Хүүе энэ моддыг хадагаар баглаж хүлэхээр баяждаг гэнэ үү, баасаа танихаа больдог гэнэ үү? Үрээ танихгүй өнөр болдог юм уу? Үрээгээ танихгүй үрждэг юм уу? Ийм сүсэг бишрэл хаана байлаа? Ингэж мухар сүсэг рүү мунгинаж ухрахгүй ээ. Зүгээр л хадаг. Эрээнээс элдвийн хийц, эрээн өнгөөр нь оруулж ирсэн хамгийн хямдхан даавуу. Худлаа гэвэл шатаагаад үз. Эрхийн чинээ хайлсан гялгар уут шиг л юм болно. Энэ зүгээр л ой. Зүглэж дээшээ ургадаг мод. Ямар тэнэг нь яаж балайрахаараа ийм юм хийгээд явж байдаг байна аа? Баяжмаар байвал ойд хадаг уяад тэнэж байхын оронд хөдөлмөрлө, суралц, хэдэн цагаар тасралтгүй ажиллаж, үүр цайхыг нойргүй угтаж, үүндээ баясаж сур. Үр хүүхэдтэй болмоор байвал модонд хадаг нэртэй халтар самбай уяад явж байхын оронд эрүүл мэндээ хичээ, идэж уухаа цэгцэл, эрийгээ торд, эмийгээ эрхлүүл. Тоолж баршгүй олон модны хүзүүнд дүүжлүүрийн олс зүүчихээд баяжина, банжина, тушаал ахина, тураг өснө гэж бодож байгаа бол ёстой хол очиж хуц, хонхорт очиж уйл за. Алга дарамхан ойн сангаа очиж түймэрдэнэ, олз хайж хядна, эрвээхэйд идүүлнэ, эрээн хадагаар боомилно, цөлд цөмөөрөө цөлөгдөх нь дутав уу? Хадаг нэртэй халуун амь боосон халтар дүүжлүүрээ уяж зангидаад хөдлөхөд чинь лус савдаг хөөрхөн шоглоод, хөлд чинь хөгнө чирүүлээд явуулж байгаа шүү. Эрх чөлөөгүй уйлж, эрчлэх боломжгүй үхэж байгаа энэ моддыг чинь харин би очиж чөлөөлөөд, амийг нь арван зүгтээ салаалуулаад, арвин буяныг нь үүрээд мордоно шүү, хаана байдгийг нь хэлээд өг!
ЭМҮЖИН