УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт зохион байгуулна.
УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нэрсийн жагсаалтад 50.751 сонгогч бүртгэгдсэнээс 18.796 сонгогч буюу 37.03 хувь нь саналаа өгчээ. Тэгвэл УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй 113.993 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “...сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн заалт бий.
Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцох юм. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай.
2021 оны аравдугаар сарын 16-ны бямба гарагт болох УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгөхийг урьж байна.
Жич: 2021.10.10-ны өдөр нөхөн сонгуульд саналаа өгсөн сонгогчид хамаарахгүй.