Д.Сосорбарам: Монголд ардчилал, эрх чөлөөг бий болгосон хүмүүст толгой дараалан сорчилж “Дело” нээж байна

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.
-Өнөөдрийн гол сэдэв бол ерөнхий сайд асан М.Энхсайханыг тойрсон асуудал болоод байна. Та бүгд бол ардчиллын 30 жилд хамт явсан нөхөд. Хамтран зүтгэгч нөхрөө хэрэгт холбогдож, ял авсан процессыг юу гэж харж сууна вэ?
-М.Энхсайхан Ерөнхий сайдын алба хашиж байсан хүн. Шведэд Элчин сайдаар явсан, тэндээсээ дуудагдаад ирсэн. Мань эрийг харахад хууль юу гэнэ, түүнд нь дуудлага авсан цэрэг шиг гозойж байсныг би мэднэ. Таван толгойн төслийг эргэлтэд оруулаад Монголд ашигтай гэрээ хэлцэл хийгээч гэж тухайн үеийн Засгийн газар түүнд үүрэг өгсөн. Түүнийг нь УИХ-аар хэлэлцээд тогтоол баталсан.
Энэ хүн төр засгийн өгсөн үүргийг хүлээж аваад ажилдаа орсон. Энэхүү төсөл ажил болоогүй. “Сумитомо корпораци”, “Шинхуа Энержи”, “Энержи ресурс” гэсэн Монгол, Хятад, Японы гурван компанийн оролцоотойгоор хэрэгжих байж. Энэ гурван компани гурвуулаа харилцан бие биедээ ашигтай, нэмээд төслөө өгч байгаа Монгол Улсад ашигтайгаар ажиллах л төсөл байсан. Гэтэл тэр үеийн УИХ-ын дарга нь “Монголд л ашигтай байвал болоо, цаад оронд ашиг хэрэггүй” ухааны юм яриад байгаа. Зах зээлийн зарчим, чөлөөт өрсөлдөөнд харилцан бие биендээ хожоотой, нэгнийгээ хохироохгүй явах ёстой.
Шүүх хурал гурван өдөр үргэлжиллээ. Шийдвэр гаргахдаа, ажил болоогүй, нөгөө гурван компани эргэлтэд ороогүй, хэн нэгэн хүн ашиг түрүүлээд авчихаагүй. Гэрээ хэлэлцээр эхлэх үү, болих уу гэдэг дэнсэн дээр л зогсчихсон асуудалд яагаад хүнд гэм буруу ногдуулж байгаа юм бэ. Тийм бол тухайн үед энэ төслийг дэмжиж байсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгд адилхан дуудагдах буюу гэрчээр, бас давхар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хам хэрэгтэн болох ёстой. Юманд бодитой, рациональ хандахгүй байгаагийн гай энд гарч ирж байгаа юм. Шүүх хурлаас харахад М.Энхсайханд хоёр зүйлийг нэгтгэж байсан. Гэрээний асуудлыг нэг, дээр нь унаа тэрэгний асуудал. Хорлон сүйтгэх гэдгийг тусгаарлачихлаа. Би үүнийг хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Түүнээс гадна Монголын түүхэнд өндөр дээд албаны 140 гаруй хүнийг буудаж алсан гашуун түүх байдаг. 100 жил тасралтгүй Монгол руу гар, хөлөө дүрж, Монголын төрийн оройд гарсан өндөрлөгүүдийг ээлжлэн цаламдаж, цулбуурдаж байдаг коммунист гүрний үлдэгдэл, түлхээс, нялхаас орлоо гэж харж байгаа.
-Цагдан хорьсон үндэслэл нь бас олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Олон нийтийн сүлжээнд хэргийн материал задрууллаа гэж?
-Их нарийн анзаарвал шүүх өөрөө гэмт үйлдэл хийсэн. Олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн нь эрх чөлөөт нийгэмд нээлттэй байх асуудал. Шалтаг хайсан хэрэг. Хэн ч өөрийгөө өмгөөлөх хамгаалах эрх нь Үндсэн хуульд байгаа. Тиймээс энэ бол давхар Үндсэн хууль зөрчсөн гэмт хэрэг.
Үүнтэй уялдуулаад хахь хамаагүй юм шиг хэрнээ хамгийн хамаатай нэг зүйлийг ярья. Платон Аристотелийн философийг грек хэлээр, Цицероны цэц мэргэнийг латин хэлээр, Шарль Монтескьёг франц хэлээр нь, Сервантисийг испани хэлээр нь, Жон локкийг англи хэлээр нь уншиж, харьцуулж судалж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн үзэл санааг задлан шинжилж дүгнэлт хийдэг мундаг эрдэмтэй хүн 1801-1809 он хүртэл АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Тэр бол АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жэффэрсон гэж лут хүн. Энэ хүн ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварыг эрс бууруулж, заримыг нь тэглээд, Засгийн газрын зардлыг маш цомхон авсаархан болгож, цэргийн зардлыг хүртэл хумьж улс орныхоо эдийн засгийг өөд нь татахаас гадна Англи улсын хаанд нэгэн захидал бичсэн байдаг. “Америк хүн бүрийн эрхэд халдсан, америк ард түмний эсрэг явуулсан бодлогоо таслан зогсоо” гэж бичсэн. Ингэж тэрээр америк хүн бүрийг аварч хамгаалснаараа дэлхийн түүхэнд бичигдсэн. Манай Монголын Ерөнхийлөгч болсон хэн нь ч бай, Ерөнхий сайд болсон хэн нь ч бай, байгаа хэн нь ч бай, Их хурлын дарга хэн нь ч бай төрийн өндөр албанд байгаа Монгол Улсыг төлөөлдөг хүмүүс хойд, урд хөрштэйгөө дипломат, эдийн засгийн харилцан зөвшилцлийн аргаар харьцахдаа ямар нэгэн асуудлыг улс орондоо хожоотой байхын тулд, нөгөө улсад эрх ямбаа алдчихгүй, газрын баялгаа нэхсэн зоргоор нь өгчихгүйн тулд “Өршөөгөөрэй. Би дангаараа мэддэггүй юм. Монгол хүн бүр мэддэг. Монголын парламент мэддэг” гэж дуугарч чаддаг байгаасай гэж хүсч байна. Миний мэдэж байгаагаар төрийн өндөрт байсан гурван хүн шууд Монголын ард түмнээ, парламентынхаа нэрийг барьж хожиж үлдсэн жишиг байдаг. Тэд бол Намбарын Энхбаяр, Санжийн Баяр, Цахиагийн Элбэгдорж нар. Төрийн өндөр албанд байгаа хүн бүр бодож байх хэрэгтэй. Одоогийнх нь ч, дараагийнх нь ч тэр. Би үүнийг яагаад битүү хатуу сэжиг төрмөөр яриад байгаа юм бэ гэвэл саяхан сэтгүүлчдийг гүтгэлгийн шинжтэй сэдэлтэй бичсэн байвал эрүүгийн гэмт хэрэгт татна гэсэн хууль үйлчилж эхэллээ. Энэ хууль эхлээд Оросод гарсан. Удахгүй манайд батлагдсан. Өөр ч ийм тохиолдол бий. Нэг ёсондоо хойно чангахан дүлэхэд энд чимээ нь гарч байдаг болчихоод байна. Үүнийг би яриад байгаа учир нь Баабар “Дело” гэж бичээд байгаа шүү дээ. Энэ хавтаст хэрэг чинь өнөөдрөөр зогсохгүй. Энэ чигээрээ яваад байвал дараагийн ээлж дахиад хавтсанд орно. Ийм эргэлтэд Монгол Улс яваад байгаа юм. 1990-2000 оны хооронд Монгол Улс коммунист дэглэмийг халаад чөлөөт нийгэм рүү шилжсэн. Энэ 10 жилийн хугацаанд хүмүүс нь ч эвдрээгүй, шинэ соргог залуу толгойтой ч байж. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар ардчиллын томоохон манлайлагч Да.Ганболдыг Тэргүүн шадар сайдаа, Д.Дорлигжавыг Шадар сайдаа болгоод ажилласан. Тэд ч чамлахааргүй ололттой ажилласан. Энэ олон өндөр шилэн байшин, хотдоо багтахааргүй олон машин тэр үед байсан юм шиг бодоод байгаа юм. Үгүй. Хов хоосон гэхэд болно. Асар их өөрчлөлтийг энэ 10 жилийн дотор хийсэн. Бодитой үнэ цэнэтэй зөв үйлдэл явсан учраас би ам бардам хэлж байна.Залгуулаад М.Энхсайханы толгойлж байсан Засгийн газар, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Ж.Наранцацралт гээд “Монголын ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар тэр агшинд төр барьж байхдаа өмч хувьчилсан. Малыг малчдад нь, орон сууцыг нь айлд нь, гадаад паспортыг хүн бүрт хувьчилж, суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, банкны реформ хийж, шүтэх бишрэх, хэвлэн нийтлэх, хэлэх ярих бүх юм эрх чөлөөтэй болсон. 1996-2000 оны энэ том ололтын эрчим энерциэр бид өнөөдөр явж байгаа юм. 2000 оноос хойш эдүгээ хүртэл буцаад хагас социалист, хугас коммунист, тал фашист сурталтай явж байна. 2000 оноос хойш сөрөг хүчин буюу хяналт байхгүй болсон. 2000-2004 оны хооронд 72 гишүүнтэй дан социалист төр барилаа. 2004 оноос хойш их эвсэл ч гэнэ үү, зөвшилцлийн, шийдлийн, шинэчлэлийн Засгийн газар гээд нэрүүд нь дандаа зогсчихсон тэмдэг нэр, нэр үгээр нэрлэсэн байдаг. Үйл үгээр илэрхийлсэн Засгийн газар нэг ч байхгүй. Монголын ардчилал эрх чөлөөний эхний 10 жил том үнэ цэнэ байсан юм. Үүнийг бүтээсэн, бий болгосон хүмүүсийг толгой дараалан сорчилж өнөөдөр “дело” нээж байна. Э.Бат-Үүлд, Ц.Элбэгдоржид, М.Энхсайханд, Да.Ганболдод.
-М.Энхсайханы дараагийн хүн Да.Ганболд гэж улс төр, нийгмийн хүрээнд яригдах боллоо...
-Мэдээж, Да.Ганболд байхгүй юу. Шулуухан хэлэхэд зориудаар хийж байгаа дело. За яахав ийм дело хийдэг юм байж. 2021 оноос хойш дахиад энэ дело нээгдэнэ. Бодит үнэнийг хэлэхэд Монголын төрд өнөөдөр дээрэмчид орогносон гэж хэлж болно. Түүний наад захын жишээ ЖДҮ, цаад захын жишээ 60 тэрбум. Нэмээд хэлбэл, АН-ын 100 сая. Би үүнтэй эвлэрэхгүй. Би бол урьд, урьдын төрүүдээс өнөөдрийнх нь хэцүү төр. Ялангуяа гадныхны тоглоом, шоглоом болчихлоо гэж харамсаж байна.
-Аливаа зүйл хоёр талтай. Өнөөдөр М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байна. Гэхдээ Ц.Элбэгдорж засагласан найман жилдээ ямар ч өө сэвгүй ажилласан хэрэг үү. Э.Бат-Үүл ч тэр, Хотын дарга байхдаа хуулийн зөрчилгүй ажилласан гэж үү. Монгол Улсын хууль, шүүхийн байгууллага оргүй зүйл дээр хэрэг үүсгэж, ял оноох уу?
-Хорвоо дээр Элбэгдорж шиг муухай хүн бараг байхгүй болж. Тэр хүнийг бараг хүн дүрсээс нь гартал нь хэлж байна. Үнэн тэвчээртэй хүн юм. Бат-Үүл ч тэр. Энэ бол зөвхөн Монгол Улсад байдаг юм биш. Англи улсыг жинхэнэ капиталзм руу оруулсан Маргарет Тэтчерийг төмөр хатагтай гэж хараадаг байсан. Уинстон Черчиллийг хүртэл 92 наслаад үхэж дуусах хүртэл нь зүхэж байсан гашуун түүх байдаг. Америк гүрэнд дэлхийн хүйтэн дайныг зогсоосон, татварын таатай орчин бүрдүүлж, эдийн засгаа өөд нь татсан, тэр ажиллагаа нь дэлхийн эдийн засаг өндийхөд нөлөөлсөн Рейганийг буудаж байсан. Боолчлолыг халсан Линкольноо буудаад алчихсан. Тэгэхээр энэ зөвхөн Монголд байдаг үзэгдэл биш юм. Хүн төрөлхтний авир юм байна. Гэвч ийм буруу гажуу, буртагтай авир цөөхөн Монголд зохимжгүй харагдаж байна. Хүн жаахан муу явах, бүр хүн үхэхэд араас нь хараагаад суудаг болж. Ямар дотортой хүн бэ гэж гайхмаар. Ер нь аливаа зүйлийг муухайгаар хардаг, тэр нь өөрт нь таашаал авдаг нэг хэсэг бий болчихож. Өнөөдөр манайд хадан дээр сийлсэн тамга лугаа чанд, хуршгүй, эргэшгүй, зорьсондоо хүрч чаддаг рациональ хүн бараг байхгүй шахуу байна. Тийм учраас энэ дампуурал яваад байгаа юм. Түүний оронд усан дээрх зураг лугаа рерационалист, тэднийг тойрсон прагматикууд л байна. Бидний оюун санааны түвшин ний нуугүй хэлэхэд яг ийм галбир дээр байгаа.
Чи Ц.Элбэгдоррж, Э.Бат-Үүл гээд асуулаа. Би энэ нөхөдтэй 90 оны цагаан морин жилийн үйл хэрэгт жинхэнэ хүйтэнд нь хөрж халуунд халж, өлсөж цангаж, хүнд суртал, хүний эрхийг зөрчдөг, шууд буудчихдаг байсан коммунистуудыг халахын төлөө тэмцсэн. Би тэдэнтэй дэндүү дотно хэдий ч, ямар бузар юм бэ гэж хэлэх баримт надад алга. Баримттай бол миний найз байна уу, хэн байна зөвшөөрөхгүй. Товчхондоо би хэн нэгнийг өмөөрөөд байгаа юм шиг араншин байгаа ч цаанаа хүний эрхийг өмөөрч байгаа юм. Би хэн нэгэн албан тушаалтанд тал засч байгаа юм биш. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах Түвшинжаргал гэж эмэгтэй шоронд орсон. Би тэр үед Бээжингээс иртэл нэг залуу жаахан хүүхэд тэвэрчихсэн “Бид амьдрах гэж байгаа залуу улс. Миний хүү урьд шөнө ээжийгээ хайгаад унтсангүй” гэж байхыг харсан. Тиймээс би түүнийг өмөөрөөд мэдэгдэл хийж байсан удаатай. Энэ бол хүний эрхийн аймшигтай зөрчил. Эх хүнийг, цаана нь нялх хүүхдийн эрхийг зөрчиж байсан. Мэдэгдэл хийхдээ “1000 эхийн баяр яасан бэ Ерөнхийлөгч өө, нялх биетэй эхийн сүү шоронгийн шалан дээр тусах ёсгүй шүү, Чингис ээ” гэж Ерөнхийлөгч Элбэгдорж, ЦЕГ-ын дарга Чингист хандаж хэлж байсан. Энэ бол намайг яаж явсныг уншигч түмэн ойлгоно биз. Муугаар бодоход миний нөхөд буруу үйлдэл хийсэн байг. Шоронд орлоо гэхэд би очиж эргэнэ шүү дээ. Хүн чанар гэдэг бурхныг гаднаас хайгаад байдаг. Хүний бурхан өөрийнх нь хүн чанар юм шүү дээ.
-Энэ үйл явдлуудыг базаад харахаар Монголын төрийн өндөрлөгт байсан хүмүүс толгой дараалан хэрэгт дуудагдаж шоронд ордог болчихлоо. Өмнөх нийгмийн үед ч ийм гашуун түүх бий. Ийм нэг үе давтагдаад байгааг та анзаарч байна уу?
-Яг зөв. Дараагийн хүмүүс ч энэ тээрэмд орно. Манай Улс их ваакум орчинд байгаа. Хойд, урд хоёр хөрш чинь хэн билээ. Ерөнхийдөө энэ үйл явц гадны савар. Шуудхан хэлэхэд Путин гэдэг хүний нэрийг их зоригтой тодорхой хэлж чадна, би. Намар яаж маяглав. Халхголын 80 жилийн ойд би ихээхэн эмзэглэсэн. Өөр хүмүүс баярласан байх. Бөөн танк Дорнодоор оруулж ирээд газар талхлаад л, Хүй долоон худагт онгоц нисгээд л. 21 дүгээр зуунд ийм үйл явдал шившиг. Монголд коммунизм амь бөхтэй хэвээр байгаа нь харагдсан. Гэтэл Японы буцалтгүй тусламжаар өнөөдөр Батоник орчимд том эмнэлэг баригдлаа. Нисэх онгоцны буудал баригдаж байна. Милитарист гээд байсан хүмүүс нь гар сунгаад туслаад байдаг. Гэтэл бид өнөө Зөвлөлтийн араншин хэвээрээ авирлаад, Путин Монголд хамаг цэрэг техникээ авчраад гуагалаад байдаг. Тэр талд нь Монгол Улсын Төрийн тэргүүн давхиад байдаг. Энэ бол гунигтай.
Ер нь хэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн байхаас үл хамаараад тогтолцоог өөрчлөхгүйгээр урагшлахгүй. Монголд капиталист тогтолцоо хэрэгтэй. Цомхон бүтэцтэй, чадварлаг, эрдэмтэй, хэлтэй ултай, сэтгэлгээний өргөн цар хүрээтэй, бие даасан, хэний ч халаасанд ордоггүй хараат бус хувь хүмүүсээр засаг төр бүрдэх учиртай. Барууны чиг баримжааг барьдаг баруун төвийн үзэлтэй нам хүчтэй гарч ирж байж баруун, зүүн хоёр өрсөлдөж байж чөтгөрийн цалам тайлагдана.
Энэ цаг үед боловсрол маш чухал. Чой.Лувсанжав гуайн ланжгар үг байдаг. “Хүн болоогүй хүнд эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж. Боловсрол хаанаас эхэлдэг юм бэ гэхээр гэрээс эхэлдэг. Хүүхдийг сургахаас түрүүлж хүн болгох нь чухал. Хөгшдийг тэжээхээс илүү асрах нь чухал. Тийм учраас хүүхдийг аль болох зоргоор нь, дураар нь байлга. Унаж байж босдог болог. Буруу үйлдэл хийгээд зөв болдог болог. Хүүхдэд өөрт нь ойлгогдохоор үйлдэл хийж зөв хүн болгох явц хамгийн чухал. Түүнд эцэг эхчүүд өөрсдөө л үлгэр дуурайл болох учиртай. Энэ ярианд дунд нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Сургуулийн 1-12 дугаар ангийн хичээлийн хуваарийг гуравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хичээллэдэг. Намар есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл хичээллүүлдэг хуваарьтай болгох бодлогыг Боловсролын яам гэж байгаа бол хийх хэрэгтэй. Өвлийн улирал ямар билээ. Замын хөдөлгөөн ч тэр. Ингэх нь маш олон талын ач холбогдолтой. Дээр нь хавар, намрын хичээлийн хуваариар явахад өглөө нар гарсан хойно хүүхдийг хичээлд нь явуулдаг, нар жаргахаас өмнө тараадаг болох ёстой. Энэ бол хүүхдийн эрх. Японд ийм хувийн сургууль байдаг. Хүүхдийг нойрыг нь хангалттай авахуулсны дараа сэрээж хичээлд нь явуулдаг. Монголд бол эсрэгээрээ. Нойрмог хүүхдүүд юу тогтоох вэ. Эрх гэж ийм том үнэ цэнэ. Хүнд амьд байх эрх, эрх чөлөөтэй байх эрхээс өөр том үнэ цэнэ ерөөс байдаггүй.
-Сонгуультай холбоотой нэг зүйл асууя. Ардчиллынхан дундаас бараг танаас бусад нь бие дааж нэр дэвшихээ зарлалаа. Тэгэхдээ хэн нэгнийг онилж, тойрогт нь дэвшинэ гэлцэж байна. Нэг талаар өс хонзонгийн сонгууль болох бололтой. Сонгогчдын эрх, сонгуулийн үндсэн зорилго аравдугаар асуудал болоод явчихав уу даа?
-Н.Номтойбаяр, манай Э.Бат-Үүл, Н.Алтанхуягийг тэгж ярьж байгааг сонссон. Тэр бол тэр хүмүүсийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Тиймээс би болиоч гэвэл тэдний эрхээр хязгаарлагдана. Намайг ч бас сонгуульд дэвшинэ гэж зурагтаар ярьсан байна лээ. Надад бол олон удаа УИХ-ын сонгуульд нэр дэвших, албан тушаалд очих боломж байсан. Санал болгож байсан, би байнга татгалзаж ирсэн. Би УИХ-ын гишүүн болж доошоо орохгүй ёргиж хэлсэн. Гэхдээ надаас илүү мэдлэгтэй, амьдрал болоод улс төр, эдийн засаг бүх үйлдэлд туршигдсан хүмүүс төрд очоосой гэж хүсдэг. Миний бахархаж явдаг нэг бүсгүй бий. Монгол тулгатны зуун эрхмийг хөтөлж байсан, сүүлд “7076” нэвтрүүлэг хийж байгаа Анужин. Тэр охины нөөцийг Монгол Улс ашиглаасай гэж боддог. Япон, орос, англи унаган хэлтэй. Франц, хятад хэлтэй. Босоо монгол бичгээ уншина. Тийм зиндааны хүмүүс УИХ-д очоосой гэж боддог.
Яахав, ардчиллын хөгшчүүл зайл гэлцэж байна. Хатуу хэлэхэд 27 жил төрийн сэнтийд заларсан хүмүүс ёстой уучлаарай, ханачихжээ. Залуу үе чинь байна гээд явах хэрэгтэй. Харин улс төрд байх ёстой хөгшчүүл гэж бий. Жишээ нь, би Да. Ганболдыг, Э.Бат-Үүлийг, Ц.Элбэгдорж, М.Энхсайханыг байг гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлд “Ард” кино театрын хувьчлалтай холбоотой зүйлийг асууя гэж бодож байна. Энэ хувьчлалын асуудалд таны нэр ихээхэн шүүмжлэлтэй холбогддог. Чухам яаж, ямар замаар та “Ард” кино театрыг авсан юм бэ?
-“Ард” кино театрыг 2005 онд М.Энхболд дарга Хотын дарга байхад, Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч дамжаад болоход би худалдаж авч байсан. Хүмүүс намайг 1996 оноос Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос авчихсан юм шиг хардаж сэрдэж ярьдаг. Үнэндээ МАХН дагнаж төр барьж байх үед Н.Энхбаяр, М.Энхболд хоёр “Д.Сосорбарам гуай ийм өмчтэй байлгүй яахав. Мөнгө төгрөгөө хугацаа номондоо төлөөрэй” гээд хувьчилж байсан. Би ч тэр ном дүрмийнх нь дагуу 97 сая төгрөгийн өмнөх өрийг төлж, нэмж 400 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо “Ард” кино театрт кино гаргах боломжгүй. Зөндөө олон сайхан театр байна. Өмнө нь тэнд “Бинго” тоглоомын газар байсныг ажил хэрэгчээр ярилцаж гаргаад нэг хэсгийг нь “Хас” банкинд түрээслүүлж, нэг зааланд би өөрөө жүжгээ найруулж тоглодог. Заримдаа нийтийн бүжиг, бүжгийн тэмцээнүүд зохиож хичээллүүлдэг. Нэг хэсэгт нь үйлчилгээний газар байна.
Би анх тэнд дэлхийн стандарттай сайхан театр босгоё гээд хөрөнгө оруулагч хайж байгаад Швейцариас олж, Япондоо тавд ордог архитектурч олчихоод зураг төслийг нь гаргаад ажил маш урагштай явсан. Тэр ажилд маань Лу.Болдын дүү Л.Болдхуяг маш их тус болсон. Тэр үед Хотын дарга Б.Мөнхбаяр байсан. Хотын даргаас байшин барилгаа эхлүүлэх бүхий л зөвшөөрөл бичиг баримтаа аваад Э.Бат-Үүлийн үед яг эхлэх болсон. Найзыгаа шүүмжилж орхиё. Э.Бат-Үүл маань барилга байшин барихад ойролцоох айл өрх, хүмүүсээс асууна гээд журам гаргачихсан. Хотын иргэддээ таалагдах гэж. Түүнийх нь дагуу театрынхаа төслийг эргэн тойрных нь хүмүүст танилцуултал Гэрэлээ гэх эмэгтэй тэргүүтэй хүмүүс эсэргүүцээд шүүхэд өгчихсөн. Шүүхийн ажиллагаа ч маш удаан үргэлжилсэн. Тэр хооронд хөрөнгө оруулагч маань Швейцариас ирж ажлаа эхлүүлэхийг хүссэн. Мэдээж шүү дээ. Тэр төсөлд маань 60 сая ам.доллар босчихсон байсан юм шүү дээ. Гэтэл шүүхийн ажил дуусдаггүй. Хөрөнгө оруулагч маань ч буцсан. Сүүлдээ би өөрөө шүүх дээр очоод нэхэмжлэл гаргасан хүмүүст “Та нар Монголд ойрын 20 жил орж ирэхгүй дэлхийн хэмжээний театрын төслийг нураалаа шүү” гэж хэлээд гарсан. Гэхдээ хулчийгаагүй. Хэдэн монгол дүү нартайгаа нийлээд эргээд нөгөө япон архитектуртайгаа ярилцаад төслөө үргэлжлүүлэхээр болсон. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард эхлэх байтал цар тахал гээд хойшлогдчихоод байна. “Ард” кино театрын түүх ийм учир жанцантай юм. 

Б.Энхзаяа
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан