Ямандаг бурхан


Монголын Үндэсний музейтэй хамтран танилцуулж буй  “Алтан сан хөмрөг” цувралын энэ удаагийн  дугаарт XIX-XX зууны үед холбогдох “Ямандаг бурхан” үзмэрийг толилуулж байна.
Материал: гууль, шармал, оюу
 Хэмжээ: 18.7 x 10.3 x 22см
 Жин: 3695 гр
Санскритаар Ямандаг, Түвдээр Жигжид, Монголоор Аюулган үйлдэгч хэмээгч утгатай Арван хангал бурхдын нэг юм. Ямандаг бурхан нь оюун билгийн бурхан Манзуширийн догшин дүр агаад сүм хийдийн шашныг хамгаалагч бурхан гэгддэг. Монголын Үндэсний музейд хадгалагдах Ямандаг бурхан нь алт шармал лагшинтай, есөн тэргүүнтэй, гучин дөрвөн мутартай арван зургаан өлмийтэй, баруун талын найман өлмийгөө гадагш жийсэн хөл доороо дөрвөн хүн, долоон гөрөөс, зүүн талын найман өлмийгөө гадагш жийж хөл доороо дөрвөн хүн, найман  шувуу гишгэсэн, өмнөө өөрийн дагина Доржролонмааг тэвэрч босоо дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дэлбээ бүхий суурин дээр оршино. Доржролонмааг эцэг бурхнаас биеэр бага, догшин, нүцгэн, эм дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун мутартаа таван үзүүрт очирт иштэй дэгүг, зүүн мутартаа цустай гавал барьж, эцэг бурхны хүзүүний баруун талаас тэвэрсэнээр дүрсэлсэн  байна. Ямандаг бурхан нь ертөнцийн ба ертөнцөөс гэтэлсэн сахиус, тэнгэрүүдийг айлган, хортныг хөнөөн тонилгох чадалтай хүчит дуугаар даргилан дуугарч гурван ертөнцийг агшин зуур туулах ба ердийн үедээ өөрийн язгуур үсэг “хум” тарнийг давтан уншдаг ажээ. Энэхүү Ямандаг бурхныг Ц.Аюушийн эрдэм шинжилгээний тодорхойлолтоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлийн бүртгэлд бүртгэжээ.
 Эх сурвалж: www.polit.mn  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан