Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газраас "Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг”-т гүйцэтгэлийн аудит хийж 254 зөрчлийг илрүүлжээ.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд Хэнтий аймагт 144613,6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 65 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 52222,5 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсанбайна. Үүнээс 24914.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 39 төсөл, арга хэмжээг зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлж, тус онд 15740,7 сая төгрөгийг санхүүжүүлэхээр баталжээ.
Тайлант онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 23,2 хувь буюу 3652,4 сая төгрөгийг нийгмийн салбарт, 9,2 хувь буюу 1540,0 сая төгрөгийг байгаль орчин, 43,1 хувь буюу 6777,5 сая төгрөгийг дэд бүтэц, 24,5 хувь буюу 3860,8 сая төгрөгийг төрийн захиргааны салбарт хуваарилжээ.
Худалдан авах ажиллагааны дүнд 22 төсөл, арга хэмжээ нээлттэй тендер шалгаруулалтаар, нэг төсөл, арга хэмжээг хязгаарлагдмал аргаар, 10 төсөл, арга хэмжээг харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг шалгаруулсан байна. Харин гурван төсөл, арга хэмжээг шууд гэрээ байгуулж, нийт 26 төсөл, арга хэмжээнээс 268,7 сая төгрөгийн тендерийн хэмнэлт гарч, нэг төсөл арга хэмжээг шууд худалдан авалтаар зохион байгуулжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнээс 2019 онд эрх шилжиж ирсэн 37 төсөл арга хэмжээний шууд худалдан авалтаас бусад 36 ажлын мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим мэдээллийн санд байршуулж, гүйцэтгэлээр 35 багц төсөл арга хэмжээнд 3199,2 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Аудитаар улсын магадлалаар батлуулаагүй зураг, төсөв ашиглах, зураг, төсөвгүй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, газрын болон техникийн нөхцөл аваагүй, худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулаагүй зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн зохиогчийн болон захиалагчийн хяналтын зардлыг орон нутгийн нэмэлт дансанд төвлөрүүлэх, захиалагч болон зохиогчийн хяналт хангалтгүй хэрэгжих, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг орон нутгийн өмчид бүртгэх ажил хангалтгүй байх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Аудитын дүнд давхардсан тоогоор 7915,3 сая төгрөгийн 254 зөрчил илрүүлж, алдаа зөрчлийг давтахгүй байх 1105.0 сая төгрөгийн 9 зөвлөмж, 6804,8 сая төгрөгийн 5 албан шаардлага хүргүүлжээ. Мөн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох 3 албан шаардлага, зориулалт бусаар зарцуулсан 5,5 сая төгрөгийг буцаан төлүүлэхээр 1 төлбөрийн акт, 1 албан шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажилласан байна.
Д.Одонтунгалаг