“Ард иргэд маань надад хангалттай өргөмжлөл, хүндлэл бэлэглэсэн” хэмээн эгэл даруухнаар ярих нэгэн бол М.Жавдорж буюу бидний хэлж заншсанаар Жав бариач юм. Тэрээр Баян-Овоо, Батноров сум, Бэрх тосгонд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр 25 жил ажиллаж, 2008 онд гавьяаны амралтдаа суусан бөгөөд өдгөө Бэрх тосгонд мал маллан амьдарч буй. Манай сурвалжлах баг Бэрх тосгонд зочилж, түүнийг гарын увдисаараа өвчиндөө зовнин шаналж буй 40 эргэм насны эрэгтэйг барьж байхад нь хууч хөөрөн ярилцсан юм. Бидэнтэй ярилцах зуураа өнөөх эрэгтэйн гар нь дээш өргөгдөхөө байсныг Жав бариач даруй оношилж, тэр дор нь зовуурийг нь багасгаж орхисон юм. Нүдэнд илт уг явдлыг хажуунаас нь харахад бахархмаар байсныг нуух юун. Ингээд ярилцлагаа хүргэе.
-Сайхан хаваржиж байна уу? Таныг Жав бариач гэдэг нэрээр тань хүмүүс андахгүй. Та уншигч олонд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
- Би Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Аавыг минь Мижиддорж, харин намайг Жавдорж гэдэг. Аав ээжээсээ есүүлээ, айлын гурав дахь хүү нь. Миний аав ээж ах дүү нар бүгд Баян-Овоо сумандаа амьдардаг, харин би 1986 онд Бэрхийн уурхайд төрийн албаны ажлаар ирээд одоог хүртэл эндээ амьдарч байна. Анх 1987 онд гарын мэдрэмжтэй гэдгээ олж мэдэж, өдгөөг хүртэл 30 гаруй жил бариа хийж байна. Анх гарын мэдрэмжтэй гэдгээ хүмүүсээс нуудаг байлаа. Тухайн үед хориотой байсан юм. Ард түмэн ил гаргаад, хүнд хэлээд явахгүй болохоор төрийн албаныхаа хажуугаар бариа хийдэг байсан. Хүмүүс хүүхдийн тархи толгой хөдөлсөн, мөр мултарсан, үе мөч өвдсөн гээд л ирнэ шүү дээ. Хүнийг яаж өвчтэй, зовуурьтай нь байлгах билээ, нэг хүнийг ч болов эдгээх юмсан гэж боддог.
- Таны нэр их онцлог юм. Жавдорж гэдэг нэрний утга нь юу юм бол?
- Бурхан багшийн хэлснээр “Авран хамгаалагч” гэсэн утгатай. “Жавдо” гэдэг нь хамгаалагч гэсэн утгатай үг шүү дээ. Эх барьж авсан ээж маань энэ нэрийг надад өгсөн юм билээ. Би ах дүү нараасаа ганцаархнаа ийм өвөрмөц нэртэй. Хүний нэр утга төгөлдөр байх ёстой гэж боддог. Зарим хүмүүс бурхнаас заяагдсан хүн гэж хэлдэг юм. Бурхнаас заяагдаагүй бол олон түмэнд бурхан буянаа өгөхгүй. Тиймээс энэ их хувь тохиолдоо талархаж явдаг.
- Хамгийн анх бариа хийсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
- Бэрхийн уурхайн ажилчид намайг ил гаргасан юм шүү дээ.1987 онд юм даг, уурхайд осол гарч, хоёр хүн тархиндаа доргилт авсан. Тухайн үед эцэг эх нь намайг ажил дээр байхад хүрч ирээд “Нугасны ус авахуулна, цахилгаан менингит болсон” гээд барьж өгөхийг гуйсан. Тэгээд эмнэлэгт очиж, толгой, үе мөчийг нь барьж өгсөн юм. Түүнээс хойш иргэд мэддэг болсон. Би өвөг эцэг, ээж минь гарын увдистай хүн байсан гэж огт ярьж яваагүй. Цагдаагийн байгууллагад байхдаа төрийн хувцастайгаа бариа хийдэггүй байлаа. Энгийн хувцас өмсч байгаад бариа хийдэг байсан.
- Биднийг өглөө 07.00 цагт Бэрх тосгонд ирэхэд та хониныхоо бэлчээрт яваа харагдсан. Хээр газарт бөөгнөрч харагдах автомашины дүр зургаар таныг байна даа гэж хүмүүс олж мэдэх юм билээ. Одоо цаг 17.00 болж байна. Өглөөнөөс хойш хэдэн машинтай хүн танд бариулахаар ирэв?
- Өдөрт хэдэн машинтай хүн барих боломжтой байна тэр хэмжээнээс давсан олон хүн ирдэг. Өнөө өглөө гэхэд л үүрийн 04.00 цагаас хойш 25 хүнийг бариад байна. Урин дулаан болохоор бүр ихэсч, өдөрт 30 гаруй хүн ирдэг. Харин өвлийн улиралд арай цөөрдөг. Нэг машинд л гэхэд 2-3 хүн бариулахаар ирдэг. Би хонио л хариулах ёстой малчин хүн шүү дээ. Гэтэл тэдгээр хүмүүс миний ажлыг хийлгэдэггүй. Хүн өвчин, зовлон яриад ирэхэд нь би үгүй гэж чадахгүй, эдгээх юмсан л гэж бодно.Батноров сумын иргэдээс надаар бариулж байгаагүй хүн бараг байдаггүй. Хүмүүс гар цайлгахгүй бол болохгүй нүгэл болно гэж ярьдаг л юм. Гэхдээ би үнэ тариф тогтоодоггүй. Гар цайлгахгүй явж байсан тохиолдол гарч байсан. Тэглээ гээд би юм боддоггүй. Ажилтай яаруу сандруу замын хүмүүс байна даа л гэж боддог. Харин надад баярлаж талархсан сэтгэл нь их сайхан санагддаг юм.
-Та саяны эрэгтэйн мөрийг барихдаа “Яг энд байна” хэмээн зовуурийг нь даруй оношилж, хоромхон зуурт хөдөлгөж чадахгүй байсан зүүн гарыг нь зүгээр болголоо. Хөндлөнгөөс харж байгаа надад “Яаж ингэв” гэх бодол төрлөө?
-Гэмтлийн эмч нар бол хараад мэднэ. Мэдрэлийн судас үений завсар дарагдсанаас болоод мөрөө дээш хөдөлгөж чадахгүй байсан юм. Үүнийг хамаагүй нухаж, барих юм бол холбоо шөрмөс салбарлах буюу гэмтэх аюултай. Хэрвээ салбарлаж, гэмтэх юм бол үений мэс засал буюу мөрний хагалгаанд орох шаардлагатай болно.
-Тэгэхээр хүний биеийн бүтэц буюу анатомийн талаарх мэдлэггүйгээр хүн барих хэцүү гэсэн үг. Та анатомийг яаж сурав?
-Би анатомид сонирхолтой учир зураг их уншдаг. Тухайлбал, мөрний гэмтэлтэй хүн бариулахаар ирэхэд нь би холбоо шөрмөсний гэмтэлтэй зураг хардаг юм. Өдөрт 20-30 зураг уншдаг. Би хүнийг зөвшөөрөлгүйгээр өөрийн дураар эмчилж, эм тан өгдөггүй. Хагалгаанд орох шаардлагатай хүн байвал бариа хийлгүй, эмчид үзүүл гээд явуулдаг. Харин барьж болохоор байвал барьж өгөөд л явуулдаг. Гарын эрдмийг олонд хүртээнэ гэдэг маш хэцүү. Тархины судас доргисон байна уу, үгүй юу гэдгийг л судас барьж мэддэг. Эмчийн чагнууртай адил элэг, ходоод, зүрх судас ямар зовуурьтай байгааг гараараа чагнаж л мэднэ. Өдөржингөө хүн барихаар ажил маань амждаггүй нь л хүндрэлтэй байдаг юм. Түүнээс биш миний бие, гар огтхон ч өвддөггүй. Зарим хүмүүс албатай мэт “Үзүүлчихье л дээ” гээд зандрангуй хэлдэг юм. Тэгэхээр харилцан хүндэл, ойлголцол хэрэг болно.
- Таныг завгүй үед ар гэрийн асуудлаа эхнэр тань л зохицуулдаг байх. Их нөмөр нөөлөг болдог гэсэн үг шүү дээ?
- Миний гэргийг Мандалын Алтанжав гэдэг юм. Бэрх тосгоны Соёлын төвийн номын санчаар ажилладаг. Өглөөнөөс эхлээд энэ олон хүнийг барихад эхнэр маань л хамаг ажлаа зохицуулна. Өдөр бүр хоол, цай авчирч өгнө, орой гэртээ ороход халуун хоол цайгаар угтана гэдэг аз жаргал шүү дээ. Тэр минь л ар гэрийн бүх асуудлыг зохицуулна. Заримдаа өглөөнөөс эхлээд орой болтол бариа хийгээд, үзэгдэхгүй болчихоор эхнэрт маань хэцүү байдаг байх гэж санаа зовнидог юм. Анх эхнэртэйгээ гэр бүл болоход аав ээж минь 300 гаруй толгой мал өгсөн. Түүнээс хойш малынхаа буянаар амьдралаа залгуулаад сайхан амьдарч байна. Би гурван хүүхэдтэй. Тэд маань Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Гурван хүүхдүүд дундаас нэг ч нь бариа хийдэггүй. Миний чадварыг ч юм уу, гарын эрдмийг өвлөж ав гэж болдоггүй юм гэнэ лээ. Харин ач, зээ нараас бариа хийх хүн гарч ирэх байх гэж боддог юм. Би таван ач, зээтэй. Тэд нарт маань өвлөгдөөсэй гэсэн нууцхан бодол тээдэг.
-Таныг хаа холын баруун аймгуудаас зорьж ирэх хүн цөөнгүй. Хамгийн холдоо аль аймгаас бариулахаар ирж байв?
- Говь-Алтай аймгийн сумдаас, Өмнөговь аймгийн Тэс сум, мөн Орос, Улаан-Үд, Буриадаас их олон хүн ирдэг.
- Таниар бариулаад эдгэрсэн хүмүүс урмын үгээ харамгүй хайрладаг байх?
- Цэргийн баяр, Цагаан сараар их баярлуулдаг. “Сайн сайхныг хүсье, урт удаан наслаарай, аз жаргалтай амьдраарай, гарынхаа эрдмийг олон түмэнд хүртээж байгаа танд баярлаж явдаг шүү” гээд л олон сайхан үг хэлж ерөөдөг. Өмнө хэлсэнчлэн надад баярлаж, талархсан сэтгэл нь л сайхан байдаг юм.
- Таныг энэ олон жил бариа хийхэд ямар өвчин, зовуурьтай хүмүүс хамгийн их ирсэн бэ?
- Сүүлийн үед бага насны хүүхдийн тархины даралт, мөрний мултрал, тулгуур эрхтний хугарал зэрэг өвчин, зовуурьтай хүмүүс их ирж байна. Насанд хүрсэн хүмүүс мөн адил тулгуур эрхтний хугарал, гэмтэл гээд ирдэг. Харин сүүлийн үед ажиглаад байхад мэдрэлийн судасны өвчлөлтэй хүмүүс цөөнгүй ирж байна. Тиймээс цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй. Иргэд хайхралгүй явсаар байгаад биеийн байдлаа улам хүндрүүлдэг.
- Зарим иргэн үнэ тариф тогтоож, тогтсон байртай болоосой гэлцдэг юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
- Үнэ, тариф надад хамаагүй. Гол нь харилцан хүндлэл, итгэлцэл байхад л болно. Надад нэрд гарах гэсэн, аль эсвэл ашиг сонирхол харж, түүнийхээ араас хөөцөлдөх сонирхол байхгүй. Унтаж ч чадахгүй бие нь өвдөөд ирж байгаа хүүхдийг барьж өгөөд явуулахад нүд нь сэргээд цовоо болсон байхыг харах л сайхан байдаг. Ард түмнийхээ өвчин зовлонг эдгээхэд л миний зорилго оршдог.
-Төр засгаас таныг шагнаж, урамшуулж байсан уу?
-Сумын засаг дарга нар “Оны шилдэг хүн”-ээр тодруулж өргөмжлөл, шагнал өгч байсан. Ард иргэд маань надад хангалттай өргөмжлөл, хүндлэл бэлэглэсэн.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүгдийн ажил үйлс дэлгэрэг.
Д.Одонтунгалаг