Монголын шүүх засаглалд хэн нөлөөлөөд байна вэ

Ер нь Монголын Шүүх засаглалд хэн гэгч хүмүүс нөлөөлж ирсэн, нөлөөлсөөр байгаа, цаашид нөлөөлсөөр байх магадлалтайг үргэлж л ярьж байж алдаа завхралыг засна. Монголын Шүүх засаглалд улс төрийн нөлөө амь бөхтэй оршсоор байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулсаар байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, төрийн өндөр албан тушаал хашсан олны танил эрхмүүд Шүүхийн хаалга татаж, эхнээсээ шорон руу ачигдаж эхэллээ. Ял авсан М.Энхсайхан гэхэд “Ямар ч ажил хэрэг болоогүй гэрээний загвар дээр надад ял төлөвлөсөн. Ингээд машин шахсан хэргээр Шүүхээс ял өглөө...” гэж байна. Өнөө маргаашгүй ял сонсож мэдэхээр байгаа С.Баяр “Ямар ч хохирогчгүй хэрэг нээж надад Шүүхээс ял төлөвлөлөө” гэлээ. Үнэхээр тийм юм бол энэ улсад чинь юу болоод байгаа юм. Шүүх засаглал нь яачихаад байгаа юм бэ. Энэ хоёр хүний араас Да.Ганболд, Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж... гээд улстөрчид хуулийн танхимд зогсох боллоо. Тэдний хэрэг Шүүхийн шатанд очсон. Эдгээр нөхдүүд бүгдээрээ улстөрчид учраас улс төрийн зорилготой “дело” нээж байна гэж нийгэм хардаж байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Шүүх засаглал хэн нэгний нөлөөнд байсаар байна уу, цаашид байх уу... цаашаа энэ бүхэн юунд хүрэх вэ гэсэн асуулт урган гарч, хариулт нэхэж эхэллээ...
Сүүлийн хорь орчим жилийн нөхцөл байдлыг харахаар Улсын Дээд Шүүх нь шүүхийн дотоод хяналтыг авснаар хараат бус, бие даасан байдлыг нь үгүй хийсэн гэж судлаачид үзэж байгаа юм. УДШ-ийн Ерөнхий шүүгч гэдэг хүн үндсэндээ бүх шатныг шүүгчийн хэн байх, хариуцлага тооцох эсэхийг шийддэг, “дэмжин туслах” нэрээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, үүрэг даалгавар өгдөг болж хувирчээ. Энэ нь үндсэндээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр дамжуулаад улсын Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж, хяналтаа тавьдаг болсон үйл явц юм. Энэ завхралын эхлэлийг хэн гэгч улстөрч тавьсныг шулуухан хэлэх ёстой. Н.Энхбаярын үеэс эхтэй, Ц.Элбэгдоржийн үед гаарсан хэмээн Х.Тэмүүжин нарын хуульчид, судлаачид маш тодорхой хэвлэл мэдээллээр ярьсаар байгаа. Ер нь бол нарийн эхлэл нь Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын зөрчлөөс үүдэлтэй гэж судлаачид үздэг. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас авч хаядаг дэс дараатай үйл явц бол Монголын Шүүхийг хэн хянах вэ, хуулийн байгууллагын толгойд хэн суух вэ гэдэг “зодоон” байжээ. Учир нь тухайн үед Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийг Хууль зүйн сайд толгойлдог байлаа. Энэ эрх мэдлийг Хууль зүйн сайдад байлгах уу, эсвэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид аваачих уу гэдэг маргаан гарч, маргааны цөмд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр сууж байж. Н.Энхбаяр нь “Дээд шүүхэд энэ эрх мэдлийг татаж авснаар Шүүхийг бүрэн хяналтдаа авч чадах юм байна” гэсэн мэргэн арга сэдсэн нь тэр. Ингээд “бяр”-тай байсан Н.Энхбаяр УИХ дээр хүчиндээд батлуулсан юм. Тэр үед “босоо” байсан Н.Энхбаярт хошуу дэвсэн тал засдаг сүрэг хүмүүс УИХ-ын танхимд байсан юм. Тэдний зарим нь одоо ч Их хуралд байгаа. Ингэж л Шүүх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглах алсын зорилготой бужигнаан болсон нь бодит түүх билээ. Н.Энхбаярын хамж авч бий болгосон энэ их эрх мэдлийн хуримтлал, баримт фактуудыг аваад үзэхээр хүн нь солигдоод байсан боловч Дээд шүүх, Ерөнхийлөгчийн институци хоёрын хуйвалдаан Монголын Шүүх засаглалын бүх эрүүл саруул өөрчлөлтийг нурааж, өнөөдөрт ирсэн “гай” нь энэ. Үүндээ бас Үндсэн хуулийн Цэцийг ашигладаг. ҮХЦ-д Дээд шүүхээс гурван хүн, Ерөнхийлөгчөөс гурван хүн томилдог шүү дээ. ҮХЦ-д сууж байгаа есөн хүний зургааг нь барьчихаж байгаа. “Бидэнд үйлчлээд байвал эргэж томилогдоод байна шүү” гэсэн тохироотой. Ийм тохироогоор ҮХЦ-д хорин жил суучихсан хүн нэгэн үе байлаа.
Ер нь бол өнөөдөр шүүхийн танхимд зогсож байгаа, Шүүхийн шатны наана яваа эрх мэдэлтнүүдийн байгаа байдал бол өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэмээр байдаг. Ийм аюул руу явж байгааг өнөөдөр баларч байгаа бүх улстөрчид тэр үедээ мэдэж байсан. Мэдээгүй ч мэдэрч байсан. Гэвч түүгээр яваа “гай”-г үүгээр дуудаад яахав, надаас л холуур байвал бол оо гэж бодоцгоосон. Тэдний бэртэгчин зан нь хүссэн хүсээгүй өөрсдийг нь “гай”-д дуудсан байж болно. Улстөрч хүн улс орныхоо эрх ашгийн төлөө чин зүрхнээсээ хандах ёстой.
Үүгээр хэн нэгнийг тавлаж байгаа юм биш. Улстөрчийн замнал ямар байх ёстой тухай л яриа юм. Үнэндээ саяхан л “Шүүх дээр болж байгаа хэрүүл тэмцэл хаана очиж дуусч, хэний төлөө зодолдож байна? Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгч, Ерөнхий шүүгчийн төлөө л энэ улстөрчид чинь зодолдож байна шүү дээ. Нэг ёсондоо хонгилынхоо түлхүүрийг авах гэж байна” гэж захын хүн ярьдаг болчихсон байсан шүү дээ. Өнөөдөр тэгвэл шүүхээр орж буй энэ хэдэн том улстөрчийн эргэн тойронд мөнөөх л яриа өрнөж байгаа нь нууц биш.
Ийм цаг үед итгэл найдвар бол сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэ тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монголын улстөрчид бэлэн үү. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хамгийн түрүүнд Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн удирдлагыг Ерөнхийлөгч томилдог зохицуулалтыг авч хаясан. ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог байсныг зогсоож, ШЕЗ-ийн 10 гишүүн нь дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллахаар хатуу заажээ.
Эдгээр арван гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдоно. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Ингээд ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгоно. Ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшилнэ. Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар заасан. Энэ нь ШЕЗ дээр төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилна.
Товчхондоо ийм л реформууд Монголын Шүүх Засаглалд тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжих нь. Харин тэр болтол энэ хэд хоногт чухам юу юу болж өнгөрөхийг хэлж мэдэхгүй нь. Ямар ч л байсан өнөөдөр бодитой харагдаж, мэдрэгдэж байгаагаар бол энэхүү 25-ны өдрийг хүртэл Монголын Шүүх засаглалд хэн нөлөөлсөөр байна вэ гэсэн хардлага байсаар байх нь тодорхой. Засаглалын хуваарилалт буюу Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын шинэчлэл гэж сүүлийн бүх парламентад яригдлаа. Энэ удаад лавтай Шүүх засаглалын хүрээн дэх шинэчлэл өөрчлөлт Үндсэн хуулийн хүрээнд тодорхой хийгдэж, парламентаар батлагдсан нь бодит үнэн учраас итгэл найдвар тээн хүлээж суухаас өөр зам бидэнд алга даа. 

Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан