Ж.Энхтөр: Сумаа жишиг болгохыг зорьж ажилладаг

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөрийг албан ажилтай аймгийн төвд ирээд байхад нь уулзаж ярилцлаа. 
-Сайн байна уу? Хаврын эхэн сар гарлаа. Дархан суманд төлийн дуу цангинаад эхэлсэн байх. Энэ жил хэчнээн толгой мал, малчин өрх хаваржиж байна вэ? Цаг үеийн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор дарханчууд бид 255 887 толгой мал тоолууллаа. Үүнээс тэмээ 717, адуу 13 657, үхэр 9601, хонь 135 468, ямаа 96 444 тоолууллаа. Сумын хэмжээнд 468 малчин өрх хөдөөгийн гурван багт малаа маллан амьдарч байна. Өвлийг өнтэй давахын тулд бид өвөлжилтийн бэлтгэлийг сумын хэмжээнд 90 хувьтай хангасан. Энэ өвөл урьд жилүүдийг бодвол харьцангуй сайхан өнтэй байлаа. Одоо хаа сайгүй төлийн дуу цангинаад эхэлсэн урин хавартай золголоо. 
-Энэ жил улс, аймгийн аварга малчид танай сумаас тодорсон уу?
-Аварга малчид тодорсон. Жилийн дөрвөн улиралд малаа маллан ажил амьдралаа залгуулдаг малчдын хөдөлмөрийг үнэлж төр засаг улс, аймаг, сумын сайн малчин өрх шалгаруулдаг. Бид гурван жилийн өмнөөс аварга малчид болоод шинээр төрсөн мянгат малчиддаа зориулан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж энэ үеэрээ тухайн шагналыг гардуулах ажлыг зохион байгуулдаг. 2019 онд манай сумаас Монголын үндэсний радио телевиз, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран шалгаруулдаг алтан төлийн “Алтан хурганы эзэн” тодорч, аймгийн аварга малчин дөрөв, сумын аварга малчин 10 өрх шалгарсан.
-Дархан суманд жил бүр “Тэмээний баяр” болдог уламжлалтай. Тэмээн сүргийг онцлохын учир юу вэ?
-Манай сум тэмээний тоогоор аймагтаа тэргүүлдэг. Тийм учраас 2010 оноос эхлэн тэмээний баярыг жил бүрийн хоёрдугаар сард тэмдэглэсээр ирсэн. Тэмээ гэдэг амьтан жил өнжиж ботголдог, өл ачаа даадаг сүрлэг сайхан амьтан. Өнгөрсөн зун Говьсүмбэр аймагт болсон төвийн бүсийн “Боржигон 2019” наадамд бид тэмээ, тэмээн хөсөг сурталчлах ажлыг зохион байгуулж, наадамчин олон болоод аялал жуулчлалаар яваа жуулчдын сонирхлыг их татсан. Мөн өөрийн аймгийн “Намрын баяр”-т тэмээ, тэмээний өв соёлыг сурталчилж оролцсон. Бид тэмээний баяраа цаашид улсын хэмжээний эвент арга хэмжээ болгохоор зорьж байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас энэ санаачилгыг ихэд дэмжиж байгаа.
-Танай сумын бахархал, онцлог, хөгжлийн гол хөшүүрэг нь юу вэ?
-Ер нь сум болгон өөрийн гэсэн бахархах уул ус, түүхэн дурсгалт газар, алдар суутнуудтай байдаг. Манай сумынхан Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномоороо бахархаж, Дархан хан ууландаа ажил амьдралаа даатгадаг хүмүүс. Сум орон нутгийнхаа хөгжлийг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжиж байгаатай холбогдуулан Чингис хотыг Бор-Өндөр сумтай холбосон хатуу хучилттай зам тавих хэрэгтэй гэж хардаг. Яагаад гэвэл аймгийн төвөөс Баянмөнх, Дархан сумаар дамжин Бор-Өндөр сум, цаашаа Дорноговь аймгийн Даланжаргалан хүртэл хатуу хучилттай замаар холбогдоход бид урагшаа Замын-Үүд, хойшоо Улаанбаатар хоттой холбогдох юм. Зам дагаж хөгжил гэдэг учир сум хөгжихийн гол хөшүүрэг энэ юм. Манай сумын онцлог гэвэл байгалийн баялаг ихтэй.
-2019 онд Дархан суманд өрнөсөн бүтээн байгуулалтын талаар яриагаа үргэлжлүүлье?
-2019 оны томоохон бүтээн байгуулалт бол Нутгийн удирдлагын ордны барилгыг бид бүхэн ашиглалтад хүлээж авсан. Мөн сумын төвийн төсөвт байгууллагуудыг хооронд нь холбосон инженерийн шугам сүлжээ, нэгдсэн халаалтын уурын зуухны ажил болоод соёлын төвийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил, хүүхдийн тоглоомын талбай, дотуур байрны засвар гээд нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
-2020 оны сумын төсөв хэр батлагдав? Бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн үргэлжлэх вэ?
-Урьд жилүүдээ бодвол энэ жилийн сумын төсөв нэмэгдэж батлагдсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нэмэгдсэнтэй холбогдуулаад бид сумын төсвийн хөрөнгөөр сумандаа хогны шинэ машин, ковш трактор худалдаж авахаар эхнээс нь тендер зарлаад байна. Нутаг орныхоо төлөө залуу насаа зориулж ирсэн ахмадууддаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 101 сая төгрөгийн санхүүжилтээр ахмадын өргөө барина. Сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн хоёр давхар барилга барина. Мөн дээр дурдсан төвлөрсөн халаалтын ажлыг энэ оны зургаан сард бүрэн ашиглалтад авна. 2019 онд Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨК 71,4 сая төгрөгөөр айлуудын хэрэглээний цахилгааны 0,4-ийн шугамын модон хөлийг бетон болгож тросон утсыг нь зип кабель утсаар сольж өгсөн ажлыг үргэлжлүүлэн 100 айлын цахилгааны хэрэглээний шугамыг шинээр татна.
-Таны хувьд залуу хүн, сум орон нутгаа удирдаад явахад саад бэрхшээл хэр тулгарч байна вэ?  
-Тэгэлгүй яахав, аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд 100 хувь төгс байна гэж үгүй. Аливаад алдаа оноо хосолно. Эхлээд ажлаа төлөвлөнө. Дараа нь хөөцөлдөнө, тэгээд гүйцэтгэл гарна. Миний хувьд энэ л сумандаа төрж өссөн, сурч боловсорсон хүн. Анх багийн Засаг дарга, сумын Засаг даргын орлогч, Засаг даргын ажлыг 2016 оноос аваад ажиллаж байна. Сумын Засаг даргын ажлыг хийж гүйцэтгэхэд төсөв хөрөнгө гэдэг маш чухал. Мөнгөгүй бол ажил хийхэд үнэхээр хэцүү. 2016, 2017 оныг бодвол улс орны эдийн засаг сэргээд суманд хуваарилах хөрөнгө мөнгө нэмэгдэж байна. Залуу хүний хувьд сумаа жишиг сум болгохын төлөө хичээж ажилладаг. Тухайлбал, сумандаа “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж сумын айл өрхүүд ч гал түлэхгүй, үнс тоосгүй амьдрах орчин бүрдүүлэхийг зорьж байна.
-Та иргэдтэйгээ хэр ойр ажилладаг вэ? Тэднээс ямар захиас сургамж, санал хүсэлтүүд ихэвчлэн ирдэг вэ?
-Сумын Засаг дарга, төлөөлөгчийн хувьд иргэдтэйгээ аль болохоор л ойрхон ажиллахыг хичээдэг, хүмүүсийг их сонсдог, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг аль болох чадах чинээгээрээ шийдэж, туслахыг хичээдэг. Айл сууриудаараа явж төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ санал хүсэлтийг нь хүлээн авч газар дээр нь асуудлыг шийдвэрлэх, шийдэх боломжгүй бол дээд шатанд уламжилж өгдөг. Иргэд маань ихэвчлэн газартай холбоотой санал хүсэлтүүд тавьдаг.
-Анх сумын засаг даргаар томилогдоод сумандаа ийм л зүйлийг хийж бүтээх юмсан гэсэн хүсэл, зорилго байсан байх. Тэр зураглал хэр биеллээ олсон бэ?
-Анх сумын Засаг даргаар томилогдон ажлаа аваад 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Ингэхдээ хамгийн түрүүнд сумын Нутгийн удирдлагын ордон барих, дараа нь инженерийн шугам сүлжээ буюу нэгдсэн халаалттай болох, шинэ суурьшлын бүс гаргаж цахилгаан татах, автомашины парк шинэчлэл хийх гэсэн томоохон ажлуудыг төлөвлөсөн. Ингээд зураг төсөв хийлгэх, төсөв мөнгө олох гээд хөөцөлдөж явсан бол өнөөдөр эдгээр ажлууд маань олон түмний буянаар хөрсөн дээр бууж биеллээ олж бодит ажил болоод байна. Аливаа ажлын араас тууштай явж үр дүн гардаг. Сумын Засаг дарга хүн гадуур дотуур явж хүмүүстэй уулзаж, хөрөнгө мөнгө татах ажлыг л сайн хийх хэрэгтэй. Миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 90 хувийн биелэлттэй байна. Энэ онд 100 хувь биелүүлэх боломжтой.
-Танай сумын эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол гэх мэт чухал салбаруудын ажил аймгийн хэмжээнд хэр явна вэ?
-Сумын Засаг даргын хувьд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбараа дэмжиж ажилладаг, аймгийн хэмжээнд манай сургуулийн ажлын үзүүлэлт сайн байгаа. Сургуулийн багш нар маань аймгийн шилдэг багшаар шалгарахаас гадна сурлагын чанарын үзүүлэлтээрээ сургууль маань улсын хэмжээнд дөрөвт эрэмбэлэгдсэн. Спортын самбо бөхийн улсын аварга хүүхэд төрсөн. Мөн жудо бөхийн төрлөөр манай тамирчин хүүхдүүд улсын аваргаас медаль хүртлээ. Цаашид ч Ахай бэйсийн хошуу- Дархан нутгаас олон олон алдар суутнууд төрнө гэдэгт итгэл төгс байна.
-Ярилцсанд баярлалаа. 

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан