Хэнтий аймгийн нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадал бүхий барилгын ажлын тендерийн шалгаруулалтад эрх бүхий албан тушаалтнуудын ашиг сонирхол нөлөөлжээ. Тийм ч учраас тендерт татгалзсан хариу авсан компаниуд хуулийн байгууллагад хандаад байна. Хэдийгээр Сангийн яам болон Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэний талд шийдвэр гаргасан ч үйлдэл дээрээ будлиан үргэлжилсээр…
Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газрын БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдав?
“Сургуулийн барилга, 1500 суудал, Хэнтий Хэрлэн сум” ажлын гүйцэтгэгч шалгаруулах нээлттэй тендер 2020 оны 03 дугаар сарын 13-нд зарлагдаж нийт найман компани материалаа ирүүлсэн байна. Аймгийн орон нутгийн өмчийн газрын Тендерийн үнэлгээний хорооны эхний хурлаар гишүүдийн 83.3 хувийн саналаар “Содон номин констракшн” ХХК шалгарсан байдаг юм билээ. Гэвч аймгийн засаг ноёнд эл шийдвэр таалагдаагүй учраас гарын үсэг зурсангүй. Улмаар үнэлгээний хорооны дарга буюу Хэнтий аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун дахин хурал зарлав. Бүх юм хууль ёсны дагуу явагдаж шийдвэр гарсан байтал дахин хурал зарлахад гишүүд гайхсан ч эсэргүүцсэнгүй. Ингээд хоёр дахь хурлаар мөн л“Содон номин констракшн” ХХК 66.6 хувийн саналаар шалгарсан байдаг. Гэвч энэ шийдвэр ахиад л засаг даргад таалагдсангүй. Энэ үед тендерийн хугацаа дуусч Г.Хэрлэнчулуун дарга Сангийн яаманд хүсэлт илгээж 14 хоногоор сунгуулсан байна. Хамгийн хачирхалтай нь гурав дахь хурал зарлагдахад гишүүдийн санал өөрчлөгдөж 66.6 хувийн саналаар хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Монкон констракшн” ХХК-ийг шалгаруулж шийдвэрийг засаг дарга таалснаар сонгон шалгаруулалтын ажил дуусгавар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гурав дахь хурлын өмнө гишүүдэд үнэлгээний хорооны дарга “Энэ бол дээрээс өгсөн чиглэлтэй ажил учраас ёсоор болгохгүй бол ажилгүй болгоно” гэсэн шахалт үзүүлж дээд газрын чиглэл гэсний дунд ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Оюун-Эрдэнэ сайдын нэрийг дурьдсан гэх.
Сангийн яам гараа өргөж, шүүхийн шийдвэр гууль болж “Монкон констракшн” ХХК хууль бус ажлаа хийсээр…
Тендерийг будлиантуулж ашиг сонирхлын зөрчил орсныг мэдсэн компаниуд эхлээд Сангийн яаманд хандаж. Сангийн яам хянаж үзээд тухайн шалгаруулалтыг түдгэлзүүлэхийг чиглэл болгосон ч Хэнтий аймгийн ЗДТГ-аас “Монкон констракшн” ХХК-тай гэрээ байгуулчихсан учраас сангийн яам хоёр дахь албан бичгээрээ хуулийн дагуу шүүхэд гомдлоо гаргана уу гэсэн хариу өгсөн байна.
Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр долдугаар сарын 16-нд эхний хэлэлцүүлэг хийж гомдол гаргасан гурван компаниудын нэхэмжлэл үндэслэлтэй байна. Тийм учраас энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоох тухай захирамж гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл ялсан гэх компани ажлаа зогсоохгүй явуулсаар л байна. Сангийн яамыг гарыг нь өргүүлж, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн “Монкон констракшн” ХХК-ийн энэхүү аяглал хуулийн дагуу тендерт оролцож татгалзсан хариу хүлээж авсан үндэсний бүтээгчдийг гайхшруулсаар. Тендерт оролцсон найман компаниас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн нь ялагч гэх “Монкон констракшн” ХХК 13 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн, харин нэхэмжлэгч компаниудын үнийн санал тус ялсан гэх компаниас даруй 1.5- 1.7-н тэрбум төгрөгөөр бага үнийг санал ирүүлсэн байна.
Будлиантай тендерийн эргэн тойрон
Тендерт оролцсон компаниудаас хууль бус шийдвэртэй өнөөдөр гурван компани тэмцэж байна. Энд “Содон номин констракшн” ХХК, “Айникс инженеринг” ХХК болон “Хар чонот” ХХК юм.
Сангийн яам зогсоож чадаагүй, захиргааны хэргийн анхын шатны шүүхийн шийдвэр нөлөөлж бараагүй “Монкон констракшн” ХХК хууль бус шийдвэрээр авсан ажлаа үргэлжлүүлсээр байна.
Үнэхээр хууль бус үйлдэл хийсэн ЖДҮ-чид, тендерчид, концессчидтой хатуу тэмцэж устгана гэдэг У.Хүрэлсүх сайд, шударга ёс, эрх тэгш байдлын тухай лоозогнодогЛ.Оюун-Эрдэнэ нар аймгийн сургуулийн барилгын тендерт хуруу хумсаа дүрэв үү, эсвэл аймгийн ЗДТГ-ын албан тушаалтнууд томчуудынхаа нэрийг барьж дур зоргоор аашлав уу гэдгийг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хурлын шийдвэр хэлж өгөх нь тодорхой боллоо.
Шүүх хурлын эцсийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.