Коронагаас сэргийлэх, дархлаагаа хамгаалах бас нэг арга нь энэ талаар байнга “яншихгүй” байх явдал юм гээд энэ удаад арай өөр, гэхдээ бас л "хоолойд хутга тавьчихаад" байгаа нэг асуудлыг зөвлөлдье. Ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулахаар уриалга гаргах, иргэдийн дунд санал асуулга явуулах /мэдээж албан ёсоор биш, Тамгын газрынхаа цахим хуудсаар авч эхэлсэн гэсэн/ гэх мэтээр арга саам хийж, анхаарал татахыг хичээж байгаа ч гэсэн улс төрийн намууд аль эртнээс сонгуульдаа бэлтгээд эхэлчихсэн.Сонгуулийн ерөнхий хороо ч гэсэн УИХ-аас улс орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан онц байдал зарлаагүй тохиолдолд бид сонгуулийн бэлтгэл ажлыг хангах болно гэж мэдэгдсэн. Хэрвээ аудитын байгууллага намуудын мөрийн хөтөлбөр Сонгуулийн хууль болон холбогдох хуульд нийцсэн тухай зарлачихвал /2020.04.23-наас өмнө/ намууд сонгуульдаа орох гээд байна. Өнгөрсөн удаа мөрийн хөтөлбөрөө өгсөн 19 нам, эвслийн 12 нь хуульд тавьсан шаардлага, шалгуурыг хангаагүй хэмээн буцаагдаж, шинээр засварлан хүргүүлээд байгаа билээ. Тэдний дотор манай хоёр том намын мөрийн хөтөлбөр ч бас тууж яваа. Ер нь бол тооцоо судалгаагүй баахан мөнгөний амлалт авчээ л гэсэн байна лээ. Одоогоор СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээж авч, нийтэд зарлаагүй байгаа учраас өөр дэлгэрэнгүйг мэдэх боломж алга.Ямартай ч гучин жил улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, эрх барьж, барилцаж яваа төлөвшсөн намуудын хувьд мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлж чадахгүй байна гэдэг арай хөнгөдсөн хэрэг болж таарна. Тэр хэрээр ирэх сонгууль энэ намуудад хүнд тусч байгаа гэсэн үг байх.
Өөр бас нэг хүнд сэдэв бол сонгуулийн санхүүжилтийн асуудал. Тухайлбал, АН-ын хувьд бүр өнгөрөгч арванхоёрдугаар сард удирдах байгууллагаараа хэлэлцээд нэр дэвшигч нартаа 100 саяын босго тогтоочихсон. Нэлээд олон нь энэ дэнчинг төлөөд, нэр дэвшихээ илэрхийлээд явж байгаа. Хэрвээ нэр дэвших эрхээ авч чадахгүй бол энэ мөнгө “дашийн шоог” гэдэг болно. Өөрөөр хэлбэл, намын санхүү рүү орсон мөнгө эргэж гарахгүй гэсэн үг. Нэг төрлийн азын сугалаа шиг л юм болж байна. Хэрвээ нэр дэвших эрхээ авч чадсан бол дээр нь дахиад сурталчилгааны мөнгийг бас өөрөө гаргах юм шиг байна лээ. Ингээд ер нь нэг нэр дэвшигчээс дор хаяж 400-500 сая төгрөг гарах нь ээ гэсэн судалгаа тооцоо хийгээд, зарим нь эсэргүүцээд эхэлчихсэн байна лээ.
Гэвч УИХ-д зургаахан суудалтай сөрөг хүчний намын хувьд сонгуулийнхаа санхүүжилтыг өөр ямар хэлбэрээр босгох хэрэгтэй байсныг таамаглахад бас бэрх. Иргэд сонгогчдоосоо хандив босгоё гэхнээ нэгдүгээрт хууль байхгүй, хоёрдугаарт итгэл байхгүй, гуравдугаарт өгье гэхнээ ч өгөх мөнгөтэй хүн алга л даа. Яг өнөөдрийн нөхцөлд...
Харин эрх баригч МАН-ын хувьд энэ нь сайхан далим болж, “Бид нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй” гээд зарлачихсан. Сонгуулийн зардлыг нам өөрөө гаргана гэсэн үг. Гэтэл улс төрийн нам ашиг олдог байгууллага мөн бил үү? Мөнгө ургуулдаг хэрэг үү? Хаанаас тэр их мөнгийг гаргах гэж байна?
Өнгөрсөн сонгуулиар тойрог тус бүрд тэрбум төгрөг “асгасан” МАН түүнээсээ болж өнөөдөр 60 тэрбум, ЖДҮ гэмт хэрэг гэсэн хам хэрэгт уначихаад байгаа. Эхнээсээ зарим нь ялаа эдлээд, зарим нь шүүхийн хаалга татаад эхэлчихсэн. Ирэх сонгуулиар хүчний харьцаа өөрчлөгдвөл энэ нам дууслаа.
Атал өнөөдөр ч гэсэн энэ алдаагаа дахин давтах гээд явж байх шиг. Засгийн газар энэ оны төсвөө батлуулахдаа хөрөнгө оруулалт хэсэгт хоёр, гурван тэрбум төгрөг тавьсан байна. Зөвхөн сумдын төвүүдэд төсөвлөсөн захиргааны орднууд, хөдөө хээрээр “тарьж ургуулах” хөшөө дурсгалуудыг хасчихвал төсөвт даруй 1,2 их наяд төгрөгийн хэмнэлт гарах гээд байна гэдэг тооцоо, судалгааг эдийн засагчид /тухайлбал, Ч.Отгочулуу доктор/ хийсэн байна лээ.
Гэхдээ энэ мөнгийг МАН зүгээр хаяхын тулд хаяж байгаа биш, “хөрөнгө оруулалт” нэрийн дор сонгуулийнхаа санхүүжилтийг босгож байна. Энэ онд төсөвлөсөн хөрөнгө оруулалтын бүх зардлаа оны эхний зургаан сард багтаагаад тавьчихсан байна гэж байна. Өөрөөр хэлбэл, компаниуддаа хувааж өгөөд, тэндээсээ мөнгөө гаргаж аваад сонгуульдаа орох нь л дээ.
2016 оны сонгуулийн дараа аравдугаар сард УИХ-аар батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан /сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүр зорилт болгож тавьсан/ Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиудыг батлуулах МАН-ын зорилт өнөөдрийг хүртэл биелэгдээгүй шалтгаан ч бас энэ байх. Хэрвээ санхүүжилтыг ил болгочихвол сонгуульд зарцуулсан төгрөг нэг бүрийнхээ эх сурвалжийг тайлбарлах шаардлага гарна. Хуульгүй бол хулгайлахад амар шүү дээ.
Ингээд дан ганц эрх барьж байгаа намын эрх ашгийн үүднээс улс төрийн намууд санхүүжилтгүй, санхүүжилтгүй учраас бие биенийхээ халаасыг ухах, эсвэл хэн нэг мөнгөтэй хүний халаасанд багтах замаар дахиад дөрвөн жил мөлхлөө. Дахиад дөрвөн жил ингэж явбал ерөөсөө улс төрийн нам гэж байхын ч утга алдрах юм шиг байна. Ерөөсөө ямар ч бодлогын ялгарал, өрсөлдөөн байхгүй. Хэн хүчтэй, хэн мөнгөтэй нь өөрсдийнхөө дүрмийг зохиогоод сонгуульдаа ордог болох нь.
Тиймээс ядаж өнөөдрийн нөхцөлд аль нам сонгуульд хэдэн төгрөг зарцуулах гэж байгаа, хаанаас ямар санхүүжилт авсан гэдгээ ил тод зарладаг болмоор байна. Ядаж АН шиг. Тэгвэл өрсөлдөөн арай илүү шударга болох юм. Сонгогчид ч гэсэн нэр дэвшигчийн чинь таны гар дээр тавьж байгаа таван төгрөг хаанаас гарсан бэ, эх сурвалж нь юу вэ, эсвэл таны халааснаас аваад буцаагаад танд өгч байна уу? гэдгийг асуудаг, ядахдаа нэг удаа эргэцүүлдэг болох хэрэгтэй байх.
Тэгээд ялангуяа энэ удаагийн сонгуульд орж байгаа нам болгон өөртөө намын санхүүжилтын тухай хуулийг батлуулна, санхүүжилтийг ил болгоно гэдэг амлалтыг авч, мөрийн хөтөлбөртөө тусгаж, ялсан ч, ялагдсан ч түүнийхээ араас явдаг болмоор байна. Одоогийн УИХ-д ч гэсэн тийм боломж, үүрэг хариуцлага нь байгаа. Харамсалтай нь шаардаж байгаа нь алга. "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг" гээд бүгд нүдээ аниад алхаж байна. МАН гэж хумсаа нуусан муур, АН гэж “хуруугаа хазсан” тэнэг л харагдаж байна.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn