АНУ-д сайн дурынхан коронавирусийн вакцины туршилтад орж эхэлжээ


Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины хүн дээр хийх анхны туршилт АНУ-д эхэлжээ.
Өчигдөр тус улсын Вашингтон мужийн Сиэтл хотын “Kaiser Permanente” судалгааны хүрээлэнд сайн дурын дөрвөн хүн туршилтын вакцинаар тариулсан байна.
Уг вакцин нь өвчтөний биед Covid-19 вирус халдаадаггүй, харин шинэ коронавирусээс хуулбарласан аюулгүй генетикийн кодыг нэвтрүүлдэг гэнэ.
Хэдийгээр хүн дээр туршиж эхэлсэн ч вакцины үр дүнг баталгаажуулах ажилд олон сарын хугацаа орох тул ирэх оноос наана хэрэглээнд нэвтрэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 
Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийн вакциныг бүтээхээр шамдан ажиллаж байгаа. Дээрх вакциныг АНУ-ын биотехнологийн Moderna Therapeutics компани бүтээжээ.
Ердийн вакцинууд нь тухайн өвчний сулруулсан вирусийг агуулсан байдаг. Харин энэ удаа туршиж буй mRNA-1273 вакцин нь Covid-19 вирусийг агуулаагүй, түүнээс хуулбарласан генетикийн кодыг агуулж байгаагаараа онцлог гэнэ. Лабораторид гаргаж авсан ийм хуулбарыг тарьснаар хүний биеийн дархлааны систем жинхэнэ вирусийг эсэргүүцэхэд бэлэн болох ёстой ажээ.
Эх сурвалж: BBC
Э.СЭМҮҮН, IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан