Америкт ажилгүйдэл сарын дотор 30 хувиар өслөө, энэ бол 1930 оноос хойш тохиолдож байгаагүй уналт гэдгийг эдийн засагчид нь мэдэгдэж байна. Дэлгүүрийн лангуу хоол хүнсээр дүүрэн байгаад ч худалдан авах чадвартай иргэдийн тоо төдий хэмжээгээр буурч, өлссөн америкчууд дээрэм хийхэд бэлэн боллоо. Мексикт энэ асуудал бодитоор дэгдэж, хоол хүнсний хомсдолд орсон иргэд дэлгүүрээ бүлэглэн тонож байна. Америкийн Засгийн газар иргэддээ сард 1200, хүүхдэд 500 ам.доллар сар бүр хямралын үеийн тэтгэмж болгон өгөхөөр боллоо. Тэгвэл Монголд байдал ямар байна вэ? Ажил хөдөлмөр эрхлэх насны 1,5 сая хүн манайд бий. Тэдний 200 мянга нь төрийн албан хаагч, 200 мянга нь малчид, 200 мянга орчим нь зам, барилга зэрэг том төсөл, тендэрт ажиллаж улирлын чанартай орлого олдог иргэд, бусад нь буюу 900 орчим мянга нь хувийн хэвшлийнхэн, "Би чадна" хамтлагийнхан. Сүүлийн ангилалд угаасаа ажил хийдэггүй, уул шугамандаа аав ээж, ах дүүсээрээ тэжээлгэгчид бас багтаж байгаа. Энэ тоог эдийн засагчид надаас илүү нарийн мэднэ. Ерөнхий сайд Хүрэлсүхийн том төслүүдээ хөдөлгөнө гэж хүрлийгээд зүтгээд байгаагийн цаана энэ төслүүдээс амьдрал орлогоо залгуулдаг 200-гаад мянган иргэнээ бодоод байгаа гэж ойлгож байна. За тэгвэл одоо сул зогсоод байгаа хувийн хэвшлийнхэн, орлогогүй болчихоод буй барилгын салбар, үйлчилгээнийхэн яах вэ? Гутлаа чанаад, тэлээгээ дэвтээгээд идэх үү, эсвэл дэлгүүр дээрэмдэх үү? Хүрэлсүхийн Засгийн газарт хямралыг дуустал иргэддээ Америк болон бусад орны жишгээр тэтгэмж тараах, эсвэл бүх үйлчилгээний газруудаа нээж, хөл хориогоо цуцлах хоёрхон зам бий. Алийг нь ч хийсэн энэ Засгийн газрыг муу хэлж модоор цохино. Сонгуультай холбож сунаж унатал нь балбана. Мөнгө тараалаа гээд барьж иднэ, хориогоо сулруулж Covid-19 вируст боломж олголоо гээд шанаадаад хэвтчихнэ. Сонгуулиа эртхэн явуулчихвал энэ бүхнийг улстөржүүлэн харахаа больж, хямралыг хямрал гэдгээр нь салгаж ойлгох боломж бүрдэх юм. Юун сонгууль цаашлуулах, наашлуулмаар байна. Солонгос, Польшчууд сонгуулиа хийдгээрээ хийнэ гэж байна. Мөнгө тараалаа гэж мөчөө санжтал балбуулахаас эмээлгүй, харин ч Хүрэлсүхийн Засгийн газар хямралыг эхний ээлжинд 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл хэмээн үзэж, зохистой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Хүүхдийн мөнгийг 30 мянга болголоо, бензин түлшний үнийг 300 төгрөгөөр буулгалаа, зээлийн хүү царцаалаа. Таван их наядаар эдийн засгаа тэтгэхээр болж, хариугүй хоосон хонох дээрээ тулж байсан хувийн хэвшлийнхэнд итгэл авчирлаа. Ядарсан эдийн засагтай Монгол өөрөөр яах юм? Уртаас урт зовлон тоочсонгүй, зогдор буулган бууж өгсөнгүй, урагшаа зоригтой харж байна. Цаашдаа ч илүү хүчтэй алхам хийх шаардлага тулгарна. Эсвэл наад Хүрэлсүхийгээ хүүхдийн мөнгөөр нь шанаадаж унагаагаад, хүнс хоолны өлсгөлөнд нэрвэгдэх юм уу? Тэр үед ёстой "Үхсэний чинь covid-19, тэр вируснаас чинь өмнө өлсөж үхлээ" гэдэгтээ тулах биз. Америкчууд ч мөнгө үйлдвэрлэнэ, Монгол ч үйлдвэрлэнэ. Юу үнэн, энэ үнэн. Тэгж байж эл хямралын ард гарч, эдийн засаг зүрхний шигдээсээр үхэхдээ тулахгүй. Энэ Монголд хүнсний дэлгүүрийн дээрэм гарахгүй. Амь тариагаар ардаа тэжээж, эдийн засгаа эвтэйхэн сэхээнд барьж байгаад, Covid-19-ийн дараах дэлхийд зохицон өндийх учиртай. Үүний тулд Монголын Засгийн газар алсын замд амгай дуугаргаж, холын замд хоногоор тооцон жолоо талбилаа. Явсан нь хожиж, сууж үлдсэн нь сугараад хоцордог хорвоо шүү.
Р.ЭМҮЖИН