Бидэнтэй зэрэгцээд манай дэлхий дээр харь гаригийнхан амьдарч байгаа нь үнэн үү


Пентагон тун саяхан нэгэн сонирхолтой бичлэгийг нийтэд дэлгэсэн. Уг нь жирийн үед бол дэлхийгээр нэг шуугьж өдийд чимээ нь намжаагүй харин ч бүр хүчээ авчихсан, мэдээ мэдээллийн гол сенсаци болоод балайрч байх ёстой уг бичлэг нь үл таних нисдэг биетийн(ҮТНБ) тухай юм л даа. Даанч коронавирустэй тэмцэж байгаа дэлхий “юун харь гаригийнхан, өөрсдийгөө яая гэж байхад” гээд тоосонгүй хаячихлаа.
АНУ-ын Батлан Хамгаалах Яам буюу байрлаж буй барилгынх нь хэлбэрийг нутагшуулан Пентагон хэмээн нэршээд заншчихсан хорвоогийн хамгийн том цэргийн хүчин яагаад өдийд гэнэтхэн харь гаригийхан дэлхийд амьдарч байгаа нь үнэн байж магадгүй гэсэн баталгааг дэлгэх болсон бэ гэдгийг мэдэхгүй. Үнэн нь гэвэл бараг анх удаа тийм том байгууллага бодит бичлэг нийтийн сүлжээнд цацаж байгаад баталсанд л байгаа юм. Дөрөвдүгээр сарын сүүлээр Пентагон богино хэмжээний гурван бичлэгийг тайлбартайгаар цацсан. Уг бичлэгүүдийг 2004 оны 11 дүгээр сар, 2015 оны нэгдүгээр сард тус тус бичиж авч үлдээд хав дарсан ч гэлээ 2017 онд нууцаа алдан нийтэд ил болж худал үнэн баримтууд сүлжээгээр тархан олон түмнийг төөрөгдөлд оруулах болсон учир мэдэгдэл гарахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. “Батлан Хамгаалах Яам энэхүү бичлэгүүдийг ил болгохдоо олон нийтийн дунд тархаад буй буруу зөв ойлголтыг нэг мөр болгохыг зорилоо. Видео бичлэгт харагдаж буй агаарыг үзэгдэлийг бид өнөө хүртэл “үл таних биет” хэмээн тодорхойлж буй” гэж мэдэгдэлд дурдсан. Уг бичлэгт гарч байгаа нисдэг биетүүд Америкийн нисэх хүчний онгоцнуудад байрлуулсан өрсөлдөгчийнхөө онгоцнуудын хэв маяг, маркийг тогтоох төхөөрөмжийн алинд ч багтаагүй бас онгоц, нисдэг тэрэг, бусад нисдэг аппаратуудын алинтай ч хэлбэр дүрсээрээ адилгүй байснаас гадна огцом хурдтай, хүний бие организм даахааргүй маневр үйлдэн нисэн өнгөрч байсныг тухайн бичлэгийг хийж буй нисэгчдийн ярианаас ойлгож болно. Пентагон дахь ҮТНБ-ийг судлах департаментыг олон жил толгойлж байсан Луиса Элизондо “Тэдэнд ийм бичлэгүүд маш олон бий. Та нарт мөсөн уулын зөвхөн уснаас цухуйж буй хэсгийг нь харуулжээ. Архивт байгаа бичлэгүүдийг үзэх эрхтэй хүн байсны хувьд би үнэнийг мэдэлгүй яахав. Бид харь гаригийн хүмүүсийг бодиттой харсан гэж худлаа хэлэхгүй. Харин ҮТНБ-ийг бол харсан, бичлэг хийж авсан. Зарим тийм биетүүд чөлөөт уналтын хурдаас 400-500 дахин илүүтэй нисэх мөртлөө ямар ч хөдөлгүүр, далавч энэ тэр байхгүй харагддаг” гэж дараах нь хэлсэн байна лээ. Ер нь ҮТНБ ихэвчлэн Америк тивийн эрэг хавиар эргэлдээд, америкчүүдийн дуран авиад өртөөд байдаг нь бас өөрөө оньсого юм даа. 2004 онд нисэх хүчнийх нь онгоцтой тик так чихэртэй хэлбэр дүрсээрээ адилхан биет мөргөлдөхийг онгоц тээвэрлэгч USS Nimitz хэмээх том усан онгоцны бие бүрэлдэхүүн бүгдээрээ харсан гэж Military.com дээр бичээд л байсан шүү дээ.
Сүүлийн үед АНУ-ын Невада мужийн нутаг дэвсгэрт орших Area51-ын талаар бас их бичих боллоо. Эзгүй цөлд маш өндөр хамгаалалтад орших “51 дүгээр бүс” хэмээх цэргийг баазыг байдаг гэдгийг Пентагон олон жил үгүйсгэсэн дээ.
Грүүм-Лэйк нуурын ойролцоо байршсан Dream­land хэмээх нууц нэршилтэй бааз Гүүглд харагддаггүй, солбилцол нь тодорхойгүй гээд ихэд нууцагдмал нөхцөлд 1947 оноос хойш ажиллаж байгаад саяхнаас “ичлэгдсэн”. Америкийн Батлан Хамгаалах Яамны өмч гэдгээ хүлээн зөвшөөрч цэргийн зориулалттай туршилт явагддаг тул зөвшөөрөлгүй ойртсон ямар ч этгээдийг устгах болно гэж зарласан уг объектод харь гаригийнхантай холбоотой баримт сэлт, эд хөрөнгө хадгалагдаж байгаа гэдэгт учир мэддэг хүмүүс итгэдэг юм билээ. Хэрвээ харь гаригийн хүний араг яс, амьд биет байдаг бол тэнд л байгаа. Лох Нессийн нуур дахь аварга гүрвэл, Гималайн нуруугаар хэсүүчлэх алмас-хүн зэрэг худал, үнэн нь огт тогтоогдоогүй домгуудын хажууд харь гаригийнхан гэдэг харин ч бодитой байх боломж өндөр юм. Тийм ч учраас АНУ, Франц, Орос, Их Британи зэрэг улсуудад харь гаригийнхан, үл ойлгогдох нисдэг биетүүдийг судлах хүрээлэнгүүд албан ёсоор дөч, тавин жилийн туршид арвин туршлага хуримтлуулан ажиллаж, судалсан хэвээр нууцгайхан оршсоор л байна. Хүн төрөлхтний техник, технологийн түвшин дээшлэх хэрээр зэрэгцэн оршиж буй “гадныхныг” илрүүлэх цаг дөхөж л байгаа бололтой.
Б.ХУЛАН
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан