Э.ОЮУНБОЛДЫН ААВ Д.ЭНХТӨГС: Муу хүүг минь хавчсаар байгаад бөхөөс явууллаа даа


-ХАР ЦАЙ, БАНТАН ИДЭЭД БАРИЛДСАН ХҮҮГЭЭС МИНЬ ЯАЖ ДОПИНГ ИЛРЭХ ЮМ БЭ-

           Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгстэй ярилцлаа. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болсон. Тэргүүлэгчдийн хурлаар зөрчил гаргасан аймаг, сумын цолтнуудын барилдах эрхийг хассан юм. Тодруулбал, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан билээ.  
-Та хоёр сайхан өвөлжиж байна уу?
             -Тавтай сайхан өвөлжиж байна. Манай нутгаар урт намар болж, өвөлжөө тавлаг байна. Хөгшин бид хоёр байдгийнхаа баруун хойд буланд л байна даа. Хэдэн малаа дагаад өдөр, шөнийг өнгөрөөж сууна.
-Таны хүүгийн шинжилгээнээс допинг илэрсэн гэх юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?
            -Миний хүүг олон жил допинг хэрэглэсэн гэж гүтгэж байна даа. Энэ бол цэвэр гүтгэлэг гэж аав хүний хувьд хэлмээр байна. Олон жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх гэж зохион байгуулалттайгаар миний хүү рүү дайрч, давшилж байна шүү дээ. Энийг бид эсэргүүцэж, хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хиймээр байна. Даанч хөдөөний бид хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй юм.
-МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал болж Э.Оюунболдыг давтан допинг хэрэглэсэн гэх үндэслэлээр найман жил барилдах эрхийг хасах шийдвэр гаргасан. Энэ тухай та сонсов уу?
            -Бүүр найман жилээр барилдах эрхийг нь хасчихсан хэрэг үү. Энэ тухай бид хоёр сонсоогүй юм байна. Харин халуун намраар допинг илэрсэн гэж мэдээ гарч байхыг нь сонссон. Домогт Д.Хадбаатар аваргыг хэлмэгдүүлж, 10 гаруй жил шоронд хатаасан гэдэг юм билээ. Миний хүүг ч ялгаагүй хэлмэгдүүлж, хүсэл мөрөөдлийг нь байхгүй болгох ажиллагаа баталгаатай ороондоо оржээ. Найман жилийн дараа тэр хүн барилдах боломжтой байх уу, та нар бодоод үз дээ. Үнэхээр арай ч дээ. Албан хүчээр миний хүүг Монгол бөхөөс холдуулж байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдтэйгээ тэмцэх гэж байгаа бол нэр дурдагдсан өнөөх 38 бөхтэйгөө адилхан тэмцэх хэрэгтэй. Тэд цол ахиад, хэрэг нь хэрэгсэхгүй болж, миний хүү ганцаараа туг тахигдаж байдаг ямар учиртай юм бэ. Нэг үгээр бол миний хүүг бохир улстөрчдийн тоглоом болгож орхилоо. Залуу хүний ирээдүйг баллаж байна шүү дээ. Допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулсан болж, даян аварга цол хүртэж байна гэдэг ялгаварлан гадуурхалт. Увсынхан наадмын түрүү авч, допинг хэрэглэсэн ч цол ахиж байх ёстой юм уу. Хэнтийгээс сайн бөх төрж, ард олноо баясгаж болохоо байсан хэрэг үү. Хэнтийгийн бөхчүүдийг дарж, боодог жалга довны үзэл Монгол бөхөөс хэзээ салах вэ. Энэ салж байж залуу бөхчүүдийн ирээдүй сайхан болно. Тэгээгүй цагт миний хүү шиг олон залуу хэлмэгдүүлж, амьдралаараа тоглуулах байх даа.
Миний хүүг ч ялгаагүй хэлмэгдүүлж, хүсэл мөрөөдлийг нь байхгүй болгох ажиллагаа баталгаатай ороондоо оржээ.
-Хүү тань энэ тухай хэлэхдээ та хоёрт юу хэлдэг. Ойрдоо холбоо барьсан уу?
