Ц.Анхболд: Хувийн урлантай болохыг мөрөөддөг

“Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад эрэгтэй оёдолчин байдаг гэнэ лээ” гэж сонсоод түүнтэй ярилцахаар ажлыг нь зорилоо. Шатны дор жижигхээн өрөөнд нэг шулуун оёдлын машин, нэг хэрээсний машин, уурын индүүний ширээ угтлаа. Жижигхэн өрөөнөөс томоос том мөрөөдөл тээсэн, эрч хүч үнэртсэн үйлчин залуутай яриа дэлгэлээ.
Харваас урлагийн хүн гэдэг нь илт түүний яриа хөөрөө ч сэтгэл хөдлөл ихтэй, тун нээлттэй хүн юм. Түүний ажлын гараа “Хан Хэнтий” чуулгын бүжигчин, дагалдан дуучнаас эхэлж байсан бол өнөөдөр тэр оёдолчин болжээ. Түүнийг оёдолчин болно гэж хэн ч төсөөлөөгүй биз. Хөх зүү хөндлөн барьдаггүй эмэгтэй хүн ч байхад баргийн хүнд заяадаггүй оёдолчин гэх алдар түүнийх. Хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх ярих түүхтэй энэ залууг Цолмонгийн Анхболд гэдэг.
Тэрээр урлаг гэх хатуу замыг сонгохдоо жаргал зовлонгийн алийг нь ч туулж үзсэн хашир нэгэн. Урлагийн хувцас хэрэгсэл хэрхэн бүтдэг, хэчнээн ээлжтэй байдгийг ч андахгүй мэднэ. Тэр тусмаа энгийн дээл хувцаснаас ялгаатай нь тайзны хувцас илүү иж бүрэн байдлыг шаарддаг.
Түүнээс чухам яагаад оёдолчин болсон тухай асуухад: “Би нарийн ширийн зүйлийг олж харах дуртай, тэр тусмаа монгол дээлний оёдлын онцлог үнэхээр гайхалтай. Би 2010 онд Эрдэнэт хотын чуулгад ажиллаж байхдаа багшийнхаа оёсон дээлнүүдийг харж байсан юм. Тэгээд л би шууд оёдолчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Ингээд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ замаар явж байна” гэж ярихад нүднээс нь итгэлийн оч гэрэлтэж байлаа.
Түүнд оёдол зааж учгаа өвлүүлсэн багшийг нь МУСТА Цэцэгдэлгэр гэдэг. Монголын ганц гавьяат оёдолчин Лхагваагийн төрсөн дүү нь гэнэ. Ийм том хүмүүсийн гараар орсон байхад хоосон хоцрохгүй нь лавтай. Анхболдын аав насаараа чуулгын тайзны машинист, жижиг хэрэглэлийн зураач хийж явсан, гарын ур дүй, дотоод мэдрэмж өндөртэй сийлбэрчин, мужаан, зураач хүн. Аавынхаа гарын урыг өвлөв үү гэлтэй, тухайн үед бүх зүйл таатай, эвтэйхэн байсэн гэнэ. Оёдлын багш нь: “Миний хүү аливаа зүйлийг хийхдээ сэтгэлээсээ хийж байгаарай. Оёдолчин хүнд нүдний ур, гарын ур, сэтгэлийн ур гурав нийлэх учиртай юм шүү” гэж хэлдэг байж. Нээрээ л оёдолчин хүний баяр бахдал бол бүтээл төрөх агшин байдаг. Сэтгэл шингэсэн зүйлдээ дурласаар зургаан жилийн нүүрийг үзэж байна.
Тухайн үед Эрдэнэт хотыг зорихдоо чуулгын уран бүтээлчээр ажиллахаар яваад эргээд “Хан Хэнтий” чуулгадаа оёдолчин болоод ирэхэд хамт олон нь бүр ч баяртайгаар хүлээн авчээ. Одоо тэр аав, ээж, хүүтэйгээ хамтдаа амьдраад хүссэн ажлаа хийж байгаадаа сэтгэл хангалуун явна. Анхболд нэг охин дүүтэй. “Тэр маань харин надтай харьцуулахад их эрэмгий шүү. Хөх зүү хөндлөн барьдаггүй хүн гэж байдаг даа. Тэр л гэсэн үг. Аав хэлэхдээ: Та хоёрын хүйс нь солигдсон байх аа гэж хошигнодог юм” гээд хөгжилтэй хөхрөв. Эгэл жирийн энэ амьдралд энгүй ихийг бүтээж чаддаггүй юмаа гэхэд ганц хүүгийнхээ төлөө би мөлхөөд ч болтугай зүтгэсээр байх болно гээд итгэлтэй боловч гунигтай тэр харц нь ихийг бодогдуулна.
Түүний хүүг А.Дүүрэнзаяа гэдэг. Одоо хоёрдугаар ангид сурдаг. Хүүдээ тэр бүр цаг зарцуулж чаддаггүй ч гэртээ оёдлын машинтай болохоор хамт байх цаг хугацаагаа арай илүү уртасгаж байгаа ч юм шиг санагддаг. Баяр наадмаар, мөн бие даасан уран бүтээл гаргах үеэр оёдлын ажил ид оволзоно. Заримдаа ажил дээрээ хонох ч үе тохионо. Тэр бүгдэд ядарч туйлддаггүй. Харин ч эсрэгээрээ дуртай ажлаа хийсээр суухад цаг хугацаа хэрхэн хурдан өнгөрч байгааг анзаарахаа болино. Дуулбал ч дуулчихна, бүжиглэвэл ч бүжиглэчих элдэвтэй, авьяаслаг энэ залуу ажилдаа хэдийнээ гаршсан, чуулгын анхны эрэгтэй оёдолчин болох түүхэн нэгэн хуудсыг бичилцэж явна.
Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан