2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?


2020 оны 60 хувийг бид хөл хорио, хязгаарлалт дунд өнгөрөөжээ. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эхний хагас жилд Евро бүсийн эдийн засаг жилийн 40 хувь, АНУ-ынх 32 хувиар агшсан байна. Хүмүүс хөл хорионд удаан тэссэнгүй. Хязгаарлалтууд хэсэгчлэн багасах тусам хөл хөдөлгөөн улам идэвхжиж эхлэв. Эдийн засаг ч ялгаагүй. Монгол Улсын хувьд 5 дугаар сараас нүүрсний экспорт нээж эхэлсэн ч эдийн засаг 2020 оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувиар агшжээ.
Бидний эдийн засаг ойлгодог эсэх нь энд хамаагүй. Эсвэл дээрх тоог задалж уншиж чаддаг эсэх нь ч чухал биш. Гэхдээ танд дараах асуудлууд тулгарч байна уу?
  • Таатай ажлын байр байна уу? Ажлын байрны зар хэр их байна вэ?
  • Таны цалин өмнөх онтой харьцуулахад өссөн үү? Эсвэл та бонус авч чадсан уу?
  • Таны цалин өсөөгүй үед худалдан авах бараа бүтээгдэхүүний өртөг өсөж байна уу?
  • Та цахилгаан бараа, машин, орон сууц худалдан авахаа түр хойшлуулсан уу?
Хэрвээ эдгээр асуултын аль нэгэнд нь та ТИЙМ гэж хариулбал  -9.7 гэх тооны сөрөг нөлөөг мэдэрчээ гэсэн үг. Мэдээж таны аль салбарт, ямар мэргэжлээр ажиллахаас шалтгаалан харилцан адилгүй нөлөөлж байна.
ХАА-н салбар эхний хагас жилд 13 хувиар өсжээ
Хямралд харьцангуй бага өртсөн салбар бол ХАА-н салбар. Цар тахал ямар байхаас үл хамааран ургац ургадгаараа ургаж, мал төллөдгөөрөө төллөсөн хэрэг. Тиймдээ ч эхний 2 улирал дараалан өссөн байна.
Уул уурхайн салбар эхний хагас жилд 29 хувиар буурчээ
Уул уурхай бол Монгол Улсын тулгуур салбар. Нөгөөтэйгүүр гадаад эдийн засгаас хүчтэй хамаардаг учраас хямралыг хамгийн ихээр бие дээрээ мэдэрсэн гэсэн үг. Түүхий эдийн үнэ буурч, экспортод гарах тоо хэмжээ нь ч багасаж, дээр нь энэ салбараас улс төрийн ашиг сонирхол үл тасарна. Гэсэн хэдий ч уул уурхайн томоохон компаниуд алдагдал ихтэй ажилласан зүйлгүй. Тиймээс энэ салбар өөрөө тэр хэмжээний ашгийн маржин өндөр гэсэн үг.
Үйлчилгээний салбар 8.2 хувиар агшихад тээвэр, зочид буудлын салбар хамгийн их нөлөөлөв
Тээврийн салбарыг ялгаад үзвэл, үйлчилгээний салбар 1 орчим хувиар өсжээ. Монгол Улсын тээврийн салбар тэр чигтээ автозамаас хамаардаг. Үнэндээ нүүрс зөөдөг хэдэн ачааны машин хилийн наана, цаана хэр явах эсэхээс шалтгаална. 2020 оны 1-р улирал бараг экспорт хийгдээгүй, 2-р улиралд сэргэх гэсээр таарсан. Харин 3-р улирлаас боомтын цаг уртасгаснаар хоногт гарах машины тоо 1000-аас 1800-д хүрээд байна.
Боловсруулах, барилгын салбар эхний хагас жилд 3.9 хувиар агшжээ
Боловсруулах салбарын бараг 50 орчим хувийг хүнсний үйлдвэрлэл эзэлдэг. Хөл хорио ихтэй байхад хүмүүсийн хүнсий хэрэглээ нэмэгдэнэ гэхээс буурахгүй. Тиймдээ ч хүнсний салбарын үйлдвэрлэл өсөлттэй гарсан бол хүнснээс бусад боловсруулах салбарынх бууралттай гарчээ. Улмаар нэгдсэн дүнгээр боловсруулах салбар агшсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “FMC-2020” арга хэмжээнээс авна уу.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан