорхойгүй 1 ширхэг их бууны сум зэргийг илрүүлсэн бөгөөд аймаг, орон нутгийн суурьшлын бүсэд иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэгслийг цаг алдалгүй аюулгүй болгож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.