            -Хаяа, хаяа холбоо барьдаг. Мэнд мэдэлцээд, бие хаа асуугаад л тасалдаг юм. Заримдаа гэртээ давхиад ирдэг. Бидэнд допингийн талаар огт ярьдаггүй юм. Саяхан нэг ярьсан. Олигтой зүйл яриагүй. Өөрөө хэлэхдээ “Би допинг хэрэглээгүй” гэдэг. Бид ч бас хүүгээ тийм зүйл хэрэглэх хүн биш гэдэгт итгэдэг. Энэ насаа дуустал хүүдээ итгэсээр байгаад дуусна.
 -Та хүүгийнхээ бэлтгэл сургуулилтын үеэр нь хамт байдаг уу?
            -Хамт байхыг хичээдэг юм. Гэхдээ хүү минь тэр бүр барилдаанаа харуулаад байхыг хүсдэггүй. Би жил жилийн наадмаар хотод ирж, хүүгийнхээ дээлийн захыг мушгиж, барилдахыг нь харж суудаг. 2019 оны наадмаар долдугаар сарын 7-нд нутгаасаа очиж, хүүгийнхээ барилдааныг харсан. Миний хүү сайн барилдаж, ярих юмгүй сайхан түрүүлсэн. Бид хоёр наадмын өглөө хар цай уугаад, бантан идээд наадмын талбайд очсон. Өөр юм идээгүй, миний хүү. Хар цай уугаад, бантан идээд гарсан хүүгээс минь яаж допинг илрэх юм бэ. Би хажууд нь хараад хамт л байсан шүү дээ. Энэ гүтгэлэг олон жил хүүг минь тарчлааж, эцэст нь хүчээр дарж авлаа даа.
 Миний хүү сайн барилдаж, ярих юмгүй сайхан түрүүлсэн
-Та хүүгээ допинг хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Та багштай нь уулзаж үзсэн үү?
           -Тэгэлгүй яах вэ. Хар нялхаасаа эцэг, эхээсээ холдож, бөхийн амьдралаар амьдрахын тулд зориг шулуудаж, хичээл номоо хаян байж энэ амжилтад хүрсэн юм. Би ч хүүгээ бөх болоход нь хачин баяртай байсан. Допинг хэрэглэж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өөрийнхөө гараар үгүй хийх тэнэг толгой биш, миний хүү. Хаана, ямар зүйл хийхээ мэддэг ухаантай хүү шүү. Адьяахүүтэй бага, залуу байхад нь уулзаж л байсан. Багшийнх нь хувьд допингийн асуудал дээр бидэнтэй адилхан л бодол сэтгэлтэй явдаг байлгүй дээ.
-Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд та ямар нэгэн зүйл хэлэх үү?
               -Маш их гомдолтой байна. Мууг минь бөхчүүдийн нүүр харах эрхгүй болгож орхисон. Хүүгээ барилдаан бүрээр л “барилдах болов уу” гэж горьдож, барилдахаар нь “яах бол” гэж өндөлзөж суудаг бид хоёрт үнэхээр хэцүү байна. Хүүг минь арслан болсон жилээс нь хойш л хааж, боож, хавчиж, дарж авах аргаа байдаг чадлаараа хэрэглэлээ. 2019 оноос хойш хүүгийнхээ өөрөөрөө, сэтгэл тайван барилдсан барилдааныг үзсэнгүй. Барилдах гэхээр нь барилдуулдаггүй. Монголын үндэсний бөхийн холбоо гэж ялзарчихсан газар байна. Хурал хуйгаа ч хийхгүй Ц.Магалжав гэдэг нөхөрт “Чи холбоог удирд” гээд тамга тэмдгээ өгчихдөг. Ийм л байна шүү дээ. Яах вэ, хүүг минь ийм аргаар дарж авч, залуу хүний ирээдүйн замналыг дуусгаж байгаа бол миний хүү аав, ээж дээ хүрээд ирэг...Муу хүүг минь зүлэг ногоон дэвжээнээс нь хөөж, түрсээр байгаад албан хүчээр буулгалаа даа. 
Хүүгээ барилдаан бүрээр л “барилдах болов уу” гэж горьдож, барилдахаар нь “яах бол” гэж өндөлзөж суудаг бид хоёрт үнэхээр хэцүү байна.
https://ergelt.mn/news/21/single/16030
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан