Бэрх тосгоны “Бөднө Шувуут” ХХК аймгийн Онцгой комисст 2500 ширхэг бөднө шувууны өндөг гардууллаа. Тус компаниас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Бэрх тосгон, Батноров сум, Хэнтий аймгийн Онцгой комиссын албан хаагчид, мэргэжлийн байгууллагуудад бөднийн өндөг шат дараатайгаар гардуулж байгаагаа дуулгаад, "Covid 19"-ийг хамтдаа даван туулахыг уриаллаа.
Тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хэлэхдээ, "Та бүхэн өмнө нь 2850 ширхэг өндөг гардуулсан. Бид түүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Зооноз, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн албан хаагчдад хүргэсэн. Үүнийг мөн тэгш хуваарилж, жижүүрт гарч байгаа албан хаагчдад хүргэнэ. Та бүхнийхээ тусламж, сэтгэлийн өглөгт Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье" гэлээ.
Тус компани нь байгуулагдаад найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхдагч компани бөгөөд орон нутгийн өндөгний хэрэгцээг хангаад зогсохгүй Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд /”Номин”, “Е-мart”, “Миний дэлгүүр” сүлжээ, “Оргил”, “Сансар”, “Every day”, “Боса” гэх мэт/ нийлүүлдэг байна.
Бөднө шувууны өндөг нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхжүүлдэг, эмчилгээний чанартай. Тодруулбал, эрүүл мэндийн уурхай бөгөөд тус өндөг нь аминдэм, аминхүчил болон органик гаралтай бичил элементээр баялаг, ходоод гэдэс ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хүний биеэс хүнд металлыг гадагшлуулдаг байна. Лецитин ихээр агуулдаг болохоор хүнсэнд түүхийгээр нь хэрэглэхэд бие махбодод хуримтлагдсан холестерины түвшинг бууруулдаг биологийн бодисын цуглуулга болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Д.Одонтунгалаг