Төрийн өмч ба У.Хүрэлсүхийн зохицуулалт


Хар багын гэх үү, НАМЗХ-г удирдаж байхаасаа л “Сэлэм Тогмид” нэр зүүсэн У.Хүрэлсүхтэн улсын Ерөнхий сайдын суудалд хоёр дахиа сууснаас хойш хяналтаа бүрэн алдав. Хаа явсан газраа хүн цуглуулж загнасан хаан, заан л болж хувирлаа.
Албатай юм шиг төрийн байгууллагуудаар ойр ойрхон явна. Явахаараа албатай юм шиг бүгдийг нь нэг өрөөнд цуглуулна. Албатай юм шиг сэтгүүлчдийг дуудаж харуулж байгаад нүүр нүдгүй загнана. /Загнахаасаа өмнө “мань чинь чамайг жаахан загнана шүү, битгий тоогоорой” энэ тэр гэдэг юм болов уу/ Адаг сүүлдээ “хэн чамайг дуудсан юм, дарга дагаж далдганалаа” энэ тэр гэж хөөж туудаг болсон байна. Хүн хөгширч зөнөөд ирэхээрээ хүүхдүүдээ тойруулж байгаад шалтгаангүй баахан загнаж зандарч, уйлж тунидаг шиг. Эхэлж автобусанд ачаад, дараа нь хөөж буулгасан гэв үү?
Даваа гаригт Гадаад харилцааны яамныхантай хийсэн ээлжит уулзалт дээр бас л баахан дөвчигнөв. Гадаад өрийн талаас илүү нь аж ахуйн нэгжүүдийн өр байна. Монгол Улсыг дампуурууллаа. Үүнээс хойш чөлөөт зах зээл гэж байхгүй. Төрийн зохицуулалттай зах зээл рүү явна. Би ингэж, тэгж үзэж байна..." гэж байгаад.
Уг нь бол яамны захын нэг газрын даргад У.Хүрэлсүхийн амыг таглачих чадал байгаа л даа. Тэглээ гээд Ерөнхий сайдтай үг сөрөлтэй биш. Тэгээд дуугүй байхаар нь “та нар юу ч мэдээгүй байна, мэдэхгүй яасан юм” гээд нэмээд загнана. Цаагуураа “бид буруугүй шүү” л гэх гээд байгаа юм. Уг нь бол хувийн компаниуд гаднаас зээл авахын тулд заавал барьцаа хөрөнгөө гаргана, Засгийн газраас баталгаа гаргуулна. Тэрийг мэдэхгүй өнгөрдөг Засгийн газар хаа байх вэ дээ.
Тэгээд ч аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд 930 гаруй нэр төрлийн зөвшөөрлийг төрөөс авдаг тухай Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин хэлсэн байна. Үүнээс илүү төрийн оролцоо, зохицуулалт гэж юу байх вэ.     
Цааш нь “Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ? Үүнийг чөлөөт зах зээл гэх үү? Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу? Бүх юмны үнэ нэмэгдээгүй байхад ядарсан, зүдэрсэн ард иргэдийн нуруун дээр ачаалал өгөөд байна. Энэ бол зохиомол үнийн хөөрөгдөлт. Үүн дээр төрийн зохицуулалт хэрэгтэй” гэв. Тэгэхээр одооноос бидний ууж идэж байгаа мах, гурил, будаа, талх, даавуу даалимбаны үнийг бүгдийг төрөөс тогтоох нь. Дараа нь төр өөрөө үйлдвэрлэдэг болно. Яг нөгөө соц үеийнх шиг.
Дулаан, цахилгааны, гурилын үнэ нэмэгдээгүй байж болно. Гэхдээ тэнд хүн ажилладаг, түүнд цалин хөлс өгдөг,  хөрөнгө оруулалт, менежмэнт шаарддаг гэдгийг Ерөнхий сайд маань мэддэггүй бололтой. Мэдэхгүй бол ядаж уулын аманд нэг дор амьдарч байгаа Ерөнхийлөгчөөсөө асуух хэрэгтэй л дээ. “Талх чихэр”-ийн талхны үнэд юу юу ордог вэ? Өртөг яаж бий болдог вэ? гээд.
Үүнийхээ оронд төрөөс олгодог тэр олон нэрийн тусгай зөвшөөрлөө цөөлөөд, хүнд суртлаа багасгаад, хүссэн хүн бүхэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж нөхцлийг нь бүрдүүлээд өгчихвөл өрсөлдөөн нэмэгдэнэ, үнэ бууна. Ядаж л тусгай сангуудаас тэжээгддэг монополь хэдэн компаниудаа задлаад, тэдэнд үзүүлж ирсэн дэмжлэгээ жижиг бизнесүүддээ тараагаад өгчихвөл босоод л ирнэ.
Ерөнхий сайдын энэ “хураана, нураана, нийгэмчилнэ, төр бүгдийг хийнэ” гэх дээрэм, булаалтын араас бусад нь бас дайраад эхэлж. Чөлөөт зах зээлийн үр шимийг хамгийн их хүртсэн Монголын хамгийн баян хүмүүсийн нэг, Зайсан толгойг тэр чигээр нь өөрийн барилгаар бүрхсэн хотын дарга асан өөртэй нэг зэрэг бизнесээ эхэлсэн жирийн иргэний 2,7-хон га газрын булааж авах гэж бүх аппаратаа хөдөлгөж байна. Хоёр өдөр хэвлэлээр зодолдов. 25 жилийн өмнө нүүрс, түлээ, модон материалын зах байгуулахаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан газрыг нь хурааж аваад, агуулахыг нь буулгах гэнэ. Агуулах сав гэдэг бол тухайн иргэний өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгө, энэ газарт хийсэн хөрөнгө оруулалт.
Гэтэл хотын захиргаа иргэн М.Хүрэлсүхийн эзэмшлийн газрыг хурааж аваад уг газар дээр төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний агуулах байгуулахаар болсон байна. Уг нь бол бэлэн байгаа агуулахад нь түлшээ хадгалуулаад төлбөрөө төлөхөд төсвийн мөнгөөр /мэдээж дундаас нь хусна/ агуулах барьж, харуул хамгаалалт тавьж, хүн ажиллуулахаас хамаагүй бага зардал гарна аа даа.
Манай агуулахыг ашиглаач ээ гэхээр "үгүй", тэгвэл худалдаад авчихаач, бас л "үгүй". 25 жил эзэмшиж, арчилж хамгаалж ирсэн газрыг нь хурааж аваад зогсохгүй дээр нь барьсан агуулах савыг буулгахаар болсон байна. Өчигдөр энэ тухайгаа Нийслэлийн газар зохион байгуулах алба, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, “Тавантолгой түлш” компаниуд хамтарсан мэдэгдэл хийв. Өөрсдийн гаргасан шийдвэрийг хамгаалж, нөгөө муу бизнесмэнийг газартай тэгшлэв.
Холбоотой ганцхан жишээ татья. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө ярьж байна. “Тавантолгой түлш” компанид гэрээгээр ажиллаж байгаа 10 хүнд машин механизмын тав нь зүгээр л сул зогсч байдаг. Угаасаа зорилго нь тийм. Жолооч нар нь өдөртөө очиж цагаа бүртгүүлээд сардаа 3-4 сая төгрөгийн цалин авдаг. Төрийн өмчид компани учраас тэнд хэн дуртай нь хэдэн машин шахаад, “түрээс” нэрээр сул орлого олдог гэсэн үг. Ганц энэ ч биш, төрийнхний хийдэг өшөө олон "бизнес" цаана нь байгаа.
Хэрвээ сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг стандартыг нь тавиад хувийн компаниар гүйцэтгүүлсэн бол ийм явдал болох уу? Тийм байхад “төрийн зохицуулалт хэрэгтэй”, “төр өмчөө мэднэ”, “төр өөрөө хийнэ” энэ тэр гэж сүржигнэх хэрэг байна уу?
Б.ЗАЯАhttps://www.infomongol.mn/https://www.infomongol.mn/a/163640?fbclid=IwAR0BRSthd9KixUjpd4Jv3SukDiK2uOwxr987ybOCTi910xW8N4PYjz-oI4k

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан