Ирэх дөрвөн жилд орон нутгийн хөгжил хийгээд иргэдийн амьдралд хамгийн ойр шийдвэрүүдийг гаргах төлөөлөгчдөө монголчууд аравдугаар сарын 15-нд сонгоно. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль шиг улсын хэмжээнд сүр дуулиантай сурталчилгаа явуулж, цөөн хүн сонгодоггүй тул ИТХ-ын сонгуулийг иргэд тэр бүр анхаарахгүй өнгөрөх тал бий. Угтаа бол Ерөнхийлөгчөөс, УИХ-ын гишүүнээс нэхээд байдаг худаг ус, гэрэлтүүлэг, зам зэрэг ахуйн ажлыг хариуцах төлөөлөгчдөө ИТХ-ын сонгуулиар сонгох учиртай. Гэтэл иргэд орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцдоггүй нь өнгөрсөн хугацаанд олон удаа дахин сонгууль явуулж байснаас харагдана.
2012, 2016 оны сонгуулиас бусад үед нь орон нутгийн сонгуулийг аравдугаар сард явуулсан. Аравдугаар сард оюутнууд хичээл сургуульд явж, малчид намаржаа, өвөлжөөгөө сэлгэдэг учраас ИТХ-ын сонгуулийн ирц хүрэхгүй байх том шалтгаан болдог гэж болно. Ингээд ирц хүрээгүй тойргуудад дахин сонгууль явуулж, энэ хэрээр төсвийн зарлага нэмэгддэг байв.
Харин энэ удаагийн сонгуулиар сонгогчдын оролцооноос хамаарсан дахин сонгууль явуулахгүй. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулиар сонгогчдын ирцэнд босго тавиагүй. Ингэснээр тухайн тойрогт хэдэн ч хүн сонгуульд оролцсон, олон хүний санал авсан нь сонгогдоно.
Харин ирцийн босгогүй болсон нь цаг хугацаа болоод төсвийг хэмнэх сайн талтай ч төлөөллийн зарчим алдагдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, монголчууд шийдвэр гаргагчдаа төлөөллийн зарчмаар сонгодог. УИХ-д ч, ИТХ-д ч нийт иргэний төлөөлөл болж сонгогдсон хүнээ ажиллуулах зарчимтай. Харин сонгогдсон хүнийг нийт иргэний төлөөлөл болсныг нь сонгуульд оролцсон иргэдийн ирцээр баталгаажуулдаг юм.
Гэтэл орон нутгийн сонгуульд ирцийн үзүүлэлтийг хуульчлаагүй нь төлөөллийн зарчим алдагдах өндөр эрсдэлтэй болов. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын жишгийг харахад сонгуулийн ирцийг 40 хувиас багагүй байлгах бодлого барьдаг. Сонгогчийн ирц хэт бага байх нь өөрөө төлөөллийн зарчим алдагдахад хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, бага ирцтэй сонгуулиас сонгогдсон төлөөлөгч нь нийт иргэд сонгогчдын төлөөлөл болж чадах эсэх асуудал яригдана гэсэн үг. Иймээс бид энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Хэдийгээр хуулийн зохицуулалт нь ийм ч гэсэн манай сонгогчид өөрсдөд нь ногдож буй өндөр хариуцлага, сонгогчдод итгэл хүлээлгэж байна гэж ойлгож хүлээн авах нь зүйтэй. Товчоор хэлбэл, өмнөхөөсөө ч илүү өндөр идэвхтэй оролцох ёстой гэж ойлгох хэрэгтэй болов уу. Орон нутгийн сонгууль намрын цагт явагддаг, оюутан сурагчид, малчдын нүүдэл суудал, хөдөлгөөний үеэр таардаг гээд бас ирц багахан буурах тал ажиглагддаг юм билээ” гэжээ.
Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс бүх шатны Засаг дарга нарт иргэд, холбогдох төрийн байгууллагуудад сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн дагуу хангах, сонгогчдын ирцийг бүрдүүлэх тал дээр үүрэг чиглэл өгч, хамтран ажиллах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн тухайгаа ч ярьсан байна.
Гэхдээ ирцийн босготой үед ч сонгуулийн хороодын уриалга хүмүүст төдийлөн хүрдэггүйн дээр иргэд ч орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй. Хөдөө орон нутагт ч зуншлага тааруу аймгийн иргэд зэргэлдээх аймаг, сум руу отроор их нүүдэллэж байгаа. Энэ мэт шалтгаанаар орон нутгийн сонгуульд цөөн хүн оролцож мэдэх нь. Тэгэхээр орон нутгийн сонгуульд “хөл” сайтай намын гишүүн л ялалт байгуулж, төлөөллийн зарчим утгаараа алдагдах нь. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд санал өгөхгүй бол олон гишүүн, дэмжигчтэй намын нэр дэвшигч л ялалт байгуулна. Ингэж сонгогдсон хүн орон нутаг, иргэдийн төлөө бус намын эрх ашгийн төлөө ажиллахаа илүүд үзнэ. Иргэд ч өөрөө санал өгч, сонгуульд оролцоогүй байж ингэж сонгогдсон хүмүүсээс хариуцлага нэхэх нь утгагүй. Тиймээс орон нутаг болон өөрсдийнхөө төлөө сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг иргэддээ уриалъя. Төлөөллийн зарчмаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх эсэхийг сонгогч та, бид л шийдэхээр байна.
http://eagle.mn/r/76770