Буруу үлгэр дуурайлал бусдыг хөлдөө чирнэ

Хар тамхи. Эл үгийн утга учир, хор уршгийг найман настай балчраас наян настай буурай хүртэл мэднэ. Гэсэн ч түүнийг жигших бус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогсдын тоо улам бүр нэмэгдсээр байна. Манай улс хэдхэн жилийн өмнө хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хэрэглэгч орон болжээ. Тодруулбал, манай улс хар тамхины хэргээр 2014 онд 53, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 169 хэрэгт 300 хүнийг холбогдуулан шалгажээ. Хэрэгт холбогдогчдын 50 орчим хувийг 19-25, 40 гаруй хувийг 26-35, үлдсэнийг нь 46-55 насныхан эзэлж байна. ДЭМБ-аас хар тамхи хэрэглэдэг нэг хүний цаана 5-8 хүн байх боломжтой гэж үздэг.
Хар тамхинд донтогсод хүрээгээ тэлж, нийгэмд хорт хавдар шиг томорч буйг олон баримтаас харж болно. Тухайлбал, арван жилийн өмнө донтох эмгэгийн клиникт жилд 3-5 хүн ханддаг байсан бол сүүлийн гурван жилд хэвтэн эмчлүүлж буй хүний тоо жилд 60, 70-аас буураагүй байна. Энэ бол сайн дураараа донтох эмгэгээ эмчлүүлж буй хүмүүсийн тоо. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний төвд өнгөрсөн жил 730 гаруй хүнийг шинжлүүлсэн бол өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар энэ тоо 1350 болж өсчээ. Өөрийгөө хянах чадваргүй болж төрсөн эх, төрүүлсэн үрдээ хор хүргэх хэмжээнд хүртлээ мансуурч буй хүний тоо ийн нэмэгдсээр байна.
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД ХЭРХЭН ШИЙТГҮҮЛДЭГ ВЭ?
Уран бүтээлээрээ олонд танигдаж, хүндлэл хүлээсэн эрхмүүд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх учиртай ч үүргээ умартаж, олон мянган залууст хар тамхи хэрэглэх сэдэл өгч байгаа нь харамсалтай. Шүтэн биширдэг уран бүтээлчид нь хар тамхи хэрэглэснийг харсан хэн нэгэн түүнийг даган дуурайхыг үгүйсгэхгүй. Сүүлийн хэдхэн сарын дотор Б.Амархүү, Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал тэргүүтэй олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт шил дараалан холбогдсон.
Эдгээр эрхэм хийсэн хэргээ хүлээж, ялаа эдлэх ёстой ч уран бүтээлээ туурвих, тоглолтоо хийх зэргээр олон нийтийн дунд сул чөлөөтэй явдагт асуудлын учир бий. Гэмт хэрэг хийсэн хүнд тохирсон шийтгэлийг нь ногдуулахгүй байгаа нь хар тамхи хэрэглэсэн ч асуудлаас хөнгөхөн гарах боломжтой гэсэн ойлголтыг залууст төрүүлж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Товчхондоо, манай улсад хар тамхи хэрэглэсэн, мансуурч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулдаг ял сул гэж үздэг.
Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Эрүүгийн хуульд "Хар тамхи улсын хилээр оруулж ирсэн бол 8-15 жилийн ялтай болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял ногдуулахаар” тусгажээ.
"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшин, "Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь буюу үйлдэл дээр нь баримтжуулан баривчилсан байдаг. Г.Эрдэнэбаяр үүнээс өмнө буюу 2018 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн хэрэгт шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон ч зургаан сар орчим болоод шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байдаг. Мөн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож арван жилийн ял сонссон ч тухайн үед Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Эдгээрээс гадна хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн олны танил эрхмүүд бий. Тухайлбал, "Ice Top" хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, "Сuys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппэр Don Dior зэргээр урлаг соёлынхны цуваа хөвөрнө. Хар тамхи хэрэглэсэн олны танил эрхмүүд иймэрхүү  байдлаар шийтгүүлдэг учраас цар хүрээгээ улам тэлж, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Гэтэл олон улсад хар тамхины хэрэг өндөр ялтай, хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тухайлбал, Хятад цаазаар авах, бүх насаар нь хорих хүртэл шийтгэх тогтолцоог хэрэгжүүлдэг бол өмнөд солонгосчууд хар тамхитай холбогдсон алдартнуудаа хэзээ ч уучилдаггүй аж. Томоохон компаниуд нь гэрээгээ цуцалж, сурталчилгааны самбараасаа зургийг нь буулгах, уран бүтээлийг нь цацахыг хориглох зэргээр цогц арга хэмжээ авдаг учраас тэд ард түмнээсээ уучлал гуйж, буруу үлгэр дуурайл үзүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ байдаг.
Хар тамхины хэрэгт холбогдогчид өөрсдийгөө “Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна”, “Эр хүн ц нэг алдаа л биз" гэх зэргээр тс хаацайлж, өмгөөлж, олон нийтийн сэтггэхүйд ийм байдлаар нөлөөлж буйн цаана ид сурч боловсрох, хөдөлмөрлөх насныхан өөрийн болон бусдын амь насанд хүрэхэд ойрхон байна.
Үүний нэгэн жишээ бол жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож буй харгислал. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
МАНСУУРАГЧИД АМЬТАНЛАГ ШИНЖ ЧАНАРТАЙ БОЛДОГ
ДЭМБ-аас тодорхойлсноор донтох эмгэгтэй хүнийг эмчлэх нь уушгины хатгалгаа оноштой 60 хүнийг эмчлэх хэмжээний ур чадвар, хүчин чармайлт, мэдлэг зарцуулдаг байна. Хар тамхины нөлөөгөөр хүнд зөвхөн амьтанлаг шинж нь үлдэж, нийгэмшсэн зан чанар алга болдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн мансууруулах бодист донтсон хүн уцаартай, ой санамж буурах, биед зовиуртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг бол цаашлаад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, хяналтаа алддагийг шинжлэх ухаанаар нотолсон. Хар тамхи хэрэглэснээр тархины хэдэн мянган эд эс үхдэг бөгөөд давтамжтай хэрэглэвэл мэдрэлийн эсийн тоо цөөрч, орон зайн баримжаа хяналтгүй болдог аюултайг Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн Донтолтын тасгийн сэтгэл засалч, эмч О.Буянхишиг тодотгов. Тэрээр “Донтсон гэдгээ мэдэхгүй яваа хүмуүс нийгэмд олон байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан сэтгэцэд олон шинж тэмдэг үзүүлдэг. Уураг тархинаас авахуулаад дотоод эрхтнийг гэмтээдэг. Төгсгөлийн шатанд орсон хойноо л өөрт нь мэдэгддэг. Энэ юу харуулж байна вэ гэхээр дотор талд нь эдгэшгүй гэмтэл явагдаж байна. Нөгөө талаас ухамсраа захирч чадахгүй, юу хэлж байгаагаа мэдэхгүй болдог” хэмээн тайлбарлав. 
ГААЛИЙНХАН ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ 31 ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Хар тамхи татсан этгээдийг илрүүлж, шийтгэсэн тоо жил ирэх тусам өсч байгаа нь нөхцөл байдал улам бүр дордож, цар хүрээгээ тэлж буйн илрэл юм. Хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлоос нэгэнт хальж, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинжтэй болсон. Тиймээс хар тамхинд орсон залуусаас гадна зохион байгуулагчдыг олж илрүүлэх нь чухал болоод байна. Гаалийнхан сүүлийн гурван жилийн хугацаанд хар тамхитай холбоотой 31 хэргийг илрүүлжээ.
2018 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдлийг таслан зогсоож, 200 гаруй грамм, өнгөрсөн жил 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг таслан зогсоож, 4.5 кг мансууруулах бодисыг хураан харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Иймд хар тамхи, мансууруулах бодис нэвтрэх эрсдэлтэй олон улсын агаарын тээврийн болон өмнөд хөрштэй хил залгаа боомтод шууд болон зайнаас тандах хүчин чадалтай, орчин үеийн 16 нэр төрлийг багаж, төхөөрөмж суурилуулаад байгаа юм.

С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан