Буянаа барсан "монголчууд"


Австралид аялж явахдаа нэгэн дэлгүүрт 120 долларын “Монгол хонь” гэсэн шошготой нэхий хараад сэтгэл ихэд хөдөлж лавлан хартал “Made in Chinа” гэсэн мөнөөх алдарт үг дурайж байж билээ.
Ямар сэргэлэн хятад нь ингээд Монголын нэрийг бариад хөлжиж байна вэ гэж бодохоор л өөрийгөө ч төр засгаа ч зүхмээр санагдсаныг нуух юун. Өнөөдөр Монголд хонины нэхий 1 ч төгрөгийн үнэ хүрэхгүй хог дээр хаягдаж байхад, хятадууд яагаад бидний баялгаар, бидний нэрийг бариад доллар, еврогоор нь тоолоод хөлжиж байдаг билээ? Зарим нэгэн тоо баримтыг хамтдаа харъя. 
 
 
 
Манай улс жилд дунджаар бог, бод мал нийлээд 16 сая ширхэг арьс, шир бэлтгэдэг гэсэн судалгаа бий. Харамсалтай нь үүний ердөө 20 орчим хувийг үндэсний үйлдвэрлэгчид буюу дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрүүд боловсруулж байна. Эдийн засагчдын тооцоолсноор боловсруулсан арьс ширний түүхий эдийн нийт нөөцийг жилд 230 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Үүнд боловсруулалт хийгдэлгүй хаягдаж байгаа түүхий эдийн тооцооллыг оруулаагүй болно. 
Гэтэл бид энэ нөөц бололцооныхоо ердөө 20 хувь буюу 46 тэрбум төгрөгийн түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн 80 хувь буюу 184 тэрбум төгрөгийн түүхий эдийг анхан шатны боловсруулалт хийсэн болоод Хятад руу экспортолж байна. Өөрөөр хэлбэл бид жилдээ 800-900 тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг алдаж, харин урд хөрш маань дахин боловсруулалт хийгээд нэг арьсыг хэдэн зуу болгож зүсээд ашиг хүртээд сууж байна.  
Тэгвэл арьс ширээ сайхан боловсруулахад анхаарчихъя гэхээр манай улсад ийм нөхцөл бололцоо тун дутмаг байдаг байх нь. Учир нь малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдийн чанар, стандарт хамгийн чухал. Гэтэл манай улсад малын эрүүл мэндийн асуудал орхигдсоноос  болж бэлчээрт байхдаа л элдэв хачиг шавьжны “явдаг гэр” нь болж арьс шир нь гэмтдэг аж. 
Жишээ нь бог малын арьсны нийт ашигтай талбайн 70 орчим хувь нь ямар нэг гэмтэлтэй буюу паразиттай ирдэг байна. Мөнөөхөө химийн бодисоор боловсруулахаар, урагдаж сэмрэхээс эхлээд гологдол үүсэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болдог. Адаглаад л бид малаа угааж, эрүүлжүүлж чадахгүй арчаагүй байгаа учраас л арьс шир маань үнэгүйдэж байна даа.  
Тиймээс нэн тэргүүнд малын эрүүл мэнд түүхий эдийн тогтолцоог боловсронгуй болгож улмаар боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарыг сайжруулж, цаашлаад экспортод гаргах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх цаг болсон гэж салбарынхан нь хэлж байна. 
Тодруулбал, ядаж л малаа парацитаас нь салгачихвал мал эрүүлжихээс гадна түүхий эд бэлтгэл сайжирч, малаа зориулалтын газар нь төхөөрөөд арьсыг нь зохих журмынх нь дагуу авчихдаг, тэрийгээ хуучнаар бол агентад тушаачихдаг, түүнийг нь улсын хэмжээний томоохон үйлдвэр нь боловсруулчихдаг бол дотооддоо ч бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаднаас ч хэдэн доллар олоод байх хангалттай боломж байх юм. 
Монголчууд бид буянт малынхаа амьсгалаас бусдыг нь л ахуй амьдралдаа ашиглаж ирсэн ард түмэн. Гэтэл өнөөдөр аль ч аймагт очсон өлөнгөөс бусад түүхий эд нь хог дээр хаягдаж, сэг зэмээр нь махчин шувууд л хооллож байна даа. Ёстой л буянаа барсан “монголчууд” гэж хэлэхээс өөр үггүй болгох дүр зураг бойны газруудын хажууханд байна. 
Уг нь арьс ширний салбарынхан бас ч гэж өнгөрсөн хугацаанд гар хумхиад зүгээр суугаагүйг олон жишээгээр нотолж болно. Наад захын жишээ гэхэд нэг үеэ бодвол Монголын арьс ширний салбарын ажиллах хүчин гадаадад бэлтгэгдэж, цус сэлбээд эхэлжээ. Туркт арьс ширний чиглэлээр суралцсан мэргэжилтнүүд эхнээсээ ирж салбараа өөд нь татахаар ажиллаж байна. Цөөн тооны ч гэсэн зарим арьс ширний үйлдвэр Испани, Итали, Герман улсуудын технологийг нэвтрүүлж эхэлчихэж. 
Дарханд л гэхэд “Дарханы арьс ширний цогцолбор” байгуулах ажил эхлээд бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа юм байна. Харин төр засгаас гадаад дотоодоос ирж байгаа зээл тусламжийг нэг удаадаа энэ ажлыг нь урагшлуулчихад зориулчихдагсан бол түүхий эдийн асар их баялагтай орон юм чинь бид модоо бариад, бадар гуйгаад явахааргүйгээр л сэвхийтэл өөдлөхөөр байна даа. Уг нь хөгжлийн банк ийм стратегийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Засгийн газраас үнэхээр хийе гэвэл одоо л хөгжлийн банк болон бусад санхүүгийн дэмжлэгүүдийг цаг хугацаанд нь өгчихдөг бол ч ...
Төр засаг нь л харалган бодлогоо засчихвал, тун удахгүй бид “Made in Mongolia” гэсэн шошготой арьс, ширэн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийг эзлэх мөрөөдөл биш л дээ.
IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан