Баян-Адарга сумынхан Хөдөө аж ахуйн салбарт амжилт бүтээл арвин байж, улс, аймгийн аварга тариаланч, малчид төрөн гарлаа. Тодруулбал, Ж.Оюунбат захиралтай “Мөнхийн дуурлиг” ХХК "Монгол Улсын аварга тариаланч хамт олон" гэсэн эрхэм хүндтэй шагналын эзэн болжээ. Мөн Дуурлиг багийн тариаланч Ц.Болдбаатар "Аймгийн аварга тариаланч", Сайхан багийн малчин Г.Дамдинпүрэв, Жаргалант багийн малчин С.Цагаанцоож, Адарга багийн малчин С.Өсөхбаяр нарын гэр бүл "Аймгийн аварга малчин өрх" цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ХЭЗХ-ийн дарга Л.Бат-Октябрь болон сум орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэсэн юм. 2019 онд "Мөнхийн дуурлиг" ХХК-ийн захирал Ж.Оюунбатыг газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасан байна. Түүнчлэн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоор Хамгийн чанартай уринш боловсруулсан ААН-ээр шалгарсан шилдэг хамт олон юм.
Д.Одонтунгалаг