Хэнтий аймгийн хэмжээнд нийт 800 гаруй донор байдаг аж. Үүний 454 донор нь Хэрлэн суманд амьдарч бусдын эрүүл мэнд, амийг аврахын тулд цусаа харамгүй бэлэглэдэг аж. Мөн 35-аас дээш удаа цусаа бэлэглэж 100 гаруй хүний амийг аварсан Монгол Улсын Хүндэт донор 62 хүн байдаг бөгөөд үүний ес нь одоог хүртэл цусаа бэлэглэж байгаа гэнэ.
Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил "Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя" уриан дор халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тэмдэглэн өнгөрүүлж байна. Эл өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Цусны салбар төв Орон нутгийн удирдлага, УЗХ, Нэгдсэн эмнэлэг, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран "Донор тандаа баярлалаа-гэнэтийн бэлэг" нэвтрүүлэг, захидлын уралдаан, гурван аймгийн цахим уулзалтыг тус тус зохион байгуулжээ.
Мөн Хэнтий аймгийн удирдлагууд доноруудыг хүлээн авч уулзан, тэдний байгуулсан гавьяа, хүн чанар, хүнлэг сэтгэлийг үнэлэн "Ковид-19" цар тахлын үүссэн нөхцөл байдалд цаг хугацаа алдалгүй цусаа бэлэглэж, хүний амь аварсан есөн донорыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийн хүндэт тэмдгээр Ц.Оюунбаатар, Я.Хасбазар, Э.Лундаажанцан нарыг, Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр Д.Энх-Оргил, Д. Аюургүн, Х.Хэрлэнтунгалаг нарыг, Чингис хотын хүндэт тэмдэг, хүндэт өргөмжлөлөөр З.Болормаа, Г.Ганцогт, Ц.Наранцэцэг, О.Ганбаатар нарыг тус тус шагнажээ